Шууд Chart

“Гоёл кашмер” компанийн ажилчдын орон сууц ашиглалтад орлоо

2023-06-06 11:39:15

Үндэсний үйлдвэрлэгч “Гоёл кашмер” компани салбартаа үлгэр жишээ байгууллагын соёлыг бий болгож, эх хүүхдийн амрах өрөө, ажилчдад үйлчлэх эмч, бариа засалч, тохилог ресторан зэргийг ашиглалтад оруулснаас гадна ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор хүүхдийн цэцэрлэг бүхий 85 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа.

Шинэ үйлдвэр, ажилчдын орон сууц, ажиллагсдын чөлөөт цагаа өнгөрүүлэх бясалгал, иог, бүжгийн клуб, ресторан, нэрийн барааны дэлгүүр зэрэг энэхүү цогц бүтээн байгуулалтыг ашиглалтад оруулж буйд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлснийг сайдын зөвлөх Б.Батбаатар уламжилсан юм.

“Гоёл кашмер” компани 2005 онд ноос, ноолууран сүлжмэл оёмол, нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдаа чиглэлээр үүсгэн байгуулагдсан цагаасаа алхам алхмаар өргөжин тэлсээр, өдгөө үйлдвэрлэлийн цогц бүтээн байгуулалтыг хийж, ажлын байрыг нэмэгдүүлэн, экспортыг дэмжин, олон улсын санхүүжилт татан төвлөрүүлж, улс орныхоо эдийн засагт хувь нэмэр оруулж, 18 жилийн турш тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна. Гайхалтай урласан ноолууран хувцас бүтээх алсын хараан дор нэгдсэн 250 гаруй ажилтантайгаар Монгол орныг дэлхийд төлөөлөх нүүр царай болон амжилттай ажиллаж байгаа билээ.

Тус компани өнөөдрийн байдлаар жилдээ 8,000 гаруй загвар 350,000 гаруй ширхэг сүлжмэл, нэхмэл, оёмол, ширмэл бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх хүчин чадалтай, цогц үйлдвэрлэлтэй. Дотоодын хэрэглэгчдэдээ эх орны баруун хязгаар Алтайн уулсаас, Дорнын их тал хүртэл орон даяар 10 гаруй салбар дэлгүүр, олон улсад Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын татваргүй барааны хэсгээс эхлэн Ази, Европ, Америк тив дамнасан 15 орчим улсад хамтрагч, түншүүдээрээ дамжуулан үндэсний баялаг монгол ноолуураа экспортолж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ


“Гоёл кашмер” компанийн ажилчдын орон сууц ашиглалтад орлоо  
Үзсэн: 252 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй