Шууд Chart

“Ямааны аж ахуй, сүү үйлдвэрлэл” сэдэвт олон улсын бүсийн хэлэлцүүлэг боллоо

2023-05-31 13:50:08

Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад гишүүнээр нэгдэж орсны 50 жилийн ойн хүрээнд Дэлхийн сүүний өдрийг угтан Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газраас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөр, Олон улсын сүүний холбоо, Энэтхэг улсын Ямаа судлалын төв хүрээлэн, Бангладеш улсын Мал аж ахуйн үйлчилгээний газар, Индонези улсын Үндэсний судалгаа шинжилгээ, инновацын агентлаг, Хятад улсын Мал аж ахуйн ассоциаци, Израйл улсын Сүүний сургуультай хамтран Ази тивийн сүүний түншлэлийн ээлжит хэлэлцүүлгийг “Ямааны аж ахуй, сүү үйлдвэрлэл” сэдвийн хүрээнд 2023 оны тавдугаар сарын 30-нд зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг нээж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа, Энэтхэг улсын Ямаа судлалын Төв хүрээлэнгийн захирал, доктор Маниш Кумар Чатли нар үг хэлэв.

Бүс нутгийн цахим хэлэлцүүлгийг Ази тивийн сүүний түншлэлийн зохицуулагч, Нарийн бичгийн дарга нарын газрын гүйцэтгэх захирал Б.Батбаатар хөтлөн явууллаа. Цахим хэлэлцүүлэгт Энэтхэг улсын Ямаа судлалын төв хүрээлэнгийн захирал, доктор Маниш Чатли “Энэтхэгийн ямааны аж ахуй, сүү үйлдвэрлэл” сэдвээр, Бангладеш улсын Загас, мал аж ахуйн яамны Мал аж ахуйн үйлчилгээний газрын Малын үржлийн нэгжийн эрхлэгч, доктор Голам Азам “Бангладешийн ямааны аж ахуй, сүү үйлдвэрлэл” сэдвээр, Хятад улсын Мал аж ахуйн ассоциацийн Ямаа судлалын салбарын шинжээч, Баруун хойд Хятадын хөдөө аж ахуйн шинжлэх ухааны сургуулийн профессор, доктор Сонг Юушуань “Хятадын ямааны аж ахуй, сүү үйлдвэрлэл” сэдвээр, Индонези улсын Үндэсний судалгаа, шинжилгээ, инновацын агентлагийн ахлах судлаач, доктор Лиза Прахарани “Индонезийн ямааны аж ахуй, сүү үйлдвэрлэл” сэдвээр, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Малын генетик нөөцийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, доктор Ц.Мөнхнасан “Монгол Улсын ямааны аж ахуй, тулгамдсан асуудал, хөгжлийн боломж” сэдвээр, Израйлын туршлага, сүүний сургуулийн зөвлөх, доктор Хайм Лейбович “Израйлын ямааны аж ахуй, сүү үйлдвэрлэл” сэдвээр тус тус илтгэл тавьж мэдээлэл хийлээ.

Хэлэлцүүлэгт Монгол, Энэтхэг, Индонези, Хятад, Бангладеш, Израйл, Филиппин, Тайланд, Казакстан, Турк, АНУ, Бельги, Непал, Кени, Бутан улсаас 40 гаруй хүн цахимаар оролцсон юм.

Хэлэлцүүлгээс дүгнэхэд, Ази тивд ямааны тоо толгойгоор тэргүүлэгч улс орнуудын аж ахуй, сүү үйлдвэрлэл нь зах зээлийн эргэлтэд зохистой орж чадаагүй, өрхийн аж ахуйд хэт суурилсан, малын үржлийн ажил үйлчилгээ дутмаг, санхүүгийн дэмжлэг сул, нийлүүлэлтийн болон нэмүү өртгийн сүлжээ бүрдэж чадаагүй, тэжээлийн зардал өндөр, бүтээгдэхүүн хөгжүүлэлт сул, бүтээгдэхүүний аюулгүй байдал хангагдаагүй зэрэг олон нийтлэг асуудал тулгарч байна. Гэхдээ Ази тив нь дэлхийн ямааны сүү үйлдвэрлэлийн 56 хувийг бүрдүүлж, цаашид сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ тасралтгүй нэмэгдэж байна. Ямааны сүү нь хүний эрүүл мэндэд нэн тустай, шим тэжээллэг чанартай тул бодлогоор анхаарч хөгжүүлэх шаардлагатай байна.

Хэлэлцүүлгээс Азийн улс орнууд үр ашигтай ямааны аж ахуйн мэдлэг, туршлагыг харилцан судлах, салбарын судалгаа шинжилгээг дэмжих байнгын ажлын хэсгийг Ази тивийн сүүний түншлэлийн хүрээнд байгуулах, бүс нутгийн ямааны аж ахуйг тогтвортой хөгжүүлэх чиглэлд цаашид хамтран ажиллахаар тогтлоо.

Эх сурвалж: ХХААХҮЯ


“Ямааны аж ахуй, сүү үйлдвэрлэл” сэдэвт олон улсын бүсийн хэлэлцүүлэг боллоо  
Үзсэн: 508 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй