Шууд Chart

Асар их харанхуйд ассан гэрэл буюу Михайл Сергеевич Горбачёв

2015-01-30 10:37:38

Үзэл суртлын эрэн зуун эхэлчихсэн байлаа. Хүн төрөлхтөн хоёр хуваагдаж нэг хагас нь эрх чөлөөг эрхэмлэж байхад нөгөө хэсэг нь бусдын зовлон гуниг, цус, нулимсан дунд дур зоргоороо авирлаж байв. Хорьдугаар зууны гучаад он гэдэг угтаа хар дарсан  зүүд шиг цаг үе байжээ. Дэлхийн ажилчин тариачдын их багш хэмээн өөрийгөө цоллосон нөхөр Ленин олон олон Оросын сэхээтнүүдийг үг дуугүй буудаж, эгэл тариачдыг дэндүү давраасны хар гайгаар умард хөршид Коммунист засаглал хэмээх харанхуй, хоосон төр тогтож, аймшигт үгүйсгэлийн, хэлмэгдүүлэлтийн, аллагын он жилүүд улирсаар. Түүний нүглийг газар дэлхий даахгүй болсны маргааш нөхөр Сталин хэмээх өөр нэгэн гүрж эр Зөвлөлтийн жолоог булааж аваад, Орос орныг там болгож орхилоо.

Тэртээ 1931 он билээ. Тийнхүү дээрээ суудлаа олохгүй ах нь дүүгээ, аав нь хүүгээ  энхрий хайрт намынхаа төлөө залхаан цээрлүүлж байхад өмнөд  Ставрополийн хязгаарт мартагдсан суурин болох Привольное тосгонд харин ч нэг бужигнаантай байлаа. Хамтралын сангийн аж ахуйд тариа хураах ажил нэгэнт дууссан учир одоо тэднийг гурилын үйлдвэр рүү ачих, малын тэжээл бэлтгэх цехүүдэд тараах, төлөвлөгөө норм биелүүлэх гээд ер эгэл жирийн ардуудад өчүүхэн ч сэхээ авах зав үгүй. Ингэж ингэж өвлийн эхэн сар гарахад сая нэг юм амсхийсэн хүмүүс ханан пийшингээс гаргаж ирэх шинэхэн талхаа ногоотой шөлөнд амтархан дүрж идэн суухдаа өвлийн их ажлын тухай ярилцана. Тосгоны барилга байшинг шинэчлэхийн тулд ууланд гарч, ой тайгаас дүнз бэлдэх хэрэгтэй. Үүнд эрчүүд голдуу явна. Морьдын уланд тах хадахгүй бол болохгүй. Тэд байхгүй бол юун мод цагаалахтай манатай.

 Өвлийн их ажил дундаа орж шинэ он ирлээ. Уулнаас буусан эрчүүд гэр орондоо цуглаж, даруухан сүлд мод засаад хар талх, ногоотой шөлтэй, бас ч үгүй нэрмэл тавьчихсан сүрхий сайхнаар 1931 оныг угтлаа. Чингээд төдөлгүй хаврын их ажил хаяанд тулаад ирсэн тэр гуравдугаар сарын 2-ны өдөр Привольное тосгонд шинэ хүн ирсэн юм. Шударга зангаасаа болж зарим нэг хувьсгалчдад ад үзэгддэг ч жирийн тариачдад үнэлэгддэг Сергеевичийнх хүүтэй болов. Улс эх орон төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоо руу шилжсэн болохоор эр хүн ийн нэмэгдэх нь ирэх он жилүүдийн хөглөрсөн их ажилд хүч нэмэх сайхан хэрэг байлаа. Тохойн чинээ хүүг тэгээд Михаил Сергеевич Горбачёв гэдэг болсон юм.

    Горбачёвын мэдээ орсон он жилүүд бол Оросын сүйрэл байсан юм. Хүүг зургаан нас хүрдэг жил хэсэг хугацааны өмнө эзэн хааны цагаан армиас урваж, улаантнуудын талд орон ах дүүсээ хайр найргүй намнасан цэргийн язгууртнуудыг зөвлөлт засаг үгүй хийж эхэллээ. Дайн тулааны асар их туршлагатай армийн эрх мэдэлтнүүд хийгээд удирдах албан тушаал эрхэлж байсан хүмүүсийг үй олноор нь хоморголон устгах аймшигт тушаал дээр нөхөр Сталин үдэш бүр гарын үсэг зурж, тэгэхдээ маг маг инээн махир гаансныхаа соруулыг амтархан хүлхэнэ. ККБ-ийн алуурчид түүний ширээн дээрээс зуу зуун овог нэрийг дэс дараалан бичиж баталгаажуулсан хар дансыг авч, тэр шөнөдөө нүгэлт ажлаа эхэлнэ. Ямар ч гэм зэмгүй хүмүүс үхэл рүү, цөллөг рүү, гяндан руу очино.

Привольное тосгонд мөн л амсхийх завгүй ажил өрнөсөөр. Горбачёв хүү алс тэртээд ямархан аймшигтай зүйл болоод байгааг одоохондоо мэдэх болоогүй. Зөвхөн түүний ээж, аав хоёр орондоо үе үе шударга ёсны тухай цөөхөн үгсээр ярилцаж, өдөр нь хүүдээ хорвоо ертөнцөд үнэнч байх тухай хэлнэ. Цуст 1937 он арайхийн дуусч, баахан гунигтай хүмүүс шинэ жилийн баяраа тэмдэглэв. Дараагийн хоёр жилд ч бас л бусдыг хэлсээр гэсгээн шийтгэх нам засгийн бодлого шийдвэр суларсангүй. 1939 оны есдүгээр сарын 1-ний өдөр бяцхан Горбачёв дунд сургуулийн сурагч боллоо. Торгонд хөлбөрч, тосонд умбаагүй, хангалуун амьдрал дунд ханатлаа жаргаагүй хүү ухаалаг нэгэн болж эхэлжээ.

Тэр сайн сурагч байлаа. Нэгдүгээр ангиа онц төгссөн хүү хоёр, гуравдугаар ангиа ч бас тийм сурлагын дүнтэй дүүргэж, шинэ жилээр өвлийн өвгөн ааваас бэлэг авч, хаврын шалгалтуудаа хамгийн сайн дүнтэй өгчихөөд ногооны талбай дээрээ лууван усалж зогссон тэр өдөр харин хүсээгүй  зүйл болсон юм. 1939 оноос эхэлж европ тивийн хэд хэдэн улсыг дайран түрэмгийлж, харгис, хэрцгийгээр эзлэн авч байсан немцүүд Зөвлөлт рүү довтолжээ. Улс орон даяар дайны цагийн онцгой байдал зарлаж, эрчүүдийг шуудхан цэрэгт татаж эхэллээ. Улаан арми ухарсаар... Горбачёв хүүгийн бага нас, түүний гэнэн нүд дэлхийн хоёрдугаар дайны аймшигтай нүүр тулгарсан юм.

1941 онд 10 настай байсан Горбачёв хүү хүн төрөлхтний хамгийн аймшигт үл ойлголцлын эцсийн хязгаар болсон дэлхийн хоёрдугаар дайн дуусахад 14 настай болжээ. Бүхэл бүтэн дөрвөн жил тэр фронт руу явсан эрчүүдийн ар гэрт гашуудлын мэдээ ирэх тэр гунигт мөчийг, олон олон уйлсан хүмүүсийн харцыг үзэж дутагдаж гачигдах, өлсөж цангах зовлон  дотор амьдарсан байна. Горбачёвын бага нас бүтэн байсангүй. Нацистуудыг бууж өгсний дараагийн он жилүүдэд тэр төрөлх Привольное тосгондоо хамтралын тракторчин болжээ. Дайны хүнд хэцүү он жилүүд энэ хүүг харин ч нэг ажилд сургасан байна. 1946-1950 оны хооронд тэрбээр атар газрыг хагалж, арвай буудайг хурааж, унтах нойрыг мартан, идэх хоолыг умартан зүтгэлээ. Тэгтэл нэгэн өдөр тракторчин залууд хачин ховор сайхан боломж гарч ирэв. Хамтралын хамгийн сайн ажилчнаа Привольное тосгон, нам засаг хоёр хуулийн сургуульд сургаж, илүү хэрэгтэй газар нь ашиглахаар шийджээ. Манай хүн ч аманд орж ирсэн шар тосыг хэлээрээ түлхсэнгүй. Алтан Москвагийн зүг галт тэрэг давхина. 1950 оны амраг цагаан хусан ой алгуурхан шарлана. Горбачёв аугаа их амьдрал руу явна. 

Ерөөс Орос орны бүх цаг үеийн боловсролын тогтолцоонд Москвагийн их сургууль хүндтэй байрь суурийг эзэлсээр ирсэн. Горбачёв энэ сургуулийн хуулийн ангийг 1955 онд төгсөж, Зөвлөлтийн шинэ цагийн шилдэг сэхээтнүүдийн дунд ороод ирлээ. Тэр оюутан байх хугацаандаа буюу 1952 онд коммунист намд элсэж, бас хамт суралцаж байсан Раиса Максимовна Титоренкотой 1953 онд хуримаа хийгээд амжсан байлаа. Залуу боловсон хүчин маань 1956 онд  төрөлх Ставропольд очиж, тэндэхийн намын үүрийн нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж эхэллээ. Хэтэрхий намчирхсан бус хэрнээ хачин эрч хүчтэй залуугийн ажил амжилттай байгааг орон нутгийн эрх баригчид анзаарсаар байсан юм. 1963 он гарахад Горбачёвыг дараагийн амжилт угтаж, тэр албан тушаал ахилаа. Намын үүрийн дарга байсан залуу маань Ставрополийн хязгаар нутгийн хөдөө аж ахуйн хэлтсийн дарга болжээ. Горбачёв энэ салбарыг даанч сайн мэднэ.

Бүр хүүхэд байхаасаа л тэр арвай буудайны үнэ цэнийг ухаарсан юм чинь. Бүхэл бүтэн долоон жил хар багаасаа хайрлах болсон, улс эх орны хөгжил дэвшлийн хөтөч байсан газар тариалангийн салбарыг тэр эх нутагтаа чамгүй хөгжүүлээд амжлаа. Залуусын инээд, баяр хотолсон атар газар гэдэг түүний  аз жаргал. 1970 Горбачёвыг Ставрополийн хязгаар дахь хамаг эрх мэдлийг гартаа атгасан цорын ганц байгууллага болох коммунист намын нэгдүгээр нарийн бичгийн өндөр дээд албан тушаалд томиллоо. Хуучнаар бол одоо тэр хошуу ноён болсон гэсэн үг. Гэвч Горбачёв ухаалаг алхмуудыг хийж эхэлсэн нь олон түмний хайр ивээлийг олж байв. Тэр хамтралын аж ахуйнуудын бүтцийг улам боловсронгуй болгож, тэнд ажиллаж, амьдарч байгаа хүмүүсийн хувийн амьдралд зөвөөр анхаарч, амьжиргааг нь дээшлүүлэх, ахуйг нь сайжруулах тал дээр бодитой ажлуудыг хийж чадлаа. Тэр дээшээ л яваад байлаа. Зөвлөлт засагт хэт өндөрт ниссэн шувуухайг бат унагаж чадах үрлэн сумтай буу уг нь  бий... Түүнээс л ихэд болгоомжилж явах хэрэгтэй...

Дахиад л өндрөө авч эхэлсэн Горбачёв. Тэр 1971 онд үр бүтээлтэй ажилласан, итгэлтэй хүн гэсэн тодорхойлолтоор Коммунист намын төв хорооны гишүүн болж, 1974 онд их гүрний залуучуудын асуудал хариуцсан байнгын хорооны дарга боллоо. Зургаан жилийн дараа дахиад өөр өндөрлөгт зогссон Горбачёвын энгэрийн халаасанд Зөвлөлтийн улс төрийн товчооны бүрэн эрхт гишүүний шинэхэн үнэмлэх байж байх нь тэр. Манай бяцхан Гоша үнэхээр том болжээ. Тэгэвч тэр оргилын төлөөх дайралтаа үл зогсоосон юм. Энэ эрхэм хүндэт албан тушаалд тэр 5 жил болсны дараа 1985 оны гуравдугаар сарын 11-ний өдөр Зөвлөлт Холбоот улсын Коммунист намын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдлоо. Одоо тэр хаан болсон. Зовлон үзсэн их Оросын ард түмний эзэн болсон. Гэлээ ч нөхөр Горбачёвт жаргаж суух өдөр хоногууд байсангүй. Өнөө тэр улс үндэстнийхээ цусанд нь бугшсан зарим нэг бурангуй зүйлстэй хатуу тэмцэхээр шийджээ. Тэгээд хамгийн түрүүнд архи согтууруулах ундааны үнийн дүнд эрс өөрчлөлт орууж, түүнийг үйлдвэрлэх үйл явцад хязгаарлалт тавьсан нь цагаа олсон ажил боллоо. Хязгаарын жижигхэн тосгоноос эхлээд нийслэл хот хүртэлх зах замбараагүй архидалт эрс багасаж, нийгмийн амьдрал эрүүл болоод ирэв. Улсын эдийн засаг урагшлахаа байсан, хуучин дарангуйлагчдын үед бий болгосон болхи бүдүүлэг тогтолцоо нь гологдож эхэлснийг мэдсэн, мэдэрсээр байсан шинэ удирдагч зоригтой шинэчлэлүүдийг хийж эхлэв.

1988 онд санаанд оромгүй явдал болж Зөвлөлтүүд бүү хэл барууныхан хүртэл мэл гайхаж, цэл хөхөрлөө. Уншиж бичихээ нам засгаараа заалгаад нэгэн жарныг аль хэдийнэ үдчихсэн Оросын хэвлэл мэдээллийн ертөнцийг Горбачёв төрийн хараа хяналтаас гаргаж, чөлөөт ардчилсан болголоо. Үүнийгээ тэгээд Гласность буюу ил тод байдал гэж нэрлэв. Сэтгүүлчид одоо хэнийг ч шүүмжилж,  бүр нам засгийн бузар булайг хүртэл чөлөөтэйгөөр уудлах эрхтэй болов. Түүгээр ч барахгүй улс төрийн хоригдлуудыг хамгийн аймшигтай шоронгуудаас суллах шийдвэр гаргав. Байнгын захиргаанд байсан хүмүүсийн зарим нь цочирдож, зарим нь түүнийг эрс шүүмжилж байлаа. Тэгэвч Горбачёвт намын нохдын юу гэж хуцах нь хамаагүй. Тэр хүн байсан болохоор тэр шүү дээ. Төдөлгүй 1988 онд удирдагч маань” Хамтын ажиллагааны хууль” хэмээгчийг баталж орхисон нь олон нийтэд тун ч эерэг зүйл болж хувирсан юм. Энэ хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх болсон тэр үеэс Зөвлөлтийн ард иргэд хөлс нулимсаа асган асган утга учиргүй улсын төлөө ажиллах бус хувийн хэвшилтэй болж, бие дааж үйлдвэрлэл явуулж, хилийн чинадад арилжаа наймаа эрхлэх эрхтэй болоод явчихлаа. Горбачёв энэ бүгдийгээ “Өөрчлөн байгуулалт” гэж нэрлэсэн юм.

    Нөхөр Горбачёвын өөр нэгэн гавьяа бол өмнө өгүүлсэн зүйлсээс илүү том байв. Зөвлөлт Холбоот улс 1978 онд Афганистан руу халдан довтолж, хүн төрөлхтнийг цочроосон хүйтэн дайныг эхлүүлсэн байв. Тэдэнд эгдүүцсэн Америкчууд мусалмань соёлтой босогчдод зэвсэг нийлүүлэх, тэр дундаа агаарын довтолгоог эсэргүүцэх “Стингер” пуужингаар хангах замаар Зөвлөлт Холбоот Улстай хөшигний цаана байлдаж  байлаа.  Горбачёв төрийн эрхэнд гарсан даруйдаа эх орных нь нэр төрийг шавартай хутгаж байгаа энэ утга учиргүй дайныг эцэслэх, Афганистанаас Зөвлөлтийн цэргийг гаргах гэрээнд гарын үсэг зурчихав. Түүнтэй харилцан зөвшилцөж чадсан нөгөө тал нь Америкийн нэгдсэн улс.  Горбачёв гадаад харилцаанд ихээхэн анхаарал хандуулж байлаа. Тэрбээр АНУ-ын ерөнхийлөгч Рональд Рейган, Их Британийн ерөнхий сайд Маргарет Тэтчертэй найрсаг харилцаа тогтоож чадлаа. 1985 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хийсэн Горбачёвын өөр нэгэн том ажил бол европын нутагт Зөвлөлтийн пуужингийн СС-20С системийг байрлуулах ажлаа хойшлуулах болсон тухайгаа мэдэгдсэн явдал юм.

    1961 онд босгосон Берлиний хана Германчуудыг боймолсоор. 1989 оны аравдугаар сард Дорнод Германд эрх чөлөөг хүсэмжилсэн мянга мянган хүмүүс жагслаа. Зүүн Германий төрийн эрхийг атгаж байсан Хонеккер гэгч нөхөр Горбачёв руу утас цохиж, энэ байдлыг арилгахад хүчин туслалцаа үзүүлэхийг хүссэнд “Танай дотоод хэрэгт манай арми одоо оролцохгүй” гэсэн хатуухан үгсийг Кремлээс сонсов. Тэр үед Дорнод Германий нутаг дээр Зөвлөлтийн 380 мянган цэрэг байсан юм. Берлиний хана 1989 оны 11 дүгээр сарын 9-нд нурлаа. Болгар, Румын, Польш, Унгар, Чехословак, Зүүн Герман Зөвлөлтийн мэдлээс гарч, тусгаар тогтнолоо зарлалаа. Чингэснээр Зөвлөлт Холбоот улс задарч уналаа. Горбачёв Зөвлөлтийн улс төрийн товчоог татан буулгаж, тэдний хийсэн цуст үйлдлүүдэд цэг тавилаа.

Түүгээр ч зогсохгүй Коммунист намыг эрх мэдлээс зайлуулж, үйл ажиллагааг нь зогсоож, хөрөнгийг нь хураав. 1991 он болоход Коммунизмын мэдэлд байсан бүхий л бүгд найрамдах улсууд тусгаар тогтнолоо зарлаж, Зөвлөлт холбоот улс хаашаа ч юм бэ? алга боллоо. Горбачёв 1989 онд энэ алдагдсан улсын анхны бөгөөд сүүлчийн ерөнхийлөгч болсон юм. Тэгвэл 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тэр албан тушаалаасаа буулаа. Эл явдлаас хэдхэн сарын өмнө Горбачёвыг олон арван жилийн турш сая сая хүмүүсийн цус, нулимсаар бүтээсэн бүхнийг маань үгүй хийлээ гэж хуучин зөвлөлтийн зарим эрх мэдэлтнүүд баривчилж, гэрийн хорионд байлгаад бүр буудан алах тухай хэлэлцэж байхад ОХУ-ын анхны ерөнхийлөгч Борис Ельцин ард түмнийг араасаа дагуулан гарч ирж түнэр харанхуй дундаас гэрэлт хүмүүнийг чөлөөлсөн юм.

Горбачёв Орос орны нэр төрийг аварсан юм. Тэр Зөвлөлтийн хамгаас аймшигт нэг төрлийн өвчин болсон зэсвэглэлээр хөөцөлдөхийг нь зогсоож, энхийн олон санаачилгыг дэвшүүлж хэрэгжүүлсэн билээ. Тэдний дотор Европ дахь ойрын зайн тусгалт пуужингуудыг устгаж, Зөвлөлтийн цөмийн туршилтыг бүр мөсөн зогсоох зоримог шийдвэрийг гаргасан болно. Тэрээр Афганистанаас Зөвлөлтийн цэргийг гаргаж, Берлиний ханыг нурааж, дорнод европ төдийгүй бусад социалист дэглэмтэй байсан орнуудад ардчилал цэцэглэх түүхэн нөхцөлийг бүрдүүлсэн, хүйтэн дайнд цэг тавьсан хүндэт хүмүүн юм. Хорьдугаар зууны сэргэн мандалтыг нөхөр биш ноён Горбачёвгүйгээр төсөөлөхөд дэндүү бэрх. Хүн төрөлхтөн түүнийг хүндэтгэн хайрлаж Нобелийн энх тайвны шагналыг хүртээсэн юм. Цаг үе дайснаа төрүүлдэг бол бас баатраа тэвэрч өсгөдөг байжээ. Үзэл суртлын эрэн зуун төгсөж байлаа...

Үргэлжлэл бий...

Нийтэлсэн: О.Цэнд-Аюуш

Асар их харанхуйд ассан гэрэл буюу Михайл Сергеевич Горбачёв  
Үзсэн: 4395 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Э [127.0.0.xxx] 2020-02-07 09:15
Үргэлжлэл хаана байгаам бол?
daram [202.9.41.xxx] 2017-01-13 04:13
манай үхэр монголчууд энд коммент бичиж оюун бодлоо уралдуулах бяд алгадаа, хоосон хов жив шар мэдээнд бол үхэл болж яаж уралцаж байгаа бол
202.180.220.xxx [202.180.220.xxx] 2015-09-08 15:59
urbagch

Бидэнтэй нэгдээрэй