Шууд Chart

Цайны замаар...

2016-01-25 16:18:54

БНХАУ-ын Жян Ши мужийн Шан Рао хотын Янь Шань тосгонд энэ сарын 15-18-ны өдрүүдэд “Түмэн газрын цайны зам болон хотуудын хөгжлийн Монгол, Хятад, Оросын хотын дарга нарын уулзалт” боллоо. Дөрөв дэх удаагийн уулзалт болсон Янь Шань тосгон нь Өмнөд Тан улсын үед байгуулагдсан, мянган жилийн түүхтэй цай бэлдэх, цаас үйлдвэрлэх, зоос цутгах, цайны худалдааны төв эртний хот юм.

Манай улсаас 14 хүний бүрэлдэхүүнтэй баг тус дээд хэмжээний уулзалтад оролцохоор Янь Шанийг зорилоо.  Монголын талыг зохион байгуулагч Энхтайван найрамдлын байгууллагын ерөнхийлөгч Д.Загджав, Улаанбаатар хотын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч дарга Н.Гантөмөр, Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат, С.Сэлэнгэ аймгийн Засаг дарга Бүрэнбат, Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболд, МУИС-ийн багш Ш.Эгшиг, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл болсон сэтгүүлчид оролцсон юм.

Энэ уулзалтаар Ази, Европыг холбосон эртний цайны замыг сэргээх, худалдаа эдийн засгийн эргэлтийг хурдасгах асуудлыг хэлэлцсэн. Гурван улс хамтран аялал жуулчлалын холбоог байгуулж, цайны зам дагуух хотуудыг хөгжүүлэхэд анхаарахаар болсон нь энэ уулзалтын үр дүн байлаа.

Цайны замын түүхээс сөхвөл ...

XVII зуунаас эхлэн Монголчууд цайны замаар тэмээн хөсгөөр ахуйн болон соёлын бараа тээвэрлэж ирснийг түүх гэрчилдэг. Хөх хот-Хаалган-Хүрээ-Хиагтын урт аян 6-8 сар үргэлжлэн олон зуун тэмээ ачааг тээдэг байж. Тухайн үед “Би явж байна. Бээжин сууж байна”  гэсэн хэлц  үг ч гарсан байдаг.  

Түмэдийн Алтан хан анх цайны худалдааг Монголд өргөжих эхлэлийг тавьсан бол Хотгойдын Алтан хан Увс нуурт Оросын элч төлөөлөгчдийг 1618 онд анх цайгаар дайлж, Оросын хаанд 200 боодол цай бэлгэнд илгээснээр Оросын дээд давхаргынхан анх цайтай танилцсан гэгддэг. Түүнээс хойш цайны худалдаа өргөжин Орос, Монгол, Хятадыг холбосон худалдааны их зам гарчээ. Хятадын Хаалган, Монголын хүрээ, Хиагт, Оросын Новогород, Санкт-Петербургт цайны зам хүрч байлаа. Энэ цайны зам дагуу хожим нь Монголын төмөр замыг тавьсан байдаг гэж Карл Робинсон “Мөнх хөх тэнгэрийн нүүдэлчдийн эзэнт гүрэн-Монгол” номдоо дурджээ. 300 жилийн турш худалдааны жин цувж байсан ч Хятад улс далайн тээврийн худалдааг хөгжүүлснээр энэхүү зам бүдгэрсэн юм.

Гурван улс хамтран аялал жуулчлалын холбоо байгуулахаар тохиролцлоо

Хятадын зохиолч, судлаач Ден Жиуган 2000 онд “Цайны зам” түүхийн зохиолоо гаргаснаар Хятад даяар гурван улсыг холбосон худалдааны замын тухай хүн бүр анхааран, тэр чиглэлийн судалгаа, аялал жуулчлалын шинэ зам гаргах ажил эхэлсэн байна.

Харин дөрөв дэх удаагийн “Түмэн газрын цайны зам болон хотуудын хөгжлийн Монгол, Хятад, Оросын хотын дарга нарын уулзалт” БНХАУ-ын Жян Ши мужийн Шан Рао хотын Янь Шань тосгонд болсноороо онцлог байлаа. Хуралд оролцох манай баг Бээжингээс хоёр цаг гаруй нисэж И Ү Шань хотод газардан, цааш нэг цаг орчим машинаар явж Янь Шань тосгонд хүрсэн юм. Янь Шань тосгон нь Мин, Чин улсын үед Хөх мөрний өмнөх таван гар үйлдвэрийн төв гэж нэрлэгдэж байсан бол өдгөө Хятадын захын тосгон болон үлджээ.

21-р зууны Хятадын тосгоны бага сургууль 

Цайны замыг сэргээх нь түүхэн үед их хөлийн газар байсан хотуудыг хөгжүүлэх, аялал жуулчлал, соёлын харилцаа, энх тайван найрамдлыг бэхжүүлэхэд оршиж байна. Цайны зам  нь Хятад улсын 30 гаруй хот, манай улсын 10 орчим, Орос улсын 50 гаруй хотын хил зааг, нутаг дэвсгэрийг хамардаг. Энэ удаагийн уулзалтад цайны зам дагуу орших Төв, Дархан, Сэлэнгэ, Ховд аймгийн Засаг дарга нар Ази, Европыг холбосон эдийн засаг, аялал жуулчлалын энэ коридорт хэрхэн хамтран оролцох боломж, гарцаар илтгэл тавьсан юм. Цайны зам Хятадын Чуулалт хаалгаас эхлэн Хүрээ, Хиагтаар дамжин Хаант орос руу явдаг гол зам. Тиймээс ч түүхэн замыг сэргээхэд тухайн үеийн Хүрээ буюу одоогийн Улаанбаатар хот чухал байр суурь эзлэх учиртайг ч холбогдох албаныхан хэлж байв. Мөн Монголын нутгаар дамжин өнгөрөгч газруудыг нягтлах юм бол өөр нэг цайны худалдааны зам нь Хөх хот-Улиастай-Ховд-Цагааннуур-Бийск гэсэн чиглэлийн Монголын баруун хязгаарыг дайрсан зам юм.  

Манай улс Ази, Европыг холбох хуурай газрын хамгийн дөт зам байсаар байна

Хятад улс дэлхийн байгалийн хийн 31 хувийг эзэмшдэг Орос улстай эдийн засгийн хувьд ойртон, өөрийн эрчим хүчнийхээ хэрэглээг хангах зорилт тавьж байгаа. Укрианы асуудлаас болж, өрнөдийн орнууд Орос улсад эдийн засгийн хориг тавьж, шахалт үзүүлж эхэлсэн нь Хятад улсад маш ашигтайгаар эргэж, өнгөрсөн онд 30 жилийн хугацаанд байгалийн хий нийлүүлэх урт хугацааны гэрээ хийхэд хүргэжээ. Хятад улс 2014 онд нэг их наяд юанийн импорт хийжээ. Үүний 1.5 хувийг ОХУ эзэлж байна. Харин 230 сая долларын бараа бүтээгдэхүүн экспортлосны 5.6 хувийг ОХУ эзэлж байгаа нь бага дүн юм. Хойд, өмнөд хоёр хөршийн худалдаа эргэлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг тэлэх гол гарц нь Монголоор дамжих цайны зам. Тиймээс дөрөв дэх удаагийн цайны зам уулзалтын үр дүнд “Янь Шаний тунхаглал” гаргаж, гурван улс хамтран аялал жуулчлал, эдийн засаг, соёл, энх тайван, найрамдлын харилцаагаа бэхжүүлэхээр болсон юм.

Монгол нутгаар дайран гарч хэдэн зуунаар шалгарсан “Цайны зам” нь Монгол Улсын хөгжилд сайхан ирээдүйг дагуулах нь дамжиггүй. Энэхүү замын ач холбогдол одоо ч хэвээрээ бөгөөд Монгол Улс Ази, Европ тивийг холбох хуурай газрын хамгийн дөт зам байсаар байх болно.

 













Нийтэлсэн: Б.Отгон-Эрдэнэ

Цайны замаар...  
Үзсэн: 4310 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2016-01-26 09:20
saihan hiitlel bna amjilt sain ajillaarai
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2016-01-25 16:41
нэг мундаг өндөр хятад байна уу даа

Бидэнтэй нэгдээрэй