-“Дуугүй кино” он цаг, хүмүүс-
“Монголд кино урлаг үүсч хөгжсөний 80 жил тохиож байна. Гэхдээ миний кинотой холбогдсон түүх хоёр жилээр илүү. Өмнө нь би олон дуугүй кино үздэг байсан” гэж Ардын жүжигчин Гонгорын Хайдав өчигдөрхөн дурсамжаа хуваалцлаа. Насаараа урлагт уяатай явсан хүн "юм" хэлээд байна...
Түүний ярианаас түүх сөхвөл, манайд ер нь “дуугүй кино” гэдэг Монголын кино урлагийн хөгжлийн нэг үе шат байжээ. Хайдав гуайн одоогоос 82 жилийн өмнө үзсэн “дуугүй кино” юу байж таарах вэ?.. Гэхдээ энэ төрлийн хөгжлийн богинохон үе явж, явж цаг үеийн “хар хайрцаг”-наас халиагүй ээ.
"Дуугүй кино" Монголын орчин үеийн кино урлагийн өмнөх үзэгдэл биш баймаар... Энэ талаар санал солилцоход, Монголын анхны кино найруулагчдын нэг, “тэр орчин үеийн кино урлагийн өмнөх үзэгдэл” болох “дуугүй кино”-ны том төлөөлөл бол Төмөрийн Нацагдорж /1910-1966 он/ гэж авьяаслаг зохиолч, найруулагч хүн байсан.
Түүнийг “Бага Нацагаа” гэдэг байж. Учир нь тэрбээр олон хүмүүнийг утга зохиолын ертөнц рүү “урвуулж”, цаг үеийн суут зохиолчдыг төрүүлсэн гэдэг... Их зохиолч Д.Нацагдоржтой нэр нэг, бас ч гэж уран бүтээлийн нэр ус андуурагдах тохиолдол байсан тул түүнийг “Бага Нацагаа” хэмээн ялган дууддаг болсон. Хоёр Нацагдорж Германд хамт шахуу суралцаж, уран бүтээлийн “хамаатан садан” явж, хоёулаа хаачсан нь бүү мэд алга болсон, нэг нь зохиол бичиж, нөгөө нь 1940 онд найруулсан гээд ч анхаарал татах зүйлс ихээхэн...
Энэ хүмүүн сурвалж бичиг, кино урлагийн түүхэнд “дурдагдах төдий” байж болох уу даа... “Монголын кино урлагийн үндсийг тавьсан” гэдэгт найруулагч Т.Нацагдорж, Герман мэргэжилтэн Л.Шеффертей хамтарсан “Норжмаагийн зам” /1938, дуугүй богино кино/, бие даан найруулсан ”Анхдугаар хичээл”/1940/, “Тарваган тахал”/1940/, “Амьдралын дайсан”/1941/, “Хил дээр гарсан хэрэг”/1942/, хамтын бүтээл “Сүхбаатар”/1942/ гээд ихэнхийг нь тэр өөрөө бичиж, найруулжээ.
Харамсалтай нь авьяаслаг уран бүтээлч “Хил дээр гарсан хэрэг” киногоо хүлээлгэж өгөөд “Германы тагнуул” хэрэгт гүтгэгдээд эргэж урлагтаа ирээгүй. Шоронд орсон. Олон жил хоригдсон. Хожим үйлдвэрт ажиллаж байгаад мөнх бусыг үзсэн. Төмөрийн Нацагдоржоо орхиогүй бол Монголын кино урлаг дэлхийгээс хаахна олдох байсныг хэн ч эс мэднэ.
“Монголын кино урлагийн үндсийг тавьсан” гэдэгт бас 1936 онд Америкийн кино академиас гадаадын 10 шилдэг киноны нэгээр тодорсон “Монгол хүү” дуугүй, богино киног нэрлэж болно. Ленинградын кино студийн найруулагч И.Трауберг тэргүүтэй орос мэргэжилтнүүд ирж, Монгол хүнийг оролцуулан тоглуулсан эл бүтээл Монголын кино урлагийн эхлэх шанг татсан гэж үзнэ. Гэхдээ үүнд мэргэжлийн талаас нэг ч Монгол хүн оролцоогүй. Зөвхөн жүжигчид нь монгол гэдгийг андуурч үл болно. Шороотын Цэвээн, Дашзэвэгийн Ичинхорлоо, Нямын Цэгмид, Данзангийн Бат-Очир гээд олон жүжигчин энэ кинонд анх тоглосон юм. Ямартаа ч энэ бол Монгол хүн анх кинонд тоглосон түүх.
Оросууд биднийг кинонд оруулж, Монгол орны амьдралыг хальснаа буулгаснаараа онцлог. Гэвч Монгол хүний найруулсан, эсхүл бие даан хийсэн кино гэвэл “Монгол хүү” биш юм.
Энэ кинонд Цэвээн хэмээх хүмүүний сайн сайхны тод илрэл болсон малчин эр гэргийн хамт сайхан амьдрахын тулд шидэт модны эрэлд гардаг тухай өгүүлнэ. Харь газар одож, зовж зүдэрсэн ч эцэст нь төрөлх нутагтаа ирж жинхэнэ аз жаргалыг эдэлнэ. Үүгээрээ Монгол хүний менталитет/мэдрэмж, үзэл бодол, төсөөлөл, бодит байдлыг дүгнэх арга/ мөн чанарыг илэрхийлсэн анхны гэрэл сүүдрийн бүтээл болно.
“Дуугүй кино” болоод Монголын кино урлагийн үүслийн тухай өгүүлэхэд маргаан их бий шүү. Ерөөс “Дуугүй кино” гэдэг өнөө ч орц технологи, илэрхийлэх аргынхаа хувьд урлагт байр суурьтай хэвээр... Энэ төрөл аливаа утга санаа, нарийн учрын зангилааг үггүйгээр /зөвхөн дүрсээр/ илэрхийлэх, тэр хэмжээнд сэтгэх чадварыг үзүүлдэг тул одоо ч үнэ цэнээ алдаагүй...
Хайдав гуай дээр өгүүлсэн олон дуугүй киноны дундаас алийг нь 82 жилийн өмнө үзсэн юм бол... Монголын кино урлаг баян. Цагтаа цалгиж явсан “Монгол кино” гэж... Кино урлагийн он цагийн хэлхээсээр аялахад ийм байна. Энэ удаад 1940-өөд оны эхэн үе хүрээд зогсов. Үргэлжлэл бий...
Цагтаа цалгиж явсан Монголын кино урлаг (I) | ||
Үзсэн: 30305 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих: