Шууд Chart

“Зөвхөн тамирчдаар хязгаарлагдахгүй нийтийн эрүүл мэнд, биеийн тамирт чиглэсэн үйл ажиллагаа явуулахаар зэхэж байна”

2022-12-01 12:20:35

Өдөрлөгөөр Үндэсний шигшээ багийнханд үзүүлдэг спортын эрдэм шинжилгээний орчин үеийн тоног төхөөрөмж, спортын анагаах ухааны эмчилгээ, үйлчилгээ, сэтгэл зүй болон бие бялдрын ерөнхий сорил, үзлэг, оношилгоог танилцуулж, Үндэсний шигшээ багийн 25 спортын тамирчин, дасгалжуулагч, иргэд гээд 300 орчим хүн сайн дураар хамрагдлаа.

Тус төв Үндэсний шигшээ багийн тамирчдад эмнэлгийн тусламжийн үйлчилгээ үзүүлж, тамирчдыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тэмцээн уралдаанд бэлтгэхэд туслах үндсэн үүрэгтэй. Энэ төв бие даасан бүтэцтэйгээр үйл ажиллагаа өрнүүлээд хоёр жилийг үджээ. Өдгөө “Парис-2022” зуны олимп, паралимп, “Милан-2026” өвлийн олимп, паралимпын наадамд бэлтгэгдэж буй тамирчдыг хянаж, дасгал сургуулилтад нь онцгой анхаарч байна.

Түүнчлэн Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвөөр Үндэсний шигшээ багийн 25 спортын 245 тамирчин, нийтийн биеийн тамираар хичээллэгсэд, ахмад тамирчин, дасгалжуулагч, өсвөр, залуучуудын шигшээ багийн тамирчид эмнэлгийн үйлчилгээ авч байгаа юм. Цаашид энэ төв зөвхөн тамирчдаар хязгаарлагдахгүй нийтийн эрүүл мэнд, биеийн тамирт чиглэсэн үйл ажиллагаа явуулахаар зэхэж байгаа аж. Өдөрлөгийн үеэр Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан хэлсэн үгэндээ “Спортын анагаах ухааны төв Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчдаар тогтохгүй иргэдийн дунд үйл ажиллагаа явуулна.  Төв маань цаашид иргэдийг биеийн тамир, спортоор тогтмол хичээллэж байгаа байдлыг хянах, иргэдээс бие бялдрын сорил авах чиглэлийг Биеийн спортын улсын хорооноос гаргаж тавьсан” хэмээн онцоллоо.

Өдөрлөгт Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, гавьяат тамирчин Д.Отгондалай, С.Цэрэнчимэд, М.Анхцэцэг, М.Лхагвагэрэл, Г.Болор-Эрдэнэ, Х.Энхтуяа зэрэг алдар цуутай тамирчин хамрагджээ.


“Зөвхөн тамирчдаар хязгаарлагдахгүй нийтийн эрүүл мэнд, биеийн тамирт чиглэсэн үйл ажиллагаа явуулахаар зэхэж байна”  
Үзсэн: 241 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй