Шууд Chart

Архив

2015-01-15 11:29:16

...Айл бүр гэрэл зургийн цомогтой. Хуучин авдар, шинэ цагийн шилэн сервант, номын тавиур зэрэгт тэр айлын үүх түүх өгүүлээд байж л байдаг. Эхэндээ тэр альбом ердөө л айлын намтар түүх нь болж байх боловч удах тусам гэр орны үүх түүхээс хальж улс орных болно. Яагаад гэвэл, 60-аад онд одоогийн С-1 телевизийн урд Шар дэлгүүрийн хойхно Шуугуур захын хаалганы дэргэд танилтайгаа авахуулсан фото зураг байлаа гэхэд тухайн үед сонин биш ч харин өнөөдөр үзвэл түүх болно. Юм учиртай, хуучрах тусам үнэд ордог.

Айл бүрийн гэрэл зургийн цомог, авдар сав гүнгэрваа дахь бурхан үнэт эдлэл шиг нь нандин байж чаддаггүй ч хожимдоо улсын архивын олдошгүй материал болох үнэ цэнтэй. Мэдээж фото зурагнаас гадна өөр бусад олон юм байдаг ч цаг үеийн дурсгал гэрч болохын хувьд гэрэл зургийн цомогт хүрэхгүй ээ. Айл гэрийн хувьд ийм юм. Сүүлийн хэдэн долоо хоног Телевизийн архивтай холбоотой нэлээн дуулиан шуугиантай хэрэг олны чих дэлссэн байх. Тэгэсгээд намжив бололтой. Учир нь үүнийг одоо Оюу толгой юм уу Таван толгойн ордны чинээ адилтган сүр бадруулж ярих нь мэдээж гэнэн хэрэг болно. Тийм дээ ч удалгүй олон түмэн сонирхохоо болино.

Гэвч архив бол архив. Манай Үндэсний телевизийн архивын үнэ цэн юундаа вэ. Үүнийг ах дүү, амраг садан, анд нөхдийнх нь залуугийн бичлэг зураг гарч ирээд сэтгэлийг нь баярлуулахад түүнийгээ үзсэн хүмүүс -Үгүй мөн сайхан аа гэж нэг үнэ цэн хэлэх байх. Эсвэл Япон, Солонгос, Германы нөхөд биднээс хуулж худалдаж аваад хэдэн жилийн дараа технологи өөрчлөгдсөн үед аль хэдийн манайд байхгүй болсон аппарат далимдуулан “Та нар архив аа үзэж чадахгүй байгаа бол биднээс авах уу” гээд өөр үнэ хэлэх байх гээд яривал янз бүрийн юм бодогдоно биз ээ.

Саяхны нэг өдөр ажил дээр хамт олон жил болж байгаа нэг эрхэм ахтайгаа ярьж суутал олон жилийн өмнө манай архивын эрхлэгч байж байгаад хожим тэтгэвэртээ гарч явсан нэг авгай гадаадад үр хүүхдүүд дээрээ очин суугуул болохдоо манай фондын хамаг сайхан нандин бүтээл дуу хуурын хальсыг хувилан авч одоод тэндээ хялбаршуулж түрээслэн үзүүлж суудаг хэмээн хэлээд “Яасан ч хаашаа улс байдаг юм бэ дээ” гэж халаглаж билээ. Энэ бол хэдхэн хоногийн өмнө болсон яриа. Яагаад гэвэл би тэр эрхэм ахын арваад жилийн өмнө хийж ёолкны баяраар үзүүлж байсан нэг сайхан зохиомжийг өөрт нь үзүүлэх гээд хайгаад олоогүй явдлаас болж билээ.

Намайг 82 онд Программ киноны хэлтэст дөнгөж ажил эхэлж байхад хоёр төрлийн фонд үзүүлээд эндээс материал авах бол орлогч даргын гарын үсгээр авдаг юм шүү гэж хэлж байсныг сайн санана. Ерөөс Үндэсний Телевиз хэзээ өөрийн архивтай болсон бэ гэвэл 68 онд гэх нь зөв юм уу. Тэр үед Дожоодорж гуай над хэлэхдээ Телевиз дөнгөж байгуулагдаж байсан үед Москвад очиж Бүх Холбоотын Телевиз радиогийн Хорооны дарга Лапин гуай дээр сайн чанарын булигааран цүнх нэг шил архи бэлэглэхээр орж “Манай телевизийн фонд үүсгэхэд хэдэн кино өгөөч” гэж хэлээд үг халан жаахан хөөрч бас хоёр, гурван хундага тулгасан юм гэдэг.

Тэгээд удалгүй Төв телевизийнх нь киноны “Экран” нэгдэлд хамгийн анх бүтээсэн Виктор Колосов найруулагчийн “Шуурган галын дундуур” дараа нь “Зоригт Боннивур” зэрэг хэдэн арван хайрцаг кино авах болж мөн их баярласан гэж хуучилдаг. Тэгээд бас Польш улсаас “Серена” кино үйлдвэрт бүтээсэн “Нохойтой дөрвөн танкчин, “Аминаас чухал үйлс” гэдэг хоёр кино авч үндсэндээ манай фонд эхэлсэн юм гэж дурсдаг. Намайг ажилд орсон намар манай Телевизийн киноны архив гэхэд л мянга илүү хайрцаг кинотой аюулын сан хөмрөгтэй түүндээ зориулж тусгай байшин бариулсан газар байв. Гэтэл энэ түүх хэдийнээс эхэлсэн бэ гэж яривал 1971 онд очно. Тэр жил Телекино үйлдвэр байгуулагдсан юм билээ. Энэ нь Монголдоо анх удаа 16 мм-ийн өргөнтэй плёнкоор зураг авч түүнээ нэвтрүүлэгт ашигладаг болсон дэвшил байв.

71 онд Намын Төв хороо болон Сайд нарын Зөвлөлийн шийдвэр тогтоолоор Телекино үйлдвэр байгуулагдсан гэж түүхийн товчоонд угаас байгаа. Энэ нь өдөр болгон студиэс шууд явдаг байдлыг өөрчилж сурвалжлагчид нь хөдөө гадаа хол газар явах боломж олгосноор орноос уяатай байдаг хүүхэд хөлд орж бие даан алхаж гэрээсээ гарсантай яг адил үйл явдал. Өөрөөр хэлбэл, үйл явдлыг бичиж аваад хэдэн хоногийн дараа үзүүлдэг болсон хэрэг шүү дээ. Мөн очиж сурвалжилсан үйл явдлаа үүрд хадгалах боломжтой болсон чухал хэрэг. Телекино үйлдвэр маш эрч хүчтэй бүтээлчээр сайн ажиллаж эхэндээ баримтат кино дараа нь телевизийн уран сайхны кинонууд бүтээж эхэлсэн. Телевиз өөрийн гар дор кинотой болсон нь бусад орны телевизүүдийн дэвшилтэд хөгжилд хөл нийлсэн хэрэг болсон. Хүүхдэд зориулж үлгэр хүүхэлдэйн кино бүтээсэн нь уран бүтээлийн манайд хараахан эхлээгүй шинэ төрөл жанрыг үүсгэж хөгжлийг нь эхлүүлж.

Телекино үйлдвэрийг босгоход хэдэн арван сая монгол төгрөг зарцуулж өдий төдий инженер техникчийг гадаадад болон эх орондоо бэлтгэсэн. Хэдэн тоо хэлмээр санагдавч уншиж ойлгоход жаахан хуурай болох биз гээд орхье. Одоо тавиад настай үзэгчээс “Анхны яргуй” гэдэг кино санана уу гэвэл жүжигчин Лахиф болоод эмэгтэй жүжигчин Цэгмэд нар гарч байсан гээд санана аа. Телекино үйлдвэр телевизийн мэдээнд зориулж өдөр тутам хэдэн арван метр зураг авч байлаа. Орон нутгийн ажил амьдрал харуулсан сурвалжлага байсан болохоор Монгол Телевиз эх орныхоо уудам газар нутгийг алслал хамаарахгүй хүрч эхэлсэн гэсэн үг. Техникийн дэвшил нэвтэрч телевизийн хөгжил урагш алхсан явдал энэ мөн. Ингэж Монгол телевиз өөрийн хадгаламжийн хоёр дахь төрлийг бий болгожээ.

Эхнийх нь гадаадаас авсан кино, хоёр дахь нь өөрсдөө хийж эхэлсэн 16 мм-ийн кино хальсны бүтээлүүд юм. Одоо гадаад нэрээр контент гэх болж. Намайг телевизэд анх хаалга татаж ороход передач гэдэг үг хэрэглэж байсан. Бид ер нь гадны үгийг эх хэлэндээ ямар ч визгүй оруулах дуртай улс. Яахав техникийн нэр томьёо орчуулах төвөгтэй учир шалтгаан нь энэ гээд бас л орхье. Телекино үйлдвэр гэж юу юм бол гэж үүнийг уншигч эрхэм та асууна. Энэ бол одоогийн “UBS” телевизийн байранд байсан плёнкоор авсан зураг угаадаг, боловсруулдаг, эвлүүлдэг бүтээл болгодог том үйлдвэрийн газар. Тэр үед Монгол Улсын телевизийн урлагт зориулж нарийн плёнкны үйлдвэрлэлд зориулсан төв барьсныг тэгж л нэрлэсэн юм. Плёнк угаах технологи нарийн. Бельгийн “Гебэрт” болон “Агфа” зэрэг плёнкоор зураг авна. Хэдэн зуугаар тогтохгүй метр пленк угааж боловсруулна. Нэг метр пленк дунджаар 1 доллар 10-аад цент гэж бодвол зөвхөн хоёр минутын дүрс авахад 14-16 долларын плёнк урсана.

Плёнк валютын үнэтэй учир зургийг авахдаа төлөвлөгөөгөө сайн боловсруулж удирдах хүмүүсээр айхтар хянуулдаг байсан юм. Хэрэв “бараак” гаргавал цалингаасаа төлж байлаа. Тийм учир тэр үеийн бүтээлүүд аль талаасаа үнэхээр чамбай. Одоо шиг кассетны хальсаа эргүүлээд хэд ч ашигладаг ч юм уу эсвэл тоон системээр хуулагч карт руу буулгадагтай огт адилгүй. Плёнк гүйхэд шууд мөнгө урсаж байсан учир хүмүүсийн хариуцлага “аминаас” чухал байжээ. Ингэж ажиллаж Үндэсний телевизийн архивыг бүрдүүлж эхэлсэн. Хичнээн сайхан кинонууд хийж эхэлсэн гээ. Хожим наяад оны дунд үед уран бүтээл ид насандаа тамир хүчтэй болсны гэрч нь Москвад болдог олон улсын телевизийн киноны “Радуга” их наадмаас “Цацал”, “Хөөмэй” зэрэг кино дараалан Гран При авсан даа.

За тэгээд “Ялалтын дуу”, Солонго”,” Хүннү”, “Бидний аз жаргалын дуу”, “Монгол эмэгтэйн гоёл”, “Халх гол залуу нас” гээд тоолбол энд цаас цаг гарздах өчнөөн нэр хөвөрнө. Үнэхээр алт шиг сан хөмрөг бий. Үүний дараа “видео магнитный” запись буюу соронзон бичлэгийн хальсанд шилжсэн байлаа. Энэ бол 74 оноос эхэлсэн үйл явц болов уу гэж бодож байна. Мэргэжилтнүүд нь тэгж бэлтгэгдсэн байдаг. ВМЗ гэж нэр бидний хэл ярианд орлоо. Америкийн Ампех видео хальс арай ирээгүй ч түүнтэй эн зэрэгцэж өрсөлдөх Пүүжи хальс манайд байсан юм аа. ВМЗ ашигладаг болсон нь телевизийн хөгжлийн урагшилсан жинхэнэ тодорхой алхам боллоо. Студиэс яриа, концерт, уран сайхны нэвтрүүлэг жүжиг юу л болно вэ бүгдийг нь дуу дүрсний дээд чанараар хуулан бичих. Дараа нь тухтай сууж байгаад эвлүүлж боловсруулна. Энэ үеэс видео эвлүүлэг хөгжсөн. Ингэхлээр телевизийн сан хөмрөгийн хоёр дахь үеийг үүнээс эхлэн тооцож болно. Нэвтрүүлгийн ур хийц, нарийн нандин амт шимттэй болох урлагжих чанар нь эвлүүлж найруулж эхэлснээс бий болсон гээд хэлчихье. Үгүй гэх хүн гарахгүй байх аа. Монтажийн мастерууд урчууд энэ үеэс төрөн гарсан. Гэхдээ үүнийг би дэлгэрүүлж ярихгүй ээ. Тэр бол тусдаа сэдэв. Телевизийн архивын шинэ төрөл бий болсноор манай улс орны амьдрал дахин үзэж болох байдлаар олон чухал явдлыг амьд мэт “хадгалж” эхэлсэн.

Монгол кино үйлдвэр тэр үед арван тав хоног тутамд кино мэдээ нэгийг хийж байв. Баримтат кино жилд 40 бүлэг үйлдвэрлэх жишээтэй. Тэгвэл телевиз нөгөө контентыг янз бүрийн хэлбэрээр өдөр бүр үйлдвэрлэж эхэлсэн шүү. Намайг телевизэд ороход Программын хэлтэс “Архив” аа хариуцаж байв. Долоо хоног бүрийн даваа гарагийн үдээс хойш даргын өрөөнд хуралдаж ямар нэвтрүүлгээ архивлан авч үлдэхийг шийддэг байсан. Төлөвлөгч редактор Барсүрэн Оюунтүлхүүр Базарсад гуай киногоо хариуцагч редактор миний бие долоо хоногийнхоо мэдээллийг даргад өгнө. Авах авахгүйгээ протоколдоно. Тэр ажлыг Дугарын Жаргал дарга чамбай хариуцлагатай удирдана. Ер нь цааш даа архивын оноосон хүнтэй болох нь зөв юм гээд Суртлын редакцид ассистентын ажилтай байсан Лхагвасүрэн гэж хижээл насны эгчийг томилон тавьсан. Архив бүр ч цэгцэрсэн. Лхагвасүрэн эгч чин сэтгэлээсээ ажилладаг, хүн бүрийн араас нэвтрүүлгээ өгөх юм уу яах юм гээд гүйдэг байж билээ. Тэр хүний буяанд нэлээн юм авч хоцорсон санагддаг.

Ер нь архивын эрхлэгч уран бүтээлчдийнхээ хойноос санаачилгатай гүйвэл их юм үлддэг. Уран бүтээлчид нарийн яривал тэр тухай бодох сөгөөгүй явдаг улс. Бас цалан палан. Юм мартана гэж жигтэйхан. Байнга нервтэй явдгаас тийм болдог ч байж мэднэ. Өвөл нь ахмад редактор Базарсад гуай бид хэд зөвлөлдөж хадгаламжаа төрөлжүүлж лавлагаатай болгох тухай яриа үүсгэж дараа долоо хоногоос нь арай дэлгэрэнгүй мэдээлэлтэй дэвтэр нээж өгсөн билээ. Би дэндүү залуу байсан болохоор сэтгүүлчийнхээ ажил руу орохыг л яарч байсан болохоос биш тэр бүртгэл зэргээс ч сэтгэл хол байгаад байсан. Гэхдээ нэгэнт Программын редакцийн хүн болохоор тэдний яриаг хүссэн хүсээгүй сонсч гар бие оролцсон. Зарим бичлэгийг арччихлаа гэх заримдаа шал дэмий юм хадгаламжид авч хальс түгжлээ гээд өдөр тутам ажлын хэрүүл уруул бишгүй л гардаг байжээ. Тэгэхдээ гайгүй ээ. 85 он гэхэд тооллогоор ВМЗ-гийн хальс 400 гаруй тоологдож байсан юм. Овоо л хадгаламж.

Түмэндэмбэрэл гуайн намбалаг дантай цээл сайхан хоолойгоор дуулсан дуунууд , Ардын дуу бүжгийн чуулгын бахадмаар концерт, Цэдэнбал даргын Төрийн айлчлал, Намын Их хурлын нээлт хаалт, концертууд гээд зөндөө юм хадгалж байв. Жаргал дарга фондын материал хэрхэн ашиглах хэний гарын үсгээр авч буцааж өгөхдөө юу юу ашигласан зэргийг бүртгэж тэмдэглэж байх журам гаргасан юм. Тэр үед сахилга хатуу учир зүгээр нэг дотоод журам гаргахад л хууль мэт мөрдөгддөг байлаа. Мэргэжлийн байгууллага болоход дотоод журам мөрддөг болгох тун чухал. Ялангуяа технологийн сахилга бариулна гэдэг нь жинхэнэ мэргэжлийн байгууллагын зарчим шиг байгаа юм. Одоо ч дэндүү задгайрч ээ. Над ВМЗ-гийн Фужи хальсны байдал тун гоё харагддагсан. Тэр гадуур саарал өнгөтэй футляр хайрцаг, хаягны наалт бичиг үсэг нь цаанаа л нэг өөр. Яагаад гэвэл тэр үед үүн шиг гуравдагч хэмээх хөрөнгөтөн орноос ирсэн юм дэндүү ховор байсан учир бусдаас содон харагдаад байв.

ВМЗ гэх монтаж эвлүүлгийн аппарат нь их том. Беларусь тракторын хамар шиг том төхөөрөмж юм. Дуу ихтэй том дамар нааш цааш гүйлгэхэд цаг их орно. Дамартай хальс нь хүнд. Нэг цаг гучин минутын бичлэгийн дамартай хальс 7 килограм жинтэй гээд төсөөлнө үү. Гартаа дөрвийг бариад хэд хэд зөөхөд гар сарвайдаг. Техникчид нь ёстой сайхан улс байсан. Бүдүүн Отгондорж, нахиу гэх Цэнд гуай, хальс арчдаг хар Базарсүрэн гээд олон хүн бий. Ростовд төгсөж ирсэн манай “бор” Туул, Чулуунчимэг, Цэцэгмаа гээд шинэ төгсч ирсэн сайхан охидтой. Ах дүү шиг л ижилсэж телевизийн нэвтрүүлэг хийж сурсан даа. Наяад оны яг дундуур шүү дээ. За тэгээд хөгжмийн Дагваа ах буурал Дашзэгвэ гуай анхны гэдэг Оюут ах, алдарт Бадрах, Батын Дорж сэтгүүлч, Санжаахүү редактор залуугаас Халзангийн Нарангэрэл, Бадрууган, жүжгийн мастер зохиолч Шийтэр гуай, сэтгүүлч бүсгүй Хашхүүгийн Наранжаргал гээд урьдаа барих бүтээлчид Монголын телевизийн сан хөмрөг бүрдүүлэх сайхан нэвтрүүлгүүдээ хийж байлаа.

ВМЗ-д удаан ажиллах амаргүй дуу чимээ ихтэй байв. Гэвч Япон, Америк, Германд энэ л технологиор ажиллаж байсан. Агфа, Ампех, Фужи хальс гээд нэрлэхэд хангалттай. Энэ аппарат дээр нэр дурдсан хүмүүстэй хамт байжээ. Сайн уран бүтээлчдийн ажиллахыг харж суухад салиа гүйцэт арилаагүй мань мэт залууст тун хэрэгтэй юм байж. Монтаж яаж хийдэг, юу болох гээд телевизийн эрдмийг практик талаас мэддэг болсон. Сайхан анд нөхдийн дунд өссөн юм шүү. Ах эгч нараас бүтээл хийдэг арга барилыг нь сонслоо. ВМЗ тойрсон дурсамж сэргээвэл дуусахгүй. Би энд архивын тухай ярьж байгаа болохоор найз нөхдийн тухай ярианаас ингэсгээд холдоё. Телевизийн архив тэр үед одоо шиг Алтан сан хөмрөг гэж нэртэй байсангүй. Харин 86 онд Зөвлөлтийн мэргэжилтэн Лучай гуай манай Програмд зөвлөх байхдаа уран сайхны зөвлөлийн тогтоол гаргадаг болох түүгээр онцгой үнэ цэнтэй бүтээлийг ялгаж хадгалбал зүйтэй гэснээр Алтан гэдэг тодотголтой сан хөмрөгийг бий болгосон. Лучай мэргэжилтэн манайд редактор талаас зөвлөж ажилладаг байсан. /Үргэлжлэл бий/...

Г.Золжаргал. СГЗ

Нийтэлсэн: Г.Золжаргал

Архив  
Үзсэн: 7379 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.15.xxx [202.179.15.xxx] 2015-01-18 16:01
.Манай МТВ-ийн анхны найруулагчдын нэг Лхагвасүрэн эгч архивт ажиллаж байсныг би эндээс анх мэдлээ.Уул нь АЗА байсан шиг санагдах юм.Харин архивд Янжинсүрэн байсныг сайн мэднэ.Миний хань МТВ-ийн унаган ажилчин,уран бүтээлч Бальдирын Бямбадорж кино болон дүрс бичлэгийн аль алинд нь мөн ч олон цагаар дэлгэцийн бүтээл туурьвисан ХОВОР хүн шүү...Хүмүүс амьд түүх болсон ханийг маань дурсдаггүй нь гайхал төрүүлдэг юм.
202.179.15.xxx [202.179.15.xxx] 2015-01-18 16:00
1971оны 12-р сард Телекино ашиглалтанд орсон.Түүнээс өмнө кино цех байсан бөгөөд мөн л 16мм-ийн хальсаар мэдээ,сурвалжлагын дүрс авч нэвтрүүлэгтээ ашиглаж байсан юмсан.Энд Г.Золоо хүү 1971оноос л 16мм-ийн хальс ашиглаж эхэлсэн хэмээн 4 жил юугаараа дэлгэцээ дүрсжүүлж байваа гэсэн асуулт гаргах шиг...Телекино үйлдвэр нь үйлдвэр,уран бүтээлийн байгууллага байсан бөгөөд монгол телевизийн урын санг 16,35мм-ийн КИНО бүтээлээр баяжуулах үүргээ биелүүлж улмаар олон улсын ТВ дэлгэцэнд Монголын тухай уламжлалт болон орчин цагийн баримтат бүтээлүүдийг туурвиж байсны зарим нь Радугад удаа дараа Гран при шагнал авч байсныг дурссан байна.Зах зээлийн ороо бусгаа уаг үеэр удирдлагад байсан НӨХДҮҮД МТВийн Архивын фондыг увайгүйгээр дур мэдэн хуулж авч байсны илрэл одоогийн олон ТВ-ээр гарч буй бүтээлүүдээс үзэгчид харж болно".Харамлахаар хар нохойн хоол болно" гэгчээр тэр нь ч олонд хүрэх боломж болсонг үгүйсгэх аргагүй
122.201.31.xxx [122.201.31.xxx] 2015-01-18 08:41
tiimee deerhi hiitleliig unchihad ulger met yaruu tungalag dursamj nudnii umnuur jirelzene yag l tiim baisan yum chuu namaig ch anh tv iin haalgaar orohod yamar gaihamchigtai orchin , humuus deg juram hundlel ewseg hamt olon ugtsan gej sanana zoloo kino redakts d anh moskwagiin ik surguuliin tuhai biluu bgikiin tuhai biluu neg newtruuleg hutulj letuchi deer ih magtagdaj baij bilee bi tehed uildwerchnii soeliin tuw ordnooc shiljij irsen zaluuhan nairuulagch zaluuchuudiin redakts d jinhene awarguudiig dagaj tedniihee tus demeer l yawj baiw zoloo saihan hiitlel bichijee bayarlalaa

Бидэнтэй нэгдээрэй