
Австрали, Их Британи, АНУ хамтарсан батлан хамгаалахын “АUKUS” эвслийн хүрээнд цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоц бүтээх ажлаа нэг шатаар ахиулжээ. Дөрвөн тэрбум фунт стерлинг буюу 4,9 тэрбум ам.долларын өртөгтэй энэ хэлцлийг Британий гурван томоохон компанид хариуцуулахаар гэрээ хэлцэл байгуулж дуусжээ. Их Британий БХЯ-ны сайд Грант Шэппс өчигдөр Манчестрт болсон Консерватив намын бага хурал дээр энэ тухай зарласан байна.
Энэ сайдын мэдэгдсэнээр, хэлцлийг Их Британий зэвсэг үйлдвэрлэгч хамгийн том компани BAE Systems, Rolls-Royce болон Babcock гэсэн гурван компанитай байгуулсан байна.
Өчигдөр зарласан санхүүжилт 2028 он хүртэл орох учраас төслийн нарийвчилсан ажлууд эхлэх боломжтой болж байгаа гэдгийг BAE systems компанийн зүгээс мэдээлжээ. Шинэ шумбагч онгоц бүтээх ажлаа энэ арваны төгсгөлөөс эхлүүлж, харин нийлүүлэлт нь 2030 оны сүүлээр эхлэх төлөвлөгөөтэй байгааг компанийн төлөөлөл мөн мэдэгдсэн байна. Ази Номхон далайн бүс нутаг дахь Хятадын нөлөөг тэлэхээс болгоомжлох хүрээндээ АНУ, Их Британи хоёр Австралид атомын шумбагч онгоцуудаа сэлгэн байрлуулах амлалтыг өгсөн. Цөмийн шумбагчуудын эхнийхийг Их Британид босгох бол, 2040 оноос үйлдвэрлэлийг цаашид Австрали руу шилжүүлэхээр мөн төлөвлөсөн байна. Цөмийн эрчим хүчээр ажилладаг шумбагч онгоцнууд нь усан дор ердийн шумбагч онгоцоос хавьгүй удаан ажиллах зэргээр өөр бусад олон давуу талтай байдаг юм байна. Их Британи даяар 39600 мянга гаруй ажилчинтай, харин дэлхийн хэмжээнд 93 мянга давсан ажиллагсадтай BAE компани, өөрт нь шинээр бүтээгдэх цөмийн хөдөлгүүрт шумбагч онгоц Британийн хааны усан цэргийн флотын нөөц дэх ижил төрлийн шумбагчуудаас хамгийн хүчирхэг, бас хамгийн дэвшилтэт дайралтын хүчин чадалтай байх болно гэж мэдэгджээ. Номхон далайн бүсэд Хятад улс цэргийн хүч нөлөөгөө тэлж идэвхжүүлж байгаагийн хариуд АНУ, Их Британи, Австрали улсууд батлан хамгаалах АУКУС эвслийг одоогоос 2 жилийн өмнө буюу 2021 оны 9 сарын 15 байгуулсан.
Ингэхдээ хиймэл оюун ухаан, кибер механизм зэрэг сүүлийн үеийн хамгийн дэвшилтэт технологид суурилсан цэрэг зэвсгийн үйл ажиллагаагаа нэгтгэн зангидах амлалтууд өгдөг байна. Энэ ч үүднээсээ цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоц хамтран бүтээх төлөвлөгөөг энэ оны 3-р сард анх зарласан юм байна. Хятад улс харин АУКУС эвсэл байгуулагдсаныг “хүйтэн дайны үеийн сэтгэлгээ”-ний ул мөр, Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн байдлыг тогтворгүй болгоход хүргэж буй маш хариуцлагагүй алхам гэдэг байр суурийг илэрхийлсээр байгаа юм.
Их Британи улс цөмийн шумбагч онгоц бүтээх 4 тэрбум ам.долларын хэлцэл байгуулжээ | ||
Үзсэн: 631 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.