Телевизийн салбар техник технологийн өнөөгийн хөгжил дэвшилтэй золгохын өмнө үзэгч олонд мэдээ, нэвтрүүлэг, хөтөлбөрөө хүргэхийн тулд өнөөдрийнхөөс илүү хүнд хүчир үүрэг хариуцлагатай байлаа. Тэр хүнд хүчрийг үүрч ирсэн радио, телевизийн техникийн ажилтнуудын нэг нь МҮОНТ-ийн ахмад уран бүтээлч Бадарчийн Уранчимэг юм.
-Юун түрүүнд танд энэ өдрийн мэнд хүргэе. Таны амьдралын зам жим Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз гэсэн их айлтай хэрхэн холбогдсон бэ?
-Баярлалаа. Би 1974 онд нийслэлийн ерөнхий боловсролын зургаадугаар сургуулийг төгсөөд их сургуульд элсэхээр алгебр, орос хэлний шалгалт өгч тэнцсэн юм. Уг нь би хүнсний технологич мэргэжлээр сурах хүсэлтэй байсан ч их, дээд сургуулийн хуваариудыг хараад “Зурагт, радио /телевиз/-ийн техникч” гэсэн мэргэжил нээх гоё харагдсан. Аавдаа “Би телевизийн хүн болно” гэхэд “Телевизийн мэргэжлээр сурна гэхээр инженер, техникийн хүн болно гэсэн үг” гэхэд нь “Тэр хамаагүй. Би телевизийн л мэргэжил сонгоно” гэж хэлээд одоогийн Украины нийслэл Киев хотын Политехникумын радио, телевизийн техникийн ангид элссэн дээ. Би инкрустация буюу одоогийнхоор бол / Computer-generated imagery (CGI) / сэдвээр дипломоо хамгаалсан. Тухайн үед компьютер байхгүй учир инкрустация хийхэд маш их ажиллагаатай байлаа. Харин Монголд инкрустация нэвтрээгүй байсан үе л дээ. Бүр микросхем /чип/ ч орж ирээгүй, зурагт хар цагаан байсан.
Би 1979 онд сургуулиа төгсөж ирээд шууд одоогийн МҮОНРТ-дээ ажилд орж Орон нутгийн бичлэг ТЖК буюу Явуулын дүрс бичлэгийн албанд техникчээр ажилд орсон.
МИНИЙ ГАР БҮР ЭВЭРШЧИХСЭН
-Явуулын дүрс бичлэгийн алба ямар ажил үүрэг гүйцэтгэдэг байв?
-Ярихаар та нарт инээдтэй санагдах байх. Тухайн үед телевизийн эфир ажлын өдрүүдэд 18:00 цагт эхлээд 23:00 цагт дуусдаг байсан. Телевизийн эфирээ хальсанд бичээд, нэг хальс нэг цагийн бичлэг хийдэг гэхээр бичлэгтэй 5-6 хальс модон хайрцагт хийж лацдаад орой ажил тарахад Холбооны яаманд хүргэж өгдөг. Холбооны яам Дархан-Уул, Орхон, Дорноговь, Дорнод зэрэг аймгийн төв рүү явуулдаг байлаа. Өнөөдөр эфирээр гарсан нэвтрүүлэг орон нутагт нэг өдрийн дараа гардаг байсан юм. Манай алба том камер аппараттай, түүнийг дагалдах хэрэгсэл ч их. Тэр бүхнийг аваад орон нутаг руу их явна. Хоёр билүү гурван жилийн дараа телевизийн эфир орон нутаг руу шууд цацдаг болсон.
Телевиз хар цагаанаас өнгөт рүү шилжих бэлтгэл ажлын хүрээнд 1982 онд дүрсний курст Мишигдорж, санхүүгийн курст Банзрагч, дууны курст би Москва хотод очиж 45 хоног сурч, дадлага хийсэн юм. Телевиз хар цагаанаас өнгөт рүү шилжихэд бүх аппарат техник солигдсон. Орос инженерүүд ч ирж ажилласан. Манай мундаг инженер Цэдэвсүрэн гэж дарга байсан юм. Тэр хүн бүх ажлыг хариуцаж, бүгдээрээ өдөр шөнөгүй ажилласан. Миний гар гагнуур хийгээд бүр эвэршчихсэн. Дүрсний кабелийг тасрахгүй болтол нь гагнах ёстой. Хэрвээ аль нэг хэсэг нь тасарчихвал дүрс сарнина, алга болно. Телевиз хар цагаанаас өнгөт рүү шилжсэний дараа би эфирийн дууны техникчээр ажилласан. Дараа нь 1987 оноос монтажчин буюу эвлүүлэгчээр ажиллаж байгаад 1992 оноос ММ /“Монголын мэдээ” агентлаг. ММ агентлаг 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхэлж мэдээллийн төрөлжсөн суваг болон өргөжсөн сурв./-д ажилласан. Тухайн үед одоогийн УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, М.Оюунчимэг, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ц.Мөнхтөр ММ-ийг удирдаж байлаа. Би “Монголын мэдээ”-дээ ажиллаж байгаад 2013 онд тэтгэвэрт гарсан.
-Телевизийн салбарын техник технологи өнөөгийн хөгжил дэвшилтэй золгохын өмнө техникчид маш хүнд хүчир ажлуудыг нугалдаг байсан юм билээ.
-Юм юм л хийнэ. Дуу, дүрсний техникийн үзүүлэлтийг хянана, эвлүүлэг дээр ажиллана. Телевизийн нэвтрүүлгийг тэр үед том аппаратууд дээр монтажилдаг байсан. Би телевизийн дууны хэмжилтэн дээр ажилладаг байлаа. Шуум орж байна уу гэдгийг шалгана. Дууны хоёр кабель санаандгүй байдлаар давхарлагдчихвал дуу “бохир” сонсогдоно. Яагаад “бохир” сонсогдоод байгаа асуудал, шалтгааныг нь олж, засна. Техникийн эвдрэл гэмтлийг цөмийг засдаг байсан.
Долоо хоногийн даваа гараг болгон дүрс, дууны хэмжилт явагддаг. Хэмжилтээр үзүүлэлтэд хүрэхгүй, жаахан л буруу гарвал хариуцаж байгаа инженерүүд засна. Тэр үед даваа гарагт зурагт гардаггүй байлаа шүү дээ, санаж байна уу.
Урлагийн гавьяат зүтгэлтэн, “The Voice of Mongolia” шоу нэвтрүүлгийн шүүгчээр ажилласан С.Ононбат мөн найруулагч Р.Тулга сургуулиа дөнгөж төгсөөд телевизэд туслахаар ажиллаж байлаа. С.Ононбатын ээж нь манайд ажилладаг байсан юм. Тухайн үед бүх л аппарат гар ажиллагаа ихтэй. Одоо бол телевизийн техник технологи хөгжөөд, тэр үеийнхтэй харьцуулахад амар болсон.
Мөн телевизийн нэвтрүүлгийг эфирт гарахаас нь өмнө хяналтын алба техникийн зүгээс эхэлж үзэж шалгана. Мөн уран сайхны хяналт үзнэ. Үзүүлэлт, шаардлага хангасны дараа эфирээр гарна.
МӨНГӨ ХӨӨСӨН ХҮН БОЛ ӨӨР АЖИЛ ХИЙНЭ ШҮҮ ДЭЭ. АЖИЛДАА ДУРТАЙ ХҮМҮҮС Л ЭНД АЖИЛЛАЖ БАЙГАА
-Түүхэнд тэмдэглэгдэн үйлдсэн болон олон нийтийн анхаарлыг татсан олон үйл явдлын үеэр та ажил үүргээ гүйцэтгэж байсан байх. Хамгийн дурсамжтай нь ямар үйл явдал байв?
-Зөндөө зөндөө. Сонгуулиудын үеэр ачаалал их. Ирсэн дүрсүүдийг гялс гялс эвлүүлнэ. Манай сэтгүүлч, зураглаач нар ч хурдан ажиллана. Анх бол компьютер байгаагүй авчирсан дуу, дүрс болгоныг том аппаратан дээр монтажилна.
Найруулагч Энхболд сайн мэднэ дээ. Би ганц л үйл явдлын эвлүүлгийг хийхдээ дандаа уйлдаг юм. Юуны эвлүүлэг гээч Үндэсний их баяр наадмын хурдан морины эвлүүлэг. Манай Соёлын гавьяат зүтгэлтэн, тоймч Ж.Алтангэрэл морины сурвалжилгад их явна. Би ер нь наадмаар ээлжийн амралт авч үзээгүй. Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны эвлүүлэг хийх гэхээр л миний нулимс гарна, бариа руу ирж байгаа морьдыг хараад л уйлаад унана. Морь ярихаар л ингээд нулимс гараад байдаг юм.
Ярихаар л нулимс гарч байгаа юм чинь эвлүүлэг хийхээрээ бүр уйлна, нулимсаа арчаад л, нулимсаа татаад л эвлүүлгээ хийнэ. Би морины зүс мэдэхгүй, уяач нарыг ч танихгүй. Бариа руу орж ирж байгаа морь, унасан хүүхдийг харахаараа уйлахгүй байж чаддаггүй юм. Ямар сайн даа Энхболд найруулагч намайг чөлөөлж, өөрөө эвлүүлэг хийх гээд “Уранчимэг ээ бос. Морь ирсэн” гэж надад хэлдэг байж билээ. Би одоо ч Үндэсний их баяр наадмын хурдан морьд барианд орохыг зурагтаар хараад уйлчихдаг.
-Таны ажил мэргэжлийн жаргал, зовлон нь юу байв?
-Бидний цалин мөнгө тийм ч их биш шүү дээ, бага байсан. Одоо ямар гэдгийг мэдэхгүй байна, бодвол бага байх. Сэтгэлээрээ л ажилладаг болохоор бидэнд цалин мөнгө сонин биш байсан. Тухайн үед “Цалингаа аваад өрөнд өгөөд дуусчихлаа” гэсэн яриа явдаг л байсан. Тэр уран бүтээлчид сэтгэл зүрхээрээ хөглөгдөж ажилладаг болохоор, ажилдаа дуртай болохоор л радиодоо, телевиздээ үргэлжлүүлэн ажиллаж байгаа, тэтгэвэртээ гарах нь гарсан. Би ер радио, телевизийнхээ уран бүтээлчид, ажилтнуудыг ажилдаа дуртай болохоор л ажилладаг гэж боддог. Тэрнээс мөнгө хөөсөн хүн бол өөр ажил хийнэ шүү дээ. Ажилдаа дуртай хүмүүс л энд ажиллаж байгаа. Би ч ажилдаа дуртай.
Эвлүүлэгч нар зураглаач нартай их ойр ажиллана. Баатардорж зураглаачийн авчирсан дүрсийг эхнээс нь сүүл рүү нь хуулаад эфир рүү явуулна. Яагаад гэхээр өөрөө монтажтай авдаг зураглаач. Мөн Өлзийбаяр зураглаач дүрсээ монтажтай авна.
-Та 36 жил Үндэсний баяр, Бүх нийтийн амралтын өдрүүдээр ажилласан уу?
-Бямба гараг ажлын өдөр байлаа. Ээлж таарвал ажиллана, ням гарагт ч гэсэн ажиллана. Мөн Үндэсний баяр, Бүх нийтийн амралтын өдрүүдээр ээлж таарсан үед “би ажиллахгүй” гэх эрх байхгүй шүү дээ. Ажлаа бодсоор “Нээрээ шинэ жил, Цагаан сар болох гэж байгаа билүү” гэх үе ч байсан.
АЖИЛ РУУГАА ОРООД ИРЭХЭД Л ГОЁ МЭДРЭМЖ ТӨРДӨГ
-Тэтгэвэрт гараад ажлаа санадаг байв уу?
-Эхний хэдэн жил “Цагийн хүрд” хөтөлбөрөө алгасалгүй харсан. Би хөдөө явахад газар орны тогтоц, замыг нөхрөөсөө илүү сайн цээжилчихсэн байдаг. Хүний нүүр царайг сайн цээжилнэ. Энэ дандаа дүрсэн дээр ажиллаж байсан болохоор миний ажлын онцлогтой л холбоотой. Дүрстэй их ажилладаг хүн харааны ой тогтоолт сайн болчихдог юм байна гэдгийг тэтгэвэрт гараад мэдсэн. Би ажилтай үедээ хөдөө явах боломжгүй байсан. Учир нь өдөр өдрөөр ээлжээр ажиллана. Маргааш нь ажилтай юм чинь өглөө нь хотоос гарвал орой нь заавал гэртээ ирэхгүй л бол болохгүй.
Одоо би ажил руугаа ирэхээр бол нөхөртөө “Ажлынхаа үнэрийг үнэртчихээд ирье” гэж хэлээд гэрээсээ гардаг юм. Ажил руугаа ороод ирэхэд л гоё мэдрэмж төрдөг. Арга ч үгүй дээ энэ байшинд 36 жил ажиллажээ. Сүүлийн хэдэн ажил ажилласан болохоор ч тэр юм уу ММ-дээ бүр илүү хайртай.
-Бидний урилгыг хүлээн авч цаг зав гарган, халуун дулаан яриа өрнүүлсэн танд баярлалаа.
-Би телевиздээ, энэ байгууллагадаа хайртай. Үзэгч, сонсогчиддоо зориулж сайхан уран бүтээл хийж байхыг залуучууддаа хүсье.
2022 он.
Б.Уранчимэг: Би нэг л үйл явдлын эвлүүлгийг хийхдээ дандаа уйлдаг | ||
Үзсэн: 1399 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих: