Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Аавын дотоод ертөнц

2016-01-27 10:27:31
Error loading player: No playable sources found

Би ааваараа л бахархаж, ааваараа л бардамнах дуртай. Нутаг хотолдоо хүндлэгдэн өргөгдсөн, эр хүний ноён нуруу түшиг тулгатай, хүн чанарын алтан илтсийг нарны цацраг мэт өөрөөсөө гэрэлтүүлж өргөн олноор хүрээлүүлж чадсан тэр эгэл боргил эрхмээс эр хүн байхын мөн чанарыг сэтгэл зүрх, судасныхаа цохилт бүхнээр мэдэрч өснө гэдэг бол надад бурханаас өгсөн агуу их хишиг буян, аз завшаан билээ. Аавыгаа онож төрсөндөө, аавынхыгаа онож төрсөндөө л баярлана. Өвгөдийн ухаан, өв соёл, тэнгэрийг шинжих ёс, тэнүүн дэлгэр тал нутгаа арван хуруу шигээ мэддэг тэр гайхамшигт чадварт нь хархан бага наснаасаа эдүгээ хүртэл сүслэнхэн өслөө дөө. Миний аавд чадахгүй зүйл гэж байдаггүй юм. Юу л барина түүнийгээ чаддаг. Түүнд нь ижий минь үнэн сэтгэлээсээ бахтай байдаг байж билээ. Ээж минь заримдаа “Энэ хүмүүс их сонин юм. Яахаараа иймхэн юмыг хийж чаддаггүй байна аа” гэж ирээд л намжир татан шилбэлзэж байгаа нь ааваар бахархаж, бардаж байгаа нь тэр.

Цагийн хатуу, улирлын бэрх хаврын харшаанд царай зүс нь борлож, ажил, малд дарагдсан нутаг усныхандаа инээд хөөр, жаргал баярыг бэлэглэн үргэлж хошин хоржоонтой үг хэлэн инээлгэж явдаг аавд минь зон олон нь ч хайртай билээ. Ус хонхорынхонд тохиосон уй гуниг, жаргал баярын алинд ч хүмүүс аавын амыг л харна. Аав ч үүнд нь сэтгэлийн гүнээсээ хандан зааж зурж, тэг ингэ гэнэ. Тэр бүгдийг нь харж өсөхдөө би том болоод аав шигээ л хүн болно гэж бодно. Аливаад нугарч хугарахгүй эрс шийдэмгий, хүнд тусархуу, цайлган хайлган, хоёргүй зантай тэр л эрхэм чанаруудаар нь аавыгаа би уул шиг нөмөр нөөлөгтэй, бат түшиг тулгууртай хүн гэдгийг нь сайн мэднэ.

Энэ бол миний аавын гадаад ертөнц байсан юм билээ. Би аавыгаа юу бодож, юунд сэтгэл нь хөөрч, юунд сэтгэл нь гутарч, юунд дотуураа өмөрч, дотогшоо уйлж, юуны өмнө зориг мохон шантравч сэтгэлийн хатаараа даван туулж байдгийг нь харин мэдээгүй юм билээ. Өнгөрсөн жил Цагаан сараар очиж золгохдоо аавтайгаа энэ тэрийг хүүрнэлдэж байгаад яагаад ч юм ээжийг маань мөнхөрсөн жилийн их сэрүүхэн намрын тухай, тэр намрын эргэн тойрны үйл рүү яриа маань шилжсэн юм. Тэгэхэд л би аавынхаа дотоод ертөнцөд нэвтрэх шиг болсон билээ. Аавын дотоод ертөнц ямар уудам юм бэ. Ертөнцийн түмэн үйлийн тухай, ерөөсөө хүн яаж амьдрах тухай, эр хүний мөн чанар юу байдаг тухай, ээжийг мөнхөрсөн жил яагаад нүүгээгүйн тухай нэгэн хэмийн жигд өнгөөр намуухан ярихад нь би өөрийн эрхгүй ааваараа бахархаж бас аавыгаа хачин их өрөвдөж дотогшоо  мэлмэрч суусан билээ.

Хүүхэд багачууд нь өсч томроод бүгд тус тусын айл болсон болохоор аав, ээж хоёр маань гэртээ хоёулаа л байдаг байлаа. Тэр нэгэн жил, хэдийгээр хаврын сүүл сар гарч үндэс нахиа түрж байсан ч аавынх Үзүүр товогт байх өвөлжөөнөөсөө арай нүүгээгүй байлаа. Тэр үеэр ээжийн бие өвдөж эмнүүлж домнуулахаар хот орон зорьсон юм. Ээжийн өвчин их ужиг байсан болохоор эмчилгээ хийлгэн эмнэлэгт хэвтээд зуны сарыг бараг хотод өнгөрүүллээ. Энэ хооронд аав хөдөөгөө гэртээ л байлаа. Тэгэхдээ өвөлжөөнөөсөө нүүгээгүй юм. Зуны сарын сүүлээр ээж маань аймагтаа ирлээ. Аймагт ирээд бие нь базаахгүй байсан болохоор гэрээдээ харьж чадалгүй мөн л аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэв. Нэгэнт эдгэршгүй өвчтэй болсон болохоор ээжийн маань өдрөөс өдөрт дордсоор мөнх бусын зохионгуйд автаж дуу дүрсээ, сансар нирвааны оронд бүтээсэн билээ.

Тэр жилийн намар хохин ёхин салхитай их сэрүүн намар болов. Аав ганц гэрээрээ мөнөөх л өвөлжөөндөө байх. Хүүхдүүд дүү нар аавыг нүүлгэж өөрсдийн дэргэд, өөрийнхтэйгөө айл буулгах гэж их үзсэн боловч аав нүүгээгүй юм. Өнөөх л өвөлжөөндөө ганц гэрээрээ, гэртээ ганцаар өвөлжсөн юм. Дүү нар, аав одоо ганцаараа хэцүү байна. Ингэж байгаад жожиг болно доо. Аавыг л нүүлгэж ирмээр байна гэж өрж барж, арга хоргоо барлаа. Тэр болгонд аав эрс дургүйцнэ. Би нүүхгүй л гэнэ. Нэгэнт л шийдсэн бол хэлсэн ам, гаргасан шийдвэрээсээ эргэж буцаад нялцаганаад байдаггүйг бид бүгд мэдэх болохоор яаж ч чадахгүй хий дэмий л санаа зовцгоож байсан билээ.  

***

Цагаан сараар хүүхэд багачууд нь золгохоор ирсэн болохоор аав сэтгэл тэнүүн байлаа. Сар шинийн айл хэсч нутаг хотлынхонтойгоо золгох гээд хүүхдүүд дүү нар бүгд эзгүй. Аав бид хоёр гэртээ хоёулахнаа энэ тэрхэнийг хүүрнэнэ. Ээжийнхээ хойдын буянд зориулж өглөг өргөлийн шүнгээр бүтээлгэсэн тохой хэртэй өндөр, алтан шармал Майдар бурханы өмнө зулыг мандааж, арц хүжийг унгатгаж наминчлан мөргөөд эргэн харвал аав маань галд аргал нэмэх гээд хацар, гараа хөөдсөн байлаа. Би
- Аав наад нүүр ам чинь нил хөө болчихож гээд алчуур норгон арчиж өглөө. Гэтэл аав маань
- Насаараа хийгээгүй юм гэдэг хэцүү юм. Сайн ханийн буянд энэ гал тогоо гэдэг юмнаас хол хөндий явсан болохоор... гээд хэлсэн үгнийхээ төгсгөлийг цааш залгив.
Бид хоёрын яриа нэгэн хэмийн жигд өнгөөр цааш үргэлжиллээ. Аав “Хүн өнгөрөөд дөчин ес хоногтоо зуурдын сансарт байдаг юм гэнэ лээ. Тэгээд хоногоо хурааж дуусаад дараагийн төрлөө олж төрдөг юм гэнэ лээ” гэв. Бурхан шүтээн, хүмүүний хойд, урд нас, буян нүглийн тухай өгүүлж байсан ярианы сэдвийг нь хазайлгаж би ааваас
- Аав, та яагаад тэр намар өвөлжөөнөөсөө нүүгээгүй юм бэ. Өвлийн хүйтэнд ганц гэрээрээ, гэртээ ганцаараа байхад чинь бид их сэтгэл зовсон шүү гэхэд Аав,
- Энэ буурин дээр байхад ээж чинь эмчлүүлэхээр хот явсан юм. Тэгээд эргэж гэртээ ирэлгүй бурхан болсон болохоор дөчин ес хоногоо дуусгаж төрлийг аван явахаасаа өмнө намайг заавал нэг эргэж ирнэ гэдэгт би итгэлтэй байсан. Тэгээд эргээд ирэхэд нь нүүгээд явчихсан байвал намайг олохгүй байх гэж бодоод би нүүгээгүй юм гэлээ.

Миний голоос дээш нэгэн юм огшоод явчихлаа. Мэлтрээд ирж байгаа нулимсаа аяганд нь багтаан барих гэж хичээн ядаж байгаа намайг хараад аав минь “Эр хүн ер нь л хаттай байсан нь дээр дээ” гээд цээжнийхээ алсаас гүн санаа алдав.

Би тэгээд бодлоо. Бид чинь аавынхаа гадаад ертөнцийг харж л бахдаад, бардаад байсан болохоос биш дотоод ертөнцийг нь ингэтлээ мэдэрч байв уу гэж. Аавынхаа дотоод ертөнцийн их нинж тийм агуу гүнийг мэдрээд зовлонтой, жаргалтай хорвоогийн хатуу зөөлний хувь хэмжээг эн тэнцүүлж чаддаг жинхэнэ монгол эр хүний гайхамшигт ухаан, зориг тэвчээрийн өмнө сөхрөн биширч билээ. Аавынхаа яагаад нүүгээгүйг сонсоод би яаж аав шигээ жинхэнэ монгол эр хүн, үр хүүхдийнхээ гүн хүндэтгэлийг бахдам хүлээсэн жинхэнэ монгол аав болох вэ гэж өөрийнхөө дотроос өөрийгөө хэгжин эрсэн билээ. Тэгээд аав хүн гэдэг бол “Аливааг бусдаар заалгах биш харин заах хэмжээнд үргэлж байх ёстойг” ухаарав. Тэр тусмаа бүр үр хүүхдээрээ заалгана гэж хэзээ ч үгүй. Энэ бол миний аавын дотоод ертөнц бөгөөд одоо надад бүрэлдсэн миний дотоод ертөнц билээ.

 


Аавын дотоод ертөнц  
Үзсэн: 15739 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Батдэлгэр [127.0.0.xxx] 2019-05-14 22:09
Маш сайхан сургамж байнаа
nice [103.229.120.xxx] 2017-05-04 10:00
nice boljee
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2016-01-28 07:59
Neeree l deeshee 1 yum ogshood uuriin erhgui melmerchihlee... olniig bodogduulj uhaaruulsand bayarlalaa
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2016-01-27 21:39
bidnii aav iim aguu yls. teriig medreed unguruh medersenee iinhvv buulgah gedeg bas l ih tavilan huvi tuurug uym daaa bayrlalaa aaviigaa ih sanachihlaa amjilt hvsie
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2016-01-27 11:17
сайхан бичиж ээ, найрагч ах минь. аавыгаа ч их саналаа.

Бидэнтэй нэгдээрэй