Шууд Chart

Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн үр дүнг танилцуулах уулзалт боллоо

2023-06-02 13:52:59

Швейцарын хөгжлийн агентлаг /ШХА/-аас Монгол Улсад Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийг 2015-2022 оны хооронд Азийн сан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран хэрэгжүүлсэн.

Монгол Улсад хэрэгжсэн уг төслийн хэрэгжилт, сургамж, үр дүнгийн талаар Камбожийн Хаант Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс болон Тажикстан улсуудын холбогдох төрийн дээд шатны албан хаагч, ШХА-ийн төлөөлөлд танилцуулах уулзалт боллоо.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Швейцарын Холбооны улс нь 2012 оноос эхлэн Швейцарын хөгжлийн агентлагаар дамжуулан гурван үе шат бүхий Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар Монгол Улсын Засгийн газарт төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, үр ашигтай, хариуцлагатай хүргэхэд дэмжлэг үзүүлж ирсэн. Хотод гарсан эерэг үр дүнгийн нэг бол чадавхыг бэхжүүлэх хөтөлбөрүүд юм. Тухайлбал “Хүний нөөцийн хөгжлийн төв” байгуулагдаж 21,000 гаруй төрийн албан хаагчдыг сургаж, дадлагажуулсан. Байгууллага, ААН бизнес эрхлэгчдэд олгодог 74 тусгай зөвшөөрлийг цахимжуулсан. Мөн орон нутгийн хөгжлийн сан, төсвийг ил тод нээлттэй болгож, иргэн бүр хяналт тавих боломж бүрдсэн. Төслийн хүрээнд хийгдсэн ажлууд одоо ч үргэлжилсээр байгаа бөгөөд цаашид илүү сайжрах боломжтой гэж харж байна” гэлээ.

Хотын засаглалыг сайжруулах төслийн хүрээнд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөтөлбөрт иргэдийн саналыг төлөвлөлт, шийдвэр гаргах явцад тусгасан. Энэ хүрээнд ОНХС-гийн үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор цахим санал асуулгыг үе шаттайгаар 2018 оноос зохион байгуулсан юм. Энэ талаар Нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба “Өнгөрсөн онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний хүрээнд 369,656 иргэн цахимаар санал өгсөн. Иргэд нийтийн тээвэр, автобусны чиглэлийг нэмэгдүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлт, цэцэрлэг, сургуулийн тоог нэмэгдүүлэх, өргөтгөх, авто зам, гүүрэн байгууламжийг засварлах, нийтийн эзэмшлийн зам талбайг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй болгох зэргээр өөрсдийн тулгамдаж буй асуудлууд дээр саналаа илэрхийлсэн. Цахимаар санал авснаар гэр бүлийн гишүүн бүр саналаа өгөх боломж бүрдэж байгаагаас гадна төрийн албан хаагчийн ачааллыг бууруулах, нэмэлт мэдээлэл өгөх зэрэг олон давуу тал бий болсон” гэв.

Швейцарын хөгжлийн агентлаг нь дээрх улсуудад төвлөрлийг сааруулах томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөлтийн буюу бэлтгэл ажлын үе шатандаа явж байгаа аж. Улмаар туршлага судлах хүрээнд манай улсад энэ сарын 29-ний өдрөөс зургаадугаар сарын 2-ны өдрийг хүртэл албан айлчлал хийж байгаа юм.

 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ


Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн үр дүнг танилцуулах уулзалт боллоо  
Үзсэн: 261 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй