Залуучуудын гарааны бизнесийг дэмжих, олон улсын тавцанд гарах боломжийг нээх зорилготой "STARTUP 2026" улсын уралдааны шилдгүүдийг тодруулах DEMO DAY арга хэмжээ зургаа дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж, тавдугаар сарын 16-ны өдөр шилдгүүдээ тодрууллаа.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, JCI Монгол төрийн бус байгууллага хамтран зохион байгуулсан тус арга хэмжээнд 150 гаруй оролцогч, хүндэт зочид, эрхэм шүүгчид болон залуу энтрепренерүүд хүрэлцэн ирж, нэгэн өдрийг хүсэл тэмүүлэл, шинэлэг санаа, өрсөлдөөн, боломж, амжилт бүтээлээр дүүрэн өнгөрүүллээ.
Дэвшилтэт шинэ технологи, инновац бүхий шинэлэг санал санаачилга гаргаж, ногоон ажлын байр, өндөр ур чадвар шаардах болон технологийн ажлын байр бий болгох зорилготой 128 гарааны бизнес эрхлэгч тус уралдаанд оролцож, чадавхжуулах хөтөлбөрт үе шаттайгаар хамрагдсан бөгөөд шилдэг 10 баг DEMO DAY арга хэмжээнд оролцож, ялагчийн төлөө өрсөлдлөө.
Тэмцээний тэргүүн байрт гаднын орнуудад амьдарч буй иргэд эх хэлээрээ хуулийн туслалцаа авах боломжтой Siserion төсөл шалгарч, 20 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг хүртсэн бол хоёрдугаар байранд Сонсгол болон хэл ярианы бэрхшээлтэй иргэдийн дохионы хэлний хөрвүүлэгч хиймэл оюуны төхөөрөмжийн Pelink төсөл болон Хуульчдын ажлыг хөнгөвчлөх хиймэл оюуны платформ Huuli tech нар тус тус шалгарч 17 сая төгрөгийн шагнал хүртсэн юм.
Харин гуравдугаар байранд гэртээ хорт хавдрын эрт илрүүлгийн шинжилгээ өгөх нэгдсэн шийдэл Gereeree onosh, ERP системийн хувилбар ахиулах процессыг автоматжуулах хиймэл оюуны шийдэл Paami, бодит хэрэглэгчийн туршлага дээр тулгуурласан контент үүсгэх Geni platform төслүүд тус тус шалгарч 15 сая төгрөгийн эзэд боллоо.
Мөн тэмцээний үеэр Технож Бизнес Инкубатор төвийн үүсгэн байгуулагч, захирал Г.Галаарийдий өөрийн нэрэмжит 5 сая төгрөгийн тусгай шагналаар Gerere onosh, Pelink, Huuli tech багуудыг урамшуулсан юм.
Тэмцээний шилдэг гурван баг Siserion, Pelink, Huuli Tech нар JCI байгууллагын Ази, Номхон далайн бүсийн Creative Young Entrepreneur төсөлд эх орноо төлөөлөн оролцож, дэлхийн 60 гаруй орны 5000 гаруй залууст өөрсдийн шийдлээ танилцуулах бөгөөд олон улсын тавцанд хөл тавьж, бизнесээ өргөжүүлэх дараагийн боломжийн төлөө өрсөлдөх аялал ийнхүү эхэллээ.






















| "Startup 2026" улсын уралдааны ялагчид олон улсын тавцанд өрсөлдөнө | ||
| Үзсэн: 65 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.