
Япон улсад 2022-2023 оны хичээлийн жилд 299 мянган сурагч сургууль завсардсан гэдэг тоог боловсролын яам нь мэдээллээ. Сүүлийн 10 жилийн турш эрчимтэй нэмэгдэж байгаа энэ үзүүлэлт 2023 оны байдлаар ийнхүү түүхэн дээд цэгтээ хүрснийг мөн дурджээ. Дунд сургуулийн сурагчид сургууль завсардаж байгаа гол шалтгааныг сургуулийн орчин дахь үе тэнгийнхний дээрэлхэлт их байгаатай холбон тайлбарласан байна.
Японы боловсролын яамнаас 2022-2023 оны хичээлийн жилд албан болон албан бус бүх дунд боловсролын хэмжээнд нийт сургууль завсардалтын тоо, сургуулийн орчин дахь үе тэнгийнхний дээрэлхэлтийн тоо мөн үүнээс үүдсэн амь насаа егүүтгэх хэргийн тоог судалж гаргасан байна. Судалгаагаар 30 болон түүнээс дээш хоногоор хичээл завсардсан хүүхдийн тоо өнгөрсөн жил 299 мянга 48 байсан бол энэ жил 22 хувиар өссөн байна. Үүнээс сургууль завсардсан бага ангийн сурагчдын тоо өмнө жилийнхээсээ 5 дахин өссөн бол ахлах болон дунд ангийн сурагчдын тоо хоёр дахин нэмэгдсэн байна.
Харин сургуулийн орчин дахь үе тэнгийнхний дээрэлхэлтийн тоо өмнө жилийнхээсээ 60 мянгаар өсөж, 681 мянга давсан үзүүлэлттэй байна. Үе тэнгийнхний дээрэлхэлтийн ихэнх нь бага ангийн сурагчдын дунд болж байна гэдгийг мөн тоо баримтаар илрүүлсэн байна. Эдгээр хэргүүд дунд 923 тохиолдол нь хохирогч сургууль завсардаж амиа егүүтгэсэн зэргээр хүндэрсэн онц ноцтой хэргүүд байсан юм. Түүнчлэн сургуулийн орчинд сурагчид нэг нэгнээ дээрэлхэх, хохироох үед 40 хувьд нь сургуулийн удирдлагын зүгээс олж мэддэггүй нь цаашид даамжирч, ноцтой үр дагавар гарахад хүргэдэг гэдгийг судалгаагаар харуулсан юм.
Японы боловсролын яамнаас сурагчид амь насаа егүүтгэх нь улам нэмэгдэж байгаа нь үндэстэн даяар анхаарал хандуулах ёстой ноцтой асуудал болоод байна гэдгийг мөн анхааруулсан юм. Үе тэнгийнхний дарамт шахалтаас гадна сурагчид сургууль завсардахад нөлөөлж байгаа бас нэг шалтгаан нь цар тахлаас үүдэлтэй, иргэдийн шилжилт хөдөлгөөн нэмэгдэж, хүүхдүүд сургуулиас сургууль руу шилжих нь нэмэгдсэн гэдгийг мөн онцоллоо.
Түүнчлэн сургуулийн удирдлагууд сургуулийн орчинд дагаж мөрдөхөд хэцүү дүрэм журам баталдаг нь сурагчид хичээлд явахаас халшрах нэг шалтгаан болж байна гэдгийг дурдсан байна. Сургууль завсардалтын тоо нэмэгдэхтэй зэрэгцэн Японд чөлөөт сургууль гэж нэрлэгддэг, сургуульд явдаггүй хүүхдүүдэд тусгайлан хичээл заадаг сургуулиуд өөрсдийн арга барилаа хуваалцаж эхэлсэн байна. Тэдгээр сургуулийн удирдлагын хэлж байгаагаар цар тахлын үеийн хөл хорионоос үүдэлтэй бага дунд ангийн сурагчдын дунд найз нөхдийн харилцаа холбоо үүсгэх нь улам хэцүү болсон.
Мөн хүүхдүүд сургуульд явахаас илүү гэртээ гэр бүлийнхэнтэйгээ хамт байхыг илүүд үзэх болсон байна. Түүнээс гадна урьд нь сургуулиас гадна хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрөөж, хамтдаа өөр зүйлд суралцах орчин нөхцөл элбэг байсан бол сүүлийн жилүүдэд сургуулиас гадуурх дугуйлан, үйл ажиллагаанууд улам цөөрч байгааг тайлбарласан байна.
Томчуудын нүдэнд харагддаггүй олон зүйл сургуулийн орчинд бага насныхны дунд болж байдгийг мөн дурдсан. Тиймээс дан ганц сургууль энэ асуудлыг шийдэх боломжгүй гэдгийг онцоллоо. Сургууль завсардалтыг бууруулж, сургуулийн орчин дахь дээрэлхэлт, таагүй уур амьсгалыг бууруулахын тулд хичээлээс гадуурх үйл ажиллагаа, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин, нэмэлт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ёстойг мөн тайлбарласан юм.
Японд сургууль завсардалт урьд байгаагүйгээр газар авчээ | ||
Үзсэн: 859 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.