Шууд Chart

Далдугаар сургуулийн дижитал олимпын танхим нээлтээ хийлээ

2023-05-31 10:16:35

Баянгол дүүрэг дэх ерөнхий боловсролын 70-р тусгай сургуулийн олимп, паралимпын танхим нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд МҮОХ-ны Ажлын албаны дарга Ц.Цэнд-Аюуш, Гадаад харилцааны албаны дарга Б.Баяртуяа, Монголын үндэсний паралимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо, Баянгол дүүргийн БТСГ-ын дарга Г.Батбаяр, Баянгол дүүргийн “Шамони” олимпын зөвлөлийн дарга Ш.Бямбасүрэн тэргүүтэй төлөөлөгчид байлцав.

“Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааны хүрээнд тус сургуулийн хамт олон сурагчдын тусгай хэрэгцээнд тохирсон орчин бүрдүүлж, орчин үеийн виртуал технологиор танхимаа тохижуулжээ. Тухайлбал, өвлийн олимпын хэсэгт виртуал нүдний шил зүүснээр тухайн олимпод очсон мэт сэтгэгдэлийг авч, биеэр мэдрэх боломжтой.   

Түүнчлэн сургуулийн багш нар өвөл, зуны бүх олимпын наадмын бэлгэдэл сахиусыг 3D баримлын шавраар урлан байршуулсан нь анхаарал татахуйц болжээ.

“Манай сургуульд аутизмын хүрээний эмгэгтэй, тархины саажилттай, дауны хам шинжтэй, тулгуур эрхтэний болон хэл ярианы гээд олон төрлийн бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг. Бид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн онцлогийг харуулсан, тэднийг дэмжихэд чиглэсэн байдлаар олимпын танхимаа тохижуулахыг зорьсон” хэмээн 70-р сургуулийн хэл засалч багш Л.Цоггэрэл ярив.

Сургуулийн биеийн тамирын танхимыг “Юнител” группийн санхүүжилтээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан байдлаар засаж тохижуулсан бөгөөд өдгөө тэнд нисдэг таваг, пара бочи, пара бадминтоны секц хичээллэж байна.
Пара бочигийн тамирчин сурагч нь “Парис-2024” паралимпын эрх авах магадлалтай байгааг Монголын үндэсний паралимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо хэлсэн юм.
Өдгөө тус сургууль 331 сурагч, 54 багштайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Танхимын нээлтийн үеэр пара тамирчдыг хөгжүүлэн бэлтгэх үйлсэд олон жил хоёргүй сэтгэлээр зүтгэж буй 70-р сургуулийн хэл засалч багш Л.Цоггэрэлийг МҮОХ-ны “Олимпын алдар” одонгоор, биеийн тамирын багш Л.Очгэрэлийг “Олимпын алтан медаль”-иар тус тус шагнав.

Энэ үеэр тус сургуулийн багш нар Монголын тамирчид ирэх жил олимпын наадмаас олон медаль авахыг бэлгэдэн бүтээсэн Парисын олимпын маскот болон эцэг эхчүүд хаягдал цаас ашиглан урласан ваарыг МҮОХ-ны музейд бэлэглэсэн юм.

 

 

 

Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын Хороо 


Далдугаар сургуулийн дижитал олимпын танхим нээлтээ хийлээ  
Үзсэн: 195 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй