
Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөж, түгжрэлийг бууруулах Туулын хурдны зам төслийг Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд хэрэгжүүлж байна. Тус төслийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчээр Хонгконгийн “ХаоЮань групп” ХХК шалгарч, ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяраас зарим зүйлийг тодруулж, ярилцлаа.
-Монгол Улсад анх удаа хот доторх Туулын хурдны замын хэмжээний томоохон авто замын бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд бэлэн болжээ. Аливаа ажлын эхлэх хүртэлх зам хамгийн урт гэдэг. Туулын хурдны замыг барьснаар яг ямар үр дүн гарах юм бэ?
-Туулын хурдны замыг барих гүйцэтгэгчийг олон улсын нээлттэй тендерээр шалгаруулж, Хонгконгийн ““ХаоЮань групп” ХХК шалгарч, гэрээний хэлэлцээрт ороход бэлэн болоод байна. Ирэх долоо хоногт буюу наймдугаар сарын эхээр авто замын ажлыг эхлүүлнэ. Туулын хурдны замын тендер сонгон шалгаруулалтыг 2025 оны нэгдүгээр сард зарлаж, ТЭЗҮ-ийг шинэчлэн боловсруулах, замын трассын бодит судалгаа, олон улсын туршлага судлах, газар чөлөөлөх зэргээр бэлтгэл ажлууд хийгдэж ирлээ. Нийслэл 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил”-ээр нэрлэж, хотод хамгийн их тулгамдаад байгаа түгжрэл, агаарын бохирдол, эрчим хүч зэрэг асуудлыг шийдвэрлэхээр 24 мега төслийг гараанаас гаргаж байгаагийн нэг нь Туулын хурдны зам. Туулын хурдны зам, Шинэ тойрог замтай хамтаар баригдсанаар түгжрэлд хамгийн өндөр үр дүнгээ үзүүлж, нийтдээ 40 гаруй хувиар түгжрэлийг бууруулна. Энэ бол маш том үр дүн гэж үзэж, хүлээлт өндөр байна.
-Туулын хурдын замын техникийн үзүүлэлтээс товч дурдвал?
-Үндсэн авто замын урт 32 км, үндсэн авто замын эгнээ 6, хоёр түвшний огтлолцол бүхий гарц уулзварыг 7 байршилд шийднэ. Хоорондын зай нь 3-7 км байна. Үндсэн авто замаас гадна холбоос замуудыг барина гэсэн үг. Нийт 9.8 км урт гүүрэн байгууламж, 4 байрлалд туннель барина. Авто замаар дамжих тооцоот хурдыг 80-100 км/цаг гэж тооцоолж байна. Туулын хурдны зам дангаараа замын хөдөлгөөний дундаж хурдыг 13.5 хувиар нэмэгдүүлнэ.
-Байршлын хувьд яг хаанаас хаа хүртэл гэж төсөөлөх вэ?
-Ерөөсөө л хотын зүүн зах буюу Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл Улаанбаатар хотын урдуур буюу Богд уулын энгэрээ дагаж 32 км тасралтгүй үргэлжилнэ. Дундуур нь 7 орц гарцтай. Олон улсын экспресс зам байдлаар гэрлэн дохиогүй үргэлжилнэ гэж тооцоолж байгаа. Хурдны зам дундуур орц гарцыг шийдэж өгснөөр Энхтайваны гүүр, Яармагийн гүүр, Наадамчдын гүүр, Сонсголонгийн гүүр зэргээр дамжин өнгөрөх Улаанбаатар хотын төвийн хэсгийн ачааллыг хуваалцаад зогсохгүй одоогийн асуудал болоод байгаа Нисэх, Яармагийн түгжрэлийг арилгана гэж тооцож байна.
-Туулын хурдны замыг хэдий хугацаанд барих вэ. Нэгэнт бариад эхлэх нь тодорхой болсон учраас санхүүжилтийн хувьд л асуудал үүсэхгүй бол барьчих боломжтой санагдаж байна?
-Туулын хурдны замыг богино хугацаанд өндөр үр дүнтэй барьж байж л түгжрэлийг бууруулна. Энэ хүрээндээ бид Улаанбаатар хотын хэмжээнд 2024 онд өмнөх 10 жилийн хугацаанд баригдсан авто замуудаас ч урт авто замыг шинэчилсэн. 2025 онд ч хурдны замтай, олон түвшний огтлолцлол замтай болохын тулд нэгдүгээр түвшний авто замуудын шинэчлэл үргэлжлээд явж байна. Санхүүжилтийн тал дээр барилгын ажил нийт 2.3 наяд төгрөгийн төсөвт өртөгтэй. Нийт өртөгт үндсэн авто зам, гүүр туннель, шугам сүлжээний ажил болон бусад ажлууд багтана. Энэ онд 500 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдсэн. Гүйцэтгэгчээ шалгаруулчихлаа. Ажил явуулахад асуудал байхгүй. 2028 оны наймдугаар сард Туулын хурдны замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээхээр төлөвлөсөн.
-Туулын хурдны замын барилгын ажлыг гүйцэтгэх Хонгконгийн “ХаоЮань групп” ХХК-ийн талаар хүмүүс их сонирхож байгаа байх. Хэр туршлагатай компани юм бэ?
-Туулын хурдны замын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 4 компаниас шалгарсан нь “ХаоЮань групп” ХХК. Энэ компани нь 2008 онд Хонгконгт бүртгэгдсэн. Инженер, худалдаа, логистик, эрчим хүч, ашигт малтмал, хөдөө аж ахуй, авто зам гээд олон салбарт бүтээн байгуулалт хийдэг туршлагатай. Европ, Ази, Африк, Ойрхи Дорнодын улсуудад 10 гаруй салбар компанитай. Малайз, Ангол, Этиоп, Серби, Казахстан, Хятад, Хонгконгт дэд бүтцийн болон хурдны замын төслүүд хэрэгжүүлж байсан. Хүлээлгэж өгсөн төслүүдээс нь дурдвал, Ангол улс Мозамбикийн төмөр замын төсөл, Ангол улс Луандагийн олон улсын шинэ нисэх онгоцны буудлын төмөр замын салбар шугам ба шугамын дагуух таван нэгдсэн төв станцын төсөл, Сербийн 253 км хурдны зам болон E763 хурдны зам, Серби-Унгар-Сербийн төмөр замын төсөл, Казахстан Кама хурдны замын төсөл, Малайзын KKIP баталгаат орон сууцны төсөл, Ангол улсын Онджива хотын усан хангамжийн төсөл, Малайз улсад байгаль орчныг хамгаалах технологи бүхий аюултай хог хаягдлыг боловсруулах иж бүрэн үйлдвэрийн төслийг хэрэгжүүлж байсан. Олон улсын инженерийн салбарт төлөвлөлт, зураг төсөл, барилгын ажлын болон төслийн удирдлагын тэргүүлэх чадвартай. Дотоод, гадаадын олон компани, банк, даатгалын байгууллагатай урт хугацааны тогтвортой хамтын ажиллагаа тогтоосон бөгөөд жилд 2 тэрбум ам.долларын үйлдвэрлэлийн хүчин чадалтай. Туулын хурдны замыг барьж ашиглалтад хүлээлгэн өгөх бүрэн бололцоотой компани гэж үзэж, шалгуур үзүүлэлтүүдтийг хангасан учраас сонгосон.
-Хотоо тойроод 32 км урт үргэлжлэх хурдны замтай болчихвол мэдээж хэнд ч таатай, жинхэнэ бүтээн байгуулалт болно гэж бодож байна?
-Тэгэлгүй яах вэ. Туулын хурдны замаар түгжрэлийг бууруулаад зогсохгүй шүү дээ. Цаашид энэ хэмжээний бүтээн байгуулалтыг улс орондоо хийж чадах юм байна гэсэн урам зориг ч болно. Тиймээс нийслэлийн удирдлага, баг, хамт олон хичээж ажиллаж, төслөө амжилттай хэрэгжүүлнэ. Туулын хурдны зам түгжрэлийг бууруулахаас гадна эдийн засгийн хувьд ажлын байрыг нэмэгдүүлэх, түгжрэлээс үүдэлтэй алдагдсан боломжийг нөхөх, эдийн засгийн эргэлтэд эерэг нөлөөтэй. Жишээлбэл, Улаанбаатар хотын иргэд цаг хугацаа, ажиллах боломж, түлш зэргээ түгжрэлд зарцуулдаг учраас нэг цагт 6500 төгрөг, жилд 3 их наяд төгрөгийг түгжрэлээс болж алддаг байна. Туулын хурдны зам төслөөр энэ алдагдсан боломжийн өртгийг нөхнө. Ингэснээр иргэдийн амьдралын чанар сайжирна. Гол нь стрессгүй амьдарна. “20 минутын хот” төлөвлөлтийг дэмжинэ. Азийн авто замын сүлжээний хөгжлийг дэмжиж, Улаанбаатар хотыг тойрон гарах тасралтгүй хөдөлгөөн бий болсноор хотын төвийн агаарын бохирдлыг бууруулахад ч хувь нэмрээ оруулна. Олон талын ач холбогдолтой төсөл бол Туулын хурдны зам юм.
Б.Одбаяр: Туулын хурдны зам түгжрэлийг бууруулах, амьдралын чанарыг дээшлүүлэхэд өндөр үр өгөөжийг авчирна | ||
Үзсэн: 215 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.