Шууд Chart

“Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төсөл хэрэгжиж эхэллээ

2022-10-27 16:45:08

Төслийг “Боловсролын дэлхийн түншлэл” (GPE) байгууллагаас боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг болгон үзүүлсэн 5.00 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яам (БШУЯ) 2022-2025 онд хэрэгжүүлнэ.

Төсөл нь боловсролын салбарын тэргүүлэх гурван чиглэл болох "Тэгш хамруулан сургах боловсрол", "Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ" болон "Хосолсон сургалт"-ыг хөгжүүлэхэд чиглэгдэх бөгөөд Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), Бүгд найрамдах Солонгос улсын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (КОЙКА), Хүүхдийг ивээх сан болон Монгол дахь хөгжлийн бусад түнш энэхүү хөтөлбөрийг дэмжин ажиллана. Хүүхдийг ивээх сан нь Боловсролын дэлхийн түншлэлийн Монгол дахь төлөөлөл болж, төслийн санхүүжилтийн зохицуулагч (Grant Agent)-аар ажиллах бөгөөд төслийн хэрэгжилтэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх,  хяналт тавих, санхүүжилтийг зохицуулах үндсэн чиг үүрэгтэй оролцоно. Ёслолын арга хэмжээнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тэргүүтэй төсөл хэрэгжүүлэгч талууд оролцож үг хэллээ.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан: “Энэ төсөл гурван хэсгээс бүрдэнэ. Нэгдүгээрт, боловсролд тэгш хамрагдаж чадахгүй байгаа суралцагч бүрт шаардлагатай дэмжлэг үзүүлэх, багшийг чадавхжуулах, орчинг бий болгоно. Хоёрдугаарт, сурагчдыг шим тэжээлтэй хоол хүнсээр хангах, хоол зүйчдийг бодлогоор дэмжих, орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр хэрэгжинэ. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 380 мянга орчим хүүхэд үдийн хоолоор өөрийнхөө өдөрт авах илчлэгийг авч байгаа сайн хөтөлбөр байгаа. Энэ бол боловсролын салбар дахь нийгмийн томоохон шинэчлэлийн нэг. Шим тэжээлтэй хоолоор хангах, хоол зүйчдийг бэлтгэх шаардлага байгаа учраас энэ төслийн ач холбогдол их байгаа. Гуравдугаарт, сурлагын хоцрогдлыг арилгах, нөхөх хосолмол сургалтыг нэвтрүүлнэ. Эдгээр чиглэлээр төсөл хэрэгжиж үр дүнд хүрнэ гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээв.

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Кобаяши Хироюки: “Монгол дахь Япон улсын Элчин сайдын яам төслийн түншлэгч, санхүүжүүлэгч, хэрэгжүүлэгч байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах, зохицуулалтыг хангах чиг үүрэгтэй ажиллаж байгаадаа баяртай байна. Япон улс Монгол Улсад буцалтгүй тусламж, хөнгөлөлтэй зээл, хамтын ажиллагаагаар дамжуулан 360 гаруй тэрбум иений тусламж үзүүлээд байна. Үүнээс 40 тэрбум иенийг зөвхөн боловсролын салбарт зарцуулсан. Япон улс Монголын боловсролын салбарт барилга байгууламжийн засвар, өргөтгөлөөс гадна боловсролын чанарыг сайжруулах тал дээр мөн адил идэвхтэй дэмжлэг үзүүлж байна. Цаашид Боловсрол, шинжлэх ухааны яам болон хөгжлийн түншүүдийн хамт Монгол Улсын боловсролын хүртээмж, чанарыг дээшлүүлэхийн төлөө хамтран ажиллахыг хүсэж байна” гэсэн юм. 

Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Монгол дахь суурин төлөөлөгч Танака Шиничи: “ЖАЙКА үржүүлэгч түншлэгчийн хувьд Хүүхдийг ивээх сантай хамтран энэ төсөлд оролцож, “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслийн санхүүжүүлэгч болсондоо баяртай байна. ЖАЙКА-гийн хэрэгжүүлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролыг дэмжих болон сурагчдын үдийн хоол хөтөлбөр энэ сангаас дэмжлэг авах болсон. ЖАЙКА улсын хөгжил хүнээсээ шалтгаална гэсэн үзэл бодлыг баримталж, өнөөг хүртэл боловсролын салбарт хувь нэмрээ оруулж ирсэн” гэв.

БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (КОЙКА)-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын орлогч дарга Канг Жунрёо: “Энэ төсөлд КОЙКА хөгжлийн хамтын түншийн хувьд оролцож байгаадаа таатай байна. Энэ төслийн хүрээнд Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчинг сайжруулж, хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх удирдамж гарын авлагыг боловсруулж, үүнийгээ сургуулиудын хоол үйлдвэрлэлд дагаж мөрдүүлэх юм.  Мөн сургуулийн хоол үйлдвэрлэлийн салбарын чадавхыг бэхжүүлэх төв байгуулна. Түүнчлэн уг салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлж, оролцогч талуудын ойлголтыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллана” гэлээ.

Хүүхдийг ивээх сангийн менежер, Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай: “Бидний хувьд энэ төсөл Монголын боловсролын салбарт шинэ гарц нээж, шинэ боломжийг бий болгоно хэмээн итгэж байна. Төслийн Grant agent буюу санхүүжилтийн зохицуулагчаар Хүүхдийг ивээх сан ажиллаж байгаа. Энэ үүргийнхээ хүрээнд манай байгууллага төслийн хэрэгжилтэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, санхүүгийн зохицуулалтыг хангах, хэрэгжилтэд хяналт тавих, донороос тавигдах шаардлагыг хангуулах, төслийн баримт бичгийг мөрдөж буй эсэхэд хяналт тавьж ажиллах юм. “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих төсөл” амжилттай хэрэгжиж, Монголын олон мянган хүүхдийн эрүүл мэнд, эрдэм боловсролд ахиц дэвшил авчирна гэж найдаж байна” гэж хэллээ.

“Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төсөл нь “Тэгш хамруулан сургах боловсрол”, “Сургуулийн үдийн хоол”, “Хосолсон сургалт” гэсэн гурван бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд хэрэгжих болно. Үүнд:

1)         “Тэгш хамруулан сургах боловсрол”

Нийслэлийн Хан-Уул, Сүхбаатар дүүрэг, Архангай, Сэлэнгэ, Сүхбаатар, Увс аймгийн 18 сургуулийг төсөлд хамруулж, зорилтот сургуулийн 4,693 багшийг чадавхжуулна. Тэгш хамруулах хандлагад тулгуурласан энэхүү сургалтын дүнд төслийн үр шимийг хөгжлийн бэрхшээлтэй 742 хүүхэд шууд, бага болон дунд ангийн 130,766 суралцагч шууд бусаар хүртэнэ.

2)         "Сургуулийн үдийн хоол"

Улаанбаатар хотын 15, алслагдсан орон нутгийн 30 сургууль нийт 45 сургуульд хэрэгжинэ. Эдгээр сургуульд суралцаж буй 6-14 насны 48,000 гаруй хүүхэд уг төсөлд хамрагдан төслийн үр шимийг хүртэх болно. Мөн зорилтот сургуулийн хоол тэжээлийн 36 мэргэжилтэн бэлтгэнэ.

3)         "Хосолсон сургалт”

Улаанбаатар хотын Сүхбаатар, Хан-Уул дүүрэг болон Увс, Ховд, Булган, Сүхбаатар, Дундговь аймгийн 50 сургуулийн 5,000 сурагч, зорилтот сургуульд хүүхэд нь суралцдаг 500 эцэг эх, бага, дунд сургуулийн 1,000 гаруй багш болон боловсролын салбарын 100 гаруй удирдах ажилтныг төсөлд хамруулна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төсөл хэрэгжиж эхэллээ  
Үзсэн: 980 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй