Шууд Chart

Мэдлэггүйд богтлогдсон туйлшрал

2013-09-16 15:01:18

Монголчууд  бид  туйлшрамтгай  улс  юм. Гэхдээ цусанд байдаг  зан  чанар  гэж  туйлшрахаа больё. Харин хүмүүс ямар учраас, тэрдундаа улс төрчид ямар шалтгаанаар хэт туйлширч, нэг талыг нь хэлтийлгэдгийг ОУ-ын эрдэмтдийн судалгаанаас  баримт болгон  дурьдмаар байх юм. “Psychological Science” сэтгүүлээс “UB man” цахим хуудас орчуулсныг ашиглалаа.  
              Улстөрийн үзэл бодлын туйлшралын цаад шалтгаан нь ердөө л  мэдлэгтэй  холбогдож. “Хүмүүс улстөрийн үзэл баримтлал - эдийн засгийн онол загварыг хичнээн бага ойлгох тусмаа төдий чинээ  хатуу, эрс тэс туйлширсан үзэл бодол, байр суурьтай байдаг” гэж дүгнэжээ.  
             Төслийн нэг оролцогч, Колорадын Их сургуулийн Лидскийн бизнес сургуулийн профессор Филипп Фернбах “Ихэнх хүмүүс тухайн улстөр-эдийн засгийн үзэл баримтлалын тухай маш  доогуур ойлголттой,  тун болхи төсөөллүүдтэй байгаа нь илэрхий болсон” гэж ярьсан байх юм. Үнэхээр тийм гэж  туйлширч  ам нийлмээргүй ч, үгүй  гэж  эсэргүүцэх гэхээр  өнгөрсөн нь бодогдоод  болж  өгөхгүй  нь. 
 
Шүтэх, үзэн ядах  туйлшрал    
2000  оноос хойш  уул  уурхайг   хөгжүүлье,   ухаж авч  ашиглая гэж  зүтгэсээр  сүүлийн хэдхэн жилд   нийт газар нутгийнхаа  50 гаруй хувийг   лицензээр    хувьд  эзэмшүүлчихсэн.    
Тиймээс ч ухсан   газар,  сэндийчсэн нүх,  ширгээсэн  гол усгүй   нутаг   үлдээгүй   байх.     Үүний  балаг,  гэм ямар  байдгийг  хөдөө, уул устайгаа ойр амьдардаг монгол хүн бүр биеэрээ мэдэрсэн.  Хотод  суугаа   би хүртэл  Мөрөн голын дэргэд нутагладаг эцэг эхдээ очиж мал хариулахдаа   хонь, үхрийг нь   хайрганы карьерт  дахиад  үхүүлчихгүй юмсан  гэж  хичээдэг    болсонсон.               
Энгийн энэ жишээнээс эхлээд л  уурхай   дагасан  амьдралын аль болохгүйг хэлэхэв.   Ан амьтан ургамал цөөрсөн,  мөнгөн ус    цианит зэргээс  үүдсэн   өвчин эмгэг нэмэгдсэн,  эхнэр, хүүхэдгүй гэр бүлээрээ  уурхайгаас өөр амьдралгүй мэт сэтгэх үзэгдэл газар авсан гээд хэлвэл   ёстой л  “баялаг  шүтсэн монголчууд  уурхайн   утаа, тоосонд мансуурч”  эхэлсэн.  Үүний  суурь  нь    бас л  туйлшрал. 
Гэхдээ энэ бол уул уурхай л “монголчуудын  мөнгөний машин” гэх сэтгэлгээгээр   далимдуулж   өөрсдөө хувь эзэмших гэсэн төрийн эрх мэдэлтнүүдийн   улайрлын   “туйлшрал”   байв.  Өнөөдөр  хэн  лицензтэйв  гэсэн  асуултын   хариу   үүнийг   гэрчлэх  байх. 
              Тиймээс   л  уул уурхайг  цэгцлэх  шахалт төрд   доороос, иргэдээс нь  ирсэн хэрэг.   Даанч дахиад л улс төрчдийн хэт туйлшрал,    дээр  хэлсэн    мэдлэггүйгээс  үүдсэн  өвчний балгаар   хэтэрсэн ч хэрэгтэй   байсан   уул  уурхайн  үйлдвэрлэлийг боомилчихсон.  “Гэнэтийн”  тодотголтой  ашгийн татвар нь  ёстой л гэнэт бий  болж, ихэнх ашгийг нь авч одсон,   гол мөрний ай сав газрыг хамгаалсан  хууль  нь  хэт ерөнхий, хэрэгжүүлэх арга зам нь тодорхойгүй,   өнгөрсөн онд батласан  стратегийн салбарын  хөрөнгө  оруулалтыг  зохицуулах  хууль нь   хөрөнгө оруулах  биш,  гаргах  хууль  болчихсон гэж  мэргэжлийн   хүмүүс ярих юм  билээ.  Өөрөөр хэлбэл амттай болгох гээд  идэхийн аргагүй шорвогдуулдагтай   адил   эрхэм   түшээдийн   “туйлшрал”-ын бүтээгдэхүүн  ийм  үр  дүн  авчирч.   
 
 Туйлшрал даамжирсаар  
            Эмч нь өвчтөнөө  оношилж  чадахгүйд хүрсэн, автобусанд  суусан нэг  нь  мөнгөө  төлөхгүй гүрийх  болсон,  бүр үнээний сүү шингэрч,  гарц нь буурах болсон нь хүртэл   уул  уурхайг  боомилсноос  болсон  гэж   ярьж,   бичихэд  хүрч  байна. “Агаарын бохирдол, хөрс шорооны доройтол, архи тамхины замбараагүй хэрэглээ энэ бүгдийг өөрчилж шийдвэрлэхэд зөвхөн  уул уурхайн мөнгө л  тусална” гэсэн  утгатай  нийтлэлийг  ойрын хэвлэлээс  унших   боллоо. 
             Валют  ховордсноос  бараа бүтээгдэхүүний үнэ өсч дарамт үүсч байгаа нь нэг талаар уул  уурхайг боомилсон   хуулиудаас үүдэлтэй ч цааш хөөвөл   өмнө нь  харин ч ухаж зөөхөөс өөр үйлдвэрлэлийг үл тоосон хэдэн жилийн  туйлширлын    үр дагавар   байх  болов  уу.
              Үлдсэн гол мөрөн,  нутгийг  минь   хамгаалсан урт нэртэй хуулийг  “хамгийн их балагтай” хэмээн өнөөдөр ад үзэх  болж.   Үр  хүүхэддээ амьдрах нутаг,  малдаа бэлчээрлэх газар  үлдээх  гэсэн  олны   хүсэл   шаардлагыг   оноо авах  гэж улайрсан  томчуудын  мэдлэггүйн туйлшрал  дэгсдүүлж,  хуулийг “балагтай”   болгож   харагдуулсан   нь энэ. Нийт газар нутгийн тал шахам хувь нь лицензээр 700 гаруй хуулийн этгээд гэх  хувь эзэмшилд  40 хүртэл жилийн хугацаатай өгчихөөд байсныг санах л хэрэгтэй. Үзэл санаа нь зөв ч хэрэгжүүлэх арга зам нь тодорхойгүй хууль болсныг   Байгаль орчны иргэний зөвлөлийн гишүүд хэлэх  юм билээ.  
 
Гишүүн   Ш.Түвдэнбалжир: “Хамгийн том алдаа нь урт нэртэй хуулийг “Алт” хөтөлбөрөөс өмнө батлах ёстой байсан. Цаг хугацааны хувьд хоцорсон. Хуулийг хэрэгжүүлэх процедурын нарийн заалт байхгүй.  Тухайлбал урт нэртэй хуулиар  аж ахуйн нэгжүүдэд   нөхөн олговрыг нь олгосны дараа лицензийг нь цуцална гэж заасан. Энэ нь маргаан дагуулж, шүүхээр шийдвэрлэх гэсээр байтал  лиценз  нь цуцлагдахгүй  байсаар  л  байх  үндэслэлтэй.  
        Дээр нь  нөхөн төлбөр авах хэмжээнээсээ илүү хохирол учруулсан байгууллага ч бий.  Түүнийг  хэн ч тооцоогүй. Мэргэжлийн нинжануудыг бий болгосон гэдэг ч үнэн. Хууль байх нь  зөв ч  зарим заалт, хэрэгжүүлэх  арга  зам, журмууд  нь  учир дутагдалтай." /mp3-аар сонсох/ 
 
Ар далаараа тавиулсан гээд байгаа уул уурхайн хөрөнгө оруулагчдыг  зөвхөн  хуулиуд  айлгасан гэсэн дүгнэлт мөн л туйлшрал болж   байна.
            “Нээлттэй нийгэм форум”-ын  судлаач  Дорждарийн   “Ардчилал” сонинд ярьсанчилан  хөрөнгө оруулалт багассан нь улс төрийн бодлогоос гадна зах зээлийн үнэ нөлөөлж. “Ашигт малтмалын үнэ доогуур байхад хөрөнгө  оруулалт  буурдаг  нь бизнесийн хууль”   байх нь.  Тэгвэл түүхий эдийн үнэ ханш дэлхийн зах зээл  дээр өнгөрсөн ганцхан жилд яаж өөрчлөгдснийг харъя. 
            Ашигт малтмалын газрын  мэдээгээр  тасралтгүй өсч байсан  алтны үнэ ханш  өнгөрсөн оны 1 сард 1 642 ам долларт хэлэлзэж байсан бол жил хагасын дараа   буй өнгөрсөн 7 сарын байдлаар  1200 доллар болж буурсан.   
            Мөн хугацаанд мөнгөний үнэ   30 хувь, зэс 10,  цайр 1,  молибедине  21 хувь, гянтболд 10, төмрийн ханш   3 хүртэл   хувиар   хямдарсан   байх  юм.  Нүүрсний үнийг дурьдах нь илүүц биз. 
 
Туйлшрал дээр тоглосон лобби
            “Үүсээд байгаа  эдийн засгийн хүндрэлийг ганцхан уул уурхай л шийдэж чадна. Тэндээс богино хугацаанд  маш их мөнгө хийнэ  гэж  утга  агуулгатай мессеж хаа сайгүй нисч эхэллээ.  Араас нь “ганцхан  мөрөөр нь ажиллуулж,  татвараа л ав”  хэмээн  аргыг нь заасан  байх юм. 
             Тогтож харвал татвар өгч, нөхөж сэргээнэ л гэсэн бол өмнөх  шиг “газар нутгаа тарааж өгөөд,  ухуулаад бай.”  гэсэн утга дүйгээд байна.   Үнэ  өсч, цалин  нь  багадсан   иргэд,   хүсэл байвч хэтэвч нь нимгэрсэн төрийн  зовлон дээр  тоглож,  уул уурхайг шүтэх үзлийг   суулгах  гэсэн    мэдээллүүд  олширлоо  гэж   хардахад  хүргэж байна.  
              Бид хэн нэгэн  хэвлэлээр олон гарч,   зурагтаар нэг биш удаа  харагдахад  л энэ нөхөр  гишүүн болох нь, нэр дэвших нь гэж ярьдаг.  Үнэн л байдаг. 
          Хир их мөнгөтэй  нь олонд танил болдог шиг  ойрд  гарсан  мэдээллүүд  мөнгөтэй, мөнгөний  төлөө  улайрсан  лицензийн   эздийн   лобби   ч  байж  мэдэх. 
              Учир нь бидэнд хэрэгцээ байгаа бол   тэдэнд эрх мэдэл, мөнгө, зээл  өр,  сонирхол,  улайрал  аль аль нь бий.. 
               Лиценз эзэмшигч 700 гаруй нөхдийн  олонхи нь өмнө төр, засгийн  түшээ  байсан,  одоо  ч байгаа,  олны танил  нөхдүүд  байдаг. 
              Үүнийг хоёр жилийн өмнө хэвлэлүүд  /MASS.mn цахим хуудас/  олонд зарлаж шуугиан тарьж байсныг нэхэн санаж болох юм.  /2 жилийн өмнөх байдлаар /
           “Эрэл”-ийн Эрдэнэбат. Түлш, эрчим хүчний сайд байсан тэр бүх лицензээ авгайнхаа нэр дээр төвлөрүүлсэн.  “Эрэл” ХХК-ний ордууд Дорноговь,  Дархан уул,  Говьсүмбэр,  Төв,   Хөвсгөл аймагт байсныг зарлаж байлаа. 
               - МАК”-ын Нямтайшир. УИХ-ын гишүүн тухайн үед нүүрсний 12, Барилгын материалын 5, алтны 2, зэсийн 1 ордтой байсан.  “Монголын алт МАК” ХХК нь бүх лицензээ “ХХБ”, “ХААН” банк, Европын сэргээн босголтын банкны барьцаанд тавьсан  байдаг. 
           -Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд асан Гарамжав: Түүний нэр дээр алтны 3, барилгын материалын 1 лиценз байсан.  Төв,   Булган,   Сэлэнгэ аймагт байдаг.  Түүний “Мон полимет” ХХК лицензийн төлбөрт жилдээ 22 975 доллар төлөх ёстой.  Бүх лиценз нь ХХБ болон “Голомт” банкны барьцаанд орсон тухай мэдээлж  байлаа.  
                 Гачууртын Чинбат: Монгол улсад хамгийн олон ашиглалтын лиценз эзэмшигч. Дархан-Уул,   Сэлэнгэ,   Архангай,  Баянхонгор, Улаанбаатарын Хан-Уулд  нийтдээ ашиглалтын 21 ширхэг тусгай зөвшөөрөлтэй.  2040 оны 6 сарын 25-нд хамгийн сүүлчийн лицензийнх нь хугацаа дуусах энэ компани жилдээ 141109 долларыг лиценз ашигласны төлбөрт төлдөг байсан.  7 лиценз нь ХХБ-нд барьцаалагдсан. 
             -“Монгол газар”-ын Мянганбаяр алтны ордын 10 лиценз эзэмшигч.  Үүнийхээ 5-ыг нь “Хадгаламж” банкинд алдсан.  Олон-Овоотод нийтдээ 6 орд эзэмшдэг байгаад   өрөндөө  өгсөн дуулддаг. 
             Ийм байдлаар монголд 3-аас дээш тооны ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг 49, хоёр лиценз эзэмшдэг хүн бүр 100 гаруй  хүн байдаг байсан.  Өнөөдөр хичнээн нь лицензээ хураалгаж,  хэд нь авч үлдснийг    судалсангүй учир хоёр жилийн өмнөхөөр жишээллээ. 
                                                             
Нийтлэлтийн эхэнд  хүн, тэрдундаа улс төрчид яагаад хэт туйлширдаг тухай өгүүлсэн. Одоо харин яавал туйлширлаас ангид байж чадахыг хэлье. ОУ-ын Сэтгэлзүй, нийгмийн судлаачдын туршилт, судалгаагаар  улстөр-эдийн засгийн хэцүү төвөгтэй сэдвүүдээр өөрсдөө бие даан эргэцүүлэн бодохоос өөр аргагүй байдалд орсны дараа л хүмүүсийн  үзэл бодлууд нь туйлширсан эрс тэс байхаа больж байсан  байна. 
Тэгвэл манайд  өнөөдрөөс эхлэн дээрхи асуудлыг хэлэлцэх УИХ-ын эрхэм гишүүд өөрсддөө ийм байдал тулгарсан гэж бодоод асуудалд хандвал  “эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй”  шийд   гарч  магадгүй  нь. 
Гол нь тэд олон эх сурвалжтай “найзалж”, бодит байдлыг  он дараалал, бодит дүр зурагтай нь тунгаамаар байна.           МҮОНР-ын сэтгүүлч, газар шорооныхоо төлөө тэмцэгч, МУ-ын соёлын гавъяат зүтгэлтэн Д.Шагдарсүрэнгийн  захиасаар өндөрлөе. 
 
Нийтэлсэн: Д.Даваадулам

Мэдлэггүйд богтлогдсон туйлшрал  
Үзсэн: 5108 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.131.235.xxx [202.131.235.xxx] 2013-09-18 17:58
Харамсалтай юм аа. Хойч үе минь юун дээр амьдарна аа

Бидэнтэй нэгдээрэй