Шууд Chart

ТББХ: Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

2023-05-31 14:28:07

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд танилцуулсан юм.

Тэрбээр, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон Тамгын газраас төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг иргэдэд тайлбарлан таниулж, иргэдийн саналыг сонсох ажлыг улс орон даяар зохион байгуулж ажиллалаа.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын 2023 оны 37 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр судлаач эрдэмтэд, хуульч, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Үндсэн хууль тогтоогчдын төлөөллийг оролцуулан өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр хуралдсан бөгөөд 30-ны өдрийн хуралдаанаараа нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн “Монгол Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын сонгуулийг олныг төлөөлөх болон хувь тэнцүүлэн хуваарилах тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын далан зургаан гишүүнийг олныг төлөөлөх, тавин гишүүнийг хувь тэнцүүлэн хуваарилах сонгуулийн аргын үндсэн дээр сонгоно.” гэсэн саналыг “Монгол Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын далан найман гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно.” гэж өөрчлөн найруулах саналыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.

Түүнчлэн нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн дэмжлэг авсан саналыг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд нэмж тусгасан хэмээсэн. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх тухай асуудалтай хамт шударга сонгууль явуулах тухай ярих ёстой. Энэ бол ард түмний хүсээд байгаа гол зүйл. Сонгуулийн санал авах машины программын хугацаа нь хэтэрчихсэн. СЕХ-ноос программ хангамжийн асуудлыг шийдвэрлэхэд 21 тэрбум төгрөг шаардлагатай гэж 2023 оны төсвийн төсөлд тусгуулахаар санал өгсөн ч Засгийн газар тусгаагүй. Дараа нь Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр энэ асуудал яригдсан ч тэрхүү саналыг дэмжээгүй. Энэ асуудлыг төсөвт тодотгол хийхдээ шийдэж өгөхийг хүсч байна хэмээсэн.

Хуралдаан даргалагч Н.Энхболд, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн асуудлыг хэлэлцсэний дараа сонгуулийн хуулийн төслөө хэлэлцэхээр төлөвлөсөн. Аливаа сонгууль ямар ч журам, хуулиар явсан эцсийн дүндээ түүний легитим чанар нь баталгаатай байх нь чухал. Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг, СЕХ, УИХ, Засгийн газар онцгой анхаарч ажиллана гэсэн хариулт өгсөн.

Дараа нь УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын дарга Г.Занданшатар, Сонгуулийг шударга зөв явуулах асуудал хөндөгдөж байна. Сонгуулийн санал авах машины лиценз, программыг шинэчлэх асуудлыг цогцоор  нь шийдэхгүй бол болохгүй гэдгийг протоколд тэмдэглүүлж байна гэлээ.

УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Өдгөө парламентын 76 гишүүнийг эрх мэдлийн оргил дээр байдаг гэж ойлгодог болсон. Гишүүд гүйцэтгэх засаглалын ажил руу орж, Монгол Улс бүхэлдээ 76 Ерөнхий сайдтай болж хувирсан. Энэ бүх зүйлээс болж улс төрийн томоохон асуудал шийдэхдээ барьцаанд ордог, бойкот хийдэг нөхцөл байдал 30 жилийн хугацаанд бий болсон. Зоригтой шийдэл гарган, эрх мэдлийн хэт төвлөрлийг задлах шийдвэр гаргах гэж буй гишүүддээ баярлаж байна. Үндсэн хуулийн өөрчлөлт батлагдсанаар цаашдаа УИХ-ын гишүүн байх нь сонирхолтой зүйл биш болж хувирна. Бизнесийн зарчмаар энд орж ирэх ямар ч ашиггүй болж хувирна. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хөндсөн асуудалд анхааралтай хандана. Үндсэн хуулийн өөрчлөлт батлагдсанаар зөвшилцлийн ардчилал руу орно гэсэн үг хэмээлээ.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Түүхэн өөрчлөлтийн асуудлаар байр сууриа илэрхийлэх хүсэлтэй байна. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт үр дүнгээ өгч байна. Тухайлбал ард түмний засаглах эрхийг хангах, иргэдийн мэдээлэл авах эрхийг баталгаажуулах, намуудын дотоод зохион байгуулалт ил тод байдал зэрэг асуудлууд тусгагдсан. Энэ дагуу УИХ-аас Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг баталсан. Энэ бол 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн амин сүнс, үзэл санаа хэрэгжих процесс үргэлжилж байна. Тиймээс энэ удаагийн Үндсэн хуульд оруулах өөрчлөлт бол 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үргэлжлэл, дутуугаа гүйцээж байгаа ажил гэж ойлговол сая зөв болно. Өнөөдрийн геополитикийн үндэслэл, шаардлага, нийгэм, улстөр, эдийн засаг, хууль зүйн шаардлага гэсэн дөрвөн үндсэн шаардлагыг харгалзан үзэж Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг дэмжиж байгаа юм гэлээ.

Дараа нь санал хураалт явууллаа. Монгол Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн 1 дүгээр зүйл буюу Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын сонгуулийг олныг төлөөлөх болон хувь тэнцүүлэн хуваарилах тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын далан зургаан гишүүнийг олныг төлөөлөх, тавин гишүүнийг хувь тэнцүүлэн хуваарилах сонгуулийн аргын үндсэн дээр сонгоно.” гэснийг “Монгол Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын далан найман гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно.” гэж өөрчлөн найруулах саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар дахин санал хурааж, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжлээ.

Дараа нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав.  

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын 2023 оны 37 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг 2023 оны 05 дугаар сарын 26, 30-ны өдрүүдэд хуралдаж нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төсөлд нэмж тусгасан хэмээн тус ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд танилцуулсан юм.

Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.1 дэх хэсэгт заасан гүйцээн боловсруулах чиглэлийн дагуу төслийн 2 дугаар зүйлийг “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдах Улсын Их Хурлын бүрэн эрх хэрэгжиж эхлэх хүртэл 2020 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Улсын Их Хурал бүрэн эрхээ хэвээр хадгална” гэж өөрчлөх саналыг Ажлын хэсгээс гаргасан. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.3 дахь хэсэгт заасны дагуу хураалгахаар 2 зарчмын зөрүүтэй санал Байнгын хороонд оруулж байна гэлээ.

Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл дэх “мажоритар” гэдгийг олныг төлөөлөх гэж, “пропорционал” гэдгийг хувь тэнцүүлэн хуваарилах гэж нэг мөр ойлгож, хэрэглэх талаар хуралдааны тэмдэглэлд тусгуулсан юм.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсний дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасныг баримтлан 1 санал хураасан бол хуулийн төслийн зарим заалтаар дахин санал хураах шаардлагатай гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасныг баримтлан хоёр санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


ТББХ: Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ  
Үзсэн: 463 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй