Шууд Chart

Мянган ахмад чууллаа

2023-05-27 12:24:23

Энэ сарын 22 буюу Зуны тэргүүн сарын шинийн 3-нд “Монгол-Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт үйлдвэр"ийг байгуулах тухай “БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд анхны хэлэлцээр хийсний 50 жил, "Эрдэнэт үйлдвэр"-ийн эхний ээлж ашиглалтад орж, анхны баяжмалаа экспортод ачиж, үйл ажиллагаагаа эхэлсний 45 жилийн түүхэн ойн хүрээнд тус үйлдвэрийн Ахмадын нэгдсэн зөвлөлийн санаачилгаар УБЭҮ-ТӨҮГ-ын Ерөнхий Захирлын ивээл дор 1000 ахмадын чуулган зохион байгууллаа.

Чуулганд Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон болон газар, хэлтэс, цехийн удирдлагууд, Орхон аймгийн ахмадын хорооны дарга Л.Бадамхорлоо, үйлдвэрийн анхдагч, ахмадуудын төлөөлөл оролцов.

Уг чуулганы үеэр Эрдэнэт үйлдвэрийн Ахмадын нэгдсэн зөвлөлийн дарга Д.Байгал хэлсэн үгэндээ “Бид ахмадуудынхаа сэтгэл зүй, үйлдвэртээ хандах хандлага, санал хүсэлтийг авах зорилгоор судалгаа явуулсан. Үүний үр дүнд 2300 ахмадаас судалгааны материал ирсэн. Эрдэнэт үйлдвэрээс тэтгэвэрт гарсан нийт ахмадуудын сэтгэл зүй ямар байна, юунд сэтгэл дундуур, хангалуун явдгийг харж болно. Уг судалгааныхаа талаар үйлдвэрийн газрын Ерөнхий захирал болон түүний багийн удирдах зөвлөлд танилцуулсан. Ахмадуудад хандсан бодлого,зорилт, халамж үйлчилгээ, илүү дэвшилттэй болсноор орчин үеийн менежмент, аргачлалаар оновчтой хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэлээ. 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Геологи-минералогийн ухааны доктор (Ph.D) Г.Ёндон хэлсэн үгэндээ “Анхдагч, ахмадуудынхаа үнэтэй үг сургаалыг сонсож, асран халамжлах нь Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдын хүлээх хүндтэй үүрэг, нийгмийн хариуцлага” хэмээн тодотгоод үйлдвэрийн цех тасаг, нэгж бүр ахмад ажилтны туршлага, ажилд хандах хандлагыг ажилтнуудад өвлүүлэх, өндөр насны тэтгэвэрт гарахын өмнөх сэтгэл зүйн бэлтгэлийг хангах, ахмад мэргэжилтний санал санаачилгыг дэмжин ажиллах, 2900 ахмад тус бүрт 350000 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй дэмжлэг олгохыг үүрэг болгож ахмадуудад ээлтэй цехээр Б.Баасансүрэн даргатай Засвар механикийн заводыг шалгаруулж шагнал гардуулав гэж Монголын ахмадын холбооноос мэдээллээ. 


Мянган ахмад чууллаа   
Үзсэн: 394 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй