Шууд Chart

"С" болон "D" хэсгийн сүүлчийн тоглолтууд өчигдөр явагдлаа

2022-12-01 09:24:32

"Катар-2022" хөлбөмбөгийн ДАШТ-ий "С" болон "D" хэсгийн сүүлчийн тоглолтууд өчигдөр явагдлаа.

ФРАНЦ-ТУНИС 0:1

Хасагдах шатанд шалгарах эрхээ нэгэнт " хармаалчихсан" Францын шигшээ нөөц бүрэлдэхүүнээ Тунисын эсрэг гаргав. Тунисын Хазри 58 дахь минутад Францын хаалгыг "мялаасны" дараа дэлхийн аваргууд Мбаппе, Гризманн, Дембеле нараа оруулсан ч тооны харьцааг тэнцүүлж дөнгөсөнгүй. Гризманн тоглолтын нэмэлт цагт гоол оруулсан ч VAR отон тоглолт гэж тооцсонгүй ээ. Хэдийгээр хэсгээсээ гарч чадаагүй ч Тунисын хөлбөмбөгчид нүүр бардам нутаг буцах боллоо. Дэлхийн аварга багийг хожиж, дөрвөн оноо авч, Европын аваргын хагас шигшээд үлдэж байсан Данийн дээр бичигдэнэ гэдэг том амжилтаа.

АВСТРАЛИ-ДАНИ 1:0

Уг нь Данид заавал хожил хэрэгтэй , харин Австрали тэнцэхэд бараг гарахаар байсан болохоор Австрали хамгаалж, сөрөг довтолгоо, харин Дани довтолгоо сонгож тоглох учиртай байтал бүүо эсрэгээр болов. Дани тоглолтын турш эрмэлзлэл, зүтгэл муутай үнэхээр үлбэгэр байлаа. Иым баг хасагдах шатанд үлдээгүй нь бараг дээр байх. Австралийн Лекки 60 дахь минутад Шмейхелийн хаалганд гоол оруулснаар " ногоон тив"-ийнхэн түүхэндээ хоёр дахь удаагаа хасагдах шатанд тоглохоор боллоо. Өмнө нь Австраличууд 2006 оны ДАШТ-д хасагдах шатанд шалгарч байв.

АРГЕНТИН-ПОЛЬШ 2:0

Хожихоос өөр гарцгүй болсон Марадонагийн нутгийнхан тоглолтын эхнээс л бүрэн санаачилгыг авч , тоглолт дуусан дуустал илүүрхлээ.

39 дэх минутад Месси 11 метрийн торгуулийн цохилт гүйцэтгэсэн ч Польшийн хаалгач Щчесный амжилттай хаалаа. Щчесный Саудын Арабтай хийсэн тоглолтод мөн " пенальти" хаасан бөгөөд тэр тоглолтын дараа Аргентинтай тоглоход Месси 11 м цохивол хаахад бэлэн хэмээн ярьсан бөгөөд хэлсэн амандаа хүрлээ. Харин Месси ДАШТ-д нийтдээ гурван 11 м цохихдоо ийнхүү хоёрыг нь хаалгалаа. Өмнөх дэлхийн аваргаар Месси Исландын эсрэг "пенальти" алдаж байсан юм.

Польшид өнөөдөр хаалгачаас бусад ёстой " сураггүй" тоглолоо.

Харин Аргентин Мессиг пенальти алдсанаас хойш улам идэвхтэй тоглон хүссэг хожилоо авч, хэсгээ тэргүүлж чадлаа.

МЕКСИК-САУДЫН АРАБ 2:1

Ацтекүүд үнэхээр бүх хүч чадлаа шавхан тоглолоо. Мөн ч олон гоол оруулах боломж гаргасан ч ердөө хоёр гоол л арабуудын хаалганд оруулсан. Тоглолтын үндсэн цаг дуусч байхад Саудын Араб нэг гоол оруулж, тооны харьцаа 2:1 -ээр тоглолт өндөрлөв. Мексикүүд энэ тоглолтод дахиад нэг гоол оруулсан бол плей-оффт шалгарах байв. Харин 2:0 , 2:1 тэдний хувьд огт ач холбогдолгүй. Сүүлийн гоолыг алдаагүй 2:0 -ээр тоглолт дууссан ч Польш, Мексикийн цэвэр болон оруулсан бөмбөгний тоо, хоорондын тоглолтын дүн бүгд адил тул шар хуудас тоолох бөгөөд энэ тохиолдолд ч Польш Мексикийн дээр бичигдэх байсан юм.

Шар хуудас гэснээс Саудын Арабын хөлбөмбөгчид хэсгийн гурван тоглолтод 14 " шар жавтий" хүртэж, ДАШТ-ий хэсгийн тоглолтод хамгийн олон шар хуудас авсан баг гэсэн антирекордын эзэн болжээ.

Ийнхүү хасагдах шатанд одоогийн байдлаар Холланд-АНУ, Аргентин-Австрали, Франц-Польш, Англи-Сенегал хоорондоо учраа таараад байна.

Ц.Энхтүвшин


"С" болон "D" хэсгийн сүүлчийн тоглолтууд өчигдөр явагдлаа  
Үзсэн: 102 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй