
Оросууд дэлхийд үндэсний бөхийн спортоороо тэргүүлдэг таван улсыг нэрлэжээ. Манай улс энэхүү жагсаалтыг тэргүүлсэн байна.
Монгол
Бөх бол Монголчуудын үндэсний спорт. Тодруулбал, хүүхдээс эхлээд хөгшид хүртэл барилддаг. Монголын үндэсний бөх өөрийн өвөрмөц, уламжлалт дүрэмтэй. Цагийн хязгаар, жингийн ангилал байхгүй. Энэ өвөрмөц байдал нь Монголчуудад бусад төрлийн бөхөөр хичээллэж, амжилт гаргахад нь нөлөөлдөг. Ялангуяа чөлөөт болон сүмо бөхийн төрлөөр. Тод жишээ нь, сүмогийн 68 дахь их аварга Ёкозуна Асашёорюү Д.Дагвадорж, М.Даваажаргал, Харүмафүжи Д.Бямбадорж нар юм. Олимпийн бөхийн төрлүүдэд ч Монголчууд медаль хүртэх нь элбэг. Дөнгөж хоёр дахь удаагийнхаа олимп (1978 оны Мехико)-оос чөлөөт бөхийн төрөлд өрсөлдөж, медалийн тоогоор дэлхийд дөрөвдүгээрт жагсаж байв. Тэр үед орон нутгийн хэвлэлд “Монголын тамирчид, аугаа Чингис хааны бөхчүүд ээтэн хоншоортой гутлаараа олимпийн стадионы газрыг доргиож явна” хэмээн бичиж байлаа.
Дагестан
Дагестаныг уулсын, хэлнүүдийн, бөхчүүдийн орон гэдэг. Бөхчүүд олонтой тул тэдний дунд “бөөгнөрсөн хүмүүс рүү нэг чулуу шидвэл спортын мастер оногдоно, хоёр чулуу шидвэл Европын аварга оногдоно, атга чулуу шидвэл олимпийн аварга оногдоно” гэсэн шог яриа ч бий. Үнэхээр ч сайн бөх олонтой. Дагестан дэлхийн улсуудаас хамгийн олон буюу 43 алтан медаль хүртсэнээрээ тэргүүлдэг.
Бөх байх нь Дагестанд спорт төдий биш, амьдралын хэв маяг. Өндөр уулын хатуу ширүүн нөхцөлд амьдардаг Дагестан эрчүүд хүч чадалтай, тэвчээртэй, зориг зүрхтэй. Ийм ч байхаас өөр аргагүй мэт.
Дагестаны чөлөөтийнхөн өнгөрсөн зууны дундаас нэр алдраа мандуулж эхэлсэн. Тэр үед ЗХУ-ын үнэмлэхүй аваргаар энэ нутгийн Суракат Асиятилов тодорч байлаа. Түүнийг үлгэр жишээ болгосон олон Дагестан хөвгүүд 1960-аад оноос тодрон гарч жинхэнэ бөхийн тэсрэлт болсон юм. Тэр цагаас хойш Дагестаны бөхчүүдийг дэлхий танидаг болжээ. Энэ улсын бөхийн тухай ярихад хүчирхэг самбогийн сургуулийг нь дурдахгүй өнгөрч болохгүй. Энэ төрлийн шилдэг бөх бол Хабиб Нурмагомедов. Өнгөрсөн жил тэр тэмцээнд орохын өмнөх жингийн шалгуур дээр гарахдаа “Хэрвээ самбо амархан байсан бол түүнийг жиү-жицү гэж нэрлэх байлаа” гэсэн бичигтэй цамцтай гарч байжээ. Сонирхолтой нь энэ тэмцээн өөрийн жиү-жицүгийн уламжлалтай Бразилд болж байв.
Осетин
Осетинчууд Дагестантай бөхөөр байнга өрсөлддөг. Умард Осетины чөлөөтийнхөн XX зууны дунд үеэс тодорч эхэлжээ. 1952 оноос эхлэн зургаан удаа ЗХУ-ын аварга болсных нь дараа буюу 1958 оны УАШТ Владикавказын Спартак стадионд болсон. Тэгэхэд Осетинчууд нутгийн дэвжээн дээрээ долоон алтан медаль хүртэж байлаа. Осетинд бөхийн төрөл итгэмээргүй түгээмэл. Өдөр бүр бөхийн дугуйланд хэдэн зуун мянган жаал ирдэг. Дагестантай адил Осетинд домогт бөхчүүд бий. Тэдний нэг Кануков Темирболат (Бола) Дударикоевич. Түүний өндөр 2.28 метр, жин 220 кг орчим байсан гэдэг. Тэр цаг үеийнхээ хамгийн алдартай бөхчүүдийг ялж байжээ. Бола бол маш даруу зантай, ялалтандаа барддаггүй, уламжлалаа хатуу сахиж дэвжээн дээр нүцгэн гардаггүй бөх байсан гэдэг. Дэлхийн дэвжээнд олон ялалт байгуулсныхаа дараа Бола төрөлх тосгондоо буцан ирж амьдарч, 1922 онд ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн гэдэг.
Өөр нэг сонирхолтой баримт бол Осетинд Ногир нэртэй тосгон байдаг. Энэ тосгоноос олимпийн дөрвөн аварга төрсөн. Нэг нь гурван ч удаа түрүүлж байсан юм билээ. Ингэснээр Ногир тосгон энэ амжилтаараа Гиннесийн дээд амжилтад бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар Осетины дэлхийн болон олимпийн аваргын тоо 60 гаруй болов.
Азербайжан
Азербайжан бол эртний бөхийн уламжлалтай. Энэ улсын хүмүүс барилдах дуртай. Азербайжаны үндэсний бөхийг гюлеш гэдэг. Бидний сайн мэдэх “Бүү ай, би чамтай хамт” кинонд Лев Дуровын бүтээсэн дүр Сан Саныч бэлтгэлийн өмнө “Энэ дашрамд хэлэхэд, би танай үндэсний бөх гюлешээс их зүйл сурсан” гэж ярьдгийг эргэн санана уу. Азербайжаны бөхчүүд дунд олон алдартай чөлөөт болон сонгомол төрлийнхөн бий. Тодруулбал, алдарт Ибрагимпаша Дадашов, Махаддин Аллахвердиев. Тэд ДАШТ-ээс гурван алтан медаль хүртэж байсан.
Эх орны дайны дараа Азербайжанд грек-ромын барилдаан эрчимтэй хөгжиж эхэлсэн түүхтэй. Анхны ДАШТ-д чөлөөт бөхийн төрлөөр Мексикт Ариф Нифтуллаев өрсөлдөж алтан медаль хүртэж байлаа. 1980-1990 оны үед Азербайжан бөх Махаддин Аллахвердиев гурван удаа дэлхийн аварга болж байв. Одоо болтол тэдний ялалтын буухиа үргэлжилсээр байгааг Лондоны олимпоос хоёр бөх нь медальтай ирснээр дахин сануулсан.
Иран
Иранчуудын дэлхийн аваргаас цуглуулсан медалийн тоо Дагестаныхаас дутахгүй. Үүнийг тэдний эртний бөхийн уламжлалтай холбон ойлгож болно. Ираны хамгийн түгээмэл үндэсний спорт бол вазреше зурхане. Энэ нь 3000 жилийн тэртээгээс хадгалагдаж ирсэн Персийн тулааны урлаг юм.
Мэдээж энэ нь Иранчуудын хувьд спорт төдий зүйл биш. Харин Ираны жинхэнэ баатруудыг хүмүүжүүлэх систем. Вазреше зурханегээр хичээллэдэг хүнийг пахлеван буюу перс хэлээр баатар хэмээн хүндэлдэг. Бэлтгэл нь дугуй хэлбэртэй, доош ухсан дэвжээнд явагдана. Бөхчүүдийн хүчний бэлтгэлийн гол хэрэгсэл нь хоёр том муна байдаг. Тэдний жин гурваас 180 кг хүртэл. Бөхчүүд янз бүрийн бүжгийн мэт хөдөлгөөн хийнэ. Өөрөөр хэлбэл, барилдахын өмнө биеэ халааж бүжиглэх мэт хөдөлгөөнийг перс хөгжмийн аянд хийдэг. Бэлтгэлийг Моршед, Миандор гэж нэрлэдэг хоёр хүн удирдана. Моршед бэлтгэлийн эхлэлийг зарлах, залбирал унших зэрэг үүрэгтэй бол Миандор нь бөхчүүдийн бүжгийн хөдөлгөөнийг удирддаг.
Ираны бөхчүүд өнөөдөр дэлхийн хүчтэнүүдийн тоонд зүй ёсоор тооцогдож буйн илрэл нь Лондоны олимпоос зургаан медаль хүртсэн тамирчдаараа батлан харуулдаг.
Манай улсын үндэсний бөх өвөрмөц шинж чанараараа дэлхийд тэргүүлж байна | ||
Үзсэн: 3387 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.