2025-2026 оны хичээлийн жилд “Оюутан цэрэг” сургалтад нийт 5000 орчим оюутан хамрагдах хүсэлт ирүүлснээс эрүүл мэнд, бие бялдрын шалгуур хангасан 2300 гаруй суралцагч 2026 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн долоон их, дээд сургуулийн 9 танхимд “Цэргийн ерөнхий бэлтгэл” шатны сургалтад хамрагдаж байна.
Сургалтын хуваарийн дагуу оюутнууд тавдугаар сарын 24-ний өдөр хүртэл танхимын сургалтад хамрагдах бөгөөд зургаадугаар сарын 15-наас эхлэн 56 хоногийн хугацаатай хээрийн дадлага сургуулилалтад оролцон сургалтаа төгсөнө.
Сургалтын хүрээнд ерөнхий тактик, батлан хамгаалах эрх зүй, галын болон тусгай бэлтгэлийн хичээлүүдийг зохион байгуулж байгаа бөгөөд суралцагчдад зориулсан танхимын дотоод журмыг боловсруулан мөрдүүлж байна.

Энэ жилийн сургалт нь хэд хэдэн шинэчлэлээр онцлог болж байгааг зохион байгуулагчид онцоллоо. Тухайлбал, “Оюутан цэрэг” сургалтын агуулгыг шинэчлэн боловсруулж, суралцагч болон багшийн гарын авлагыг бүрэн шинэчилсэн байна. Мөн оюутнуудын бие бялдрыг хөгжүүлэх зорилгоор биеийн тамирын нэмэлт хичээл оруулжээ. Үүнээс гадна бүртгэлийг “E-Mongolia” үндэсний цахим системээр зохион байгуулснаар мэдээллийн давхардал, бүртгэлийн зөрчил бүрэн арилсан байна.
“Оюутан цэрэг”сургалт нь 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эхлэлээ тавьж, 2014 оноос хэрэгжиж эхэлсэн. Улмаар 2016 онд Цэргийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор тус сургалтад сайн дурын үндсэн дээр хамрагдан цэргийн мэргэжил эзэмшсэн оюутнуудыг цэргийн алба хаасанд тооцож, I зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэх эрх зүйн орчин бүрдсэн юм.
2014-2026 оны хооронд нийт 10 мянга гаруй оюутан залуус энэхүү сургалтаар дамжуулан цэргийн мэргэжил эзэмшээд байна.
| “Оюутан цэрэг” хөтөлбөрт 2300 гаруй суралцагч хамрагдаж байна | ||
| Үзсэн: 56 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.