Шууд Chart

Л.Ганболд: Хөвсгөл аймаг бөө мөргөлийн онгод төвтэй болно

2016-08-11 10:56:58

Сүүлийн жилүүдэд жуулчдын хөл хөдөлгөөн хамгийн ихтэй газар Хөвсгөл аймаг  байлаа. Монгол Улсын аялал жуулчлалын нүүр царай болсон энэ аймгийн хөгжил ч монголчууд бидэнд хамаатай. Хөвсгөл аймгийн Засаг  дарга Л.Ганболдтой ярилцсанаа хүргэе.    

-Танай аймгийн тухайд Хөвсгөл далай, онгон дагшин байгаль, уугуул иргэдийн аж байдал нь   жуулчдыг  татах  брэнд байсаар ирсэн. Аялал жуулчлалын хөгжлийн нэг багана нь ч энэ болов уу. Одоо нөгөө талаа  яаж хөгжүүлэх вэ?    

-Энэ жил аялал жуулчлалын чиглэлээр Хөвсгөл аймагт чамгүй орлого, хөрөнгө оруулалт орж ирж  байна. Гэхдээ үүнийг бид бүрэн дүүрэн байна гэж үнэлэхгүй. Аймгийн Засаг даргын хувьд хөвсгөлчүүд бид энэ салбараас үүнээс илүү орлого олох боломж  бий гэж харж байна. Энэ салбарт хийж бүтээх ажил ч их  бий. Энэ чиглэлээр аялал жуулчлалын байгууллага, холбоод, бизнес эрхлэгч гээд тухайн салбартай ажил амьдралаа холбосон хөвсгөлчүүдтэй, олон ч төлөөлөлтэй уулзаж, санал бодлоо  нэгтгэж байна.  Тэдгээр саналаа “Хөгжсөн Хөвсгөл-2030” хөтөлбөртөө, “Таны захиас хөгжлийн хөтөлбөр”-төө ч оруулсан. Мөн энэ салбарын бодлогын асуудлуудыг шийдвэрлэж хэрэгжүүлэхийн тулд  анхан,  дээд шатанд, УИХ-д санал асуулга  тавьж,  шийдвэрлэх ажил ч бий. Тухайлбал, яг аялал жуулчлалын орлогоос Хөвсгөл аймгийн төсөвт орж байгаа орлого маш бага байна. Учир нь аймгийн төсөвт оруулж буй аялал жуулчлалын орлогыг бид буцаагаад тухайн салбараа хөгжүүлэхэд зориулах хэрэгтэй байна.  Ийм ч  зорилготой.   

-Яг тоогоор хэлбэл аймгийн төсөвт аялал жуулчлалын салбараас жилдээ хэдий хэмжээний  орлого  ордог юм бэ?

-Энэ оны эхний 5 сарын байдлаар энэ салбараас аймагт орсон орлого бага байна. Учир нь ихэвчлэн Улаанбаатарт бүртгэлтэй компаниуд манай аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс татвар хураамж, шимтгэл бүгд Улаанбаатар руу явдаг.  Хөвсгөлийн бүртгэлтэй аж ахуйн нэгжүүд цөөхөн. Аймгийн Засаг даргын хувьд тэдгээр компаниудыг  аймагтаа бүртгүүлж үйл ажиллагаа эрхлэх чиглэл барин ажиллаж байна. Энэ салбарын бодит орлого нь газрын нөөц ашигласан төлбөр л болж байна. Энэ оны эхний 5 сарын хугацаанд  аж ахуйн нэгжүүдээс  хоёр сая гаруй төгрөг л төвлөрсөн байх жишээтэй. Ийм асуудлуудаас эхлээд холбогдох хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий болов уу. Мөн энэ салбарт  аж ахуй эрхлэхэд зориулсан стандарт хэрэгтэй байна.   

Улаанбаатарт бүртгэлтэй компаниуд манай аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг.  

-Хөвсгөл аймгийг бусад аймагтай жишихэд иргэд нь байгалийн бүтээгдэхүүнүүдийг түлхүү ашиглаж орлого  олдог. Даршилсан загас, жимс жимсгэнэ, ургамлын  чанамал, эмийн ургамал, олон төрлийн цай  гээд байгалийн гаралтай бүхий л түүхий эдийг боловсруулж, зах зээлд гаргаж байна. Эдгээр үйлдвэрлэлээс чамгүй орлого ордог болов уу?  

-Ихэвчлэн манай иргэд хувиараа өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг. Тэднээс хуулийн дагуу хувь хүний орлогын албан татвар болон холбогдох хураамжийг л авдаг. Нөгөөтэйгүүр эдийн засгийн хямралтай үед, цаашид ч  иргэд,  аж ахуйн нэгжүүдээ дарамтлах,  шахалт  үзүүлэх  хэрэггүй  юм. Харин аль  болох  бизнесийн орчныг нь бүрдүүлэх чиглэлээр хууль эрх зүйг шинэчлэхийг зорьж байна. Үүний дагуу аж ахуйн нэгж, иргэд ажил үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, саналыг нь сонсоно.  Бас зохих шаардлагаа ч тавьж ажиллана. Нэг тоо хэлье. Хөвсгөл аймаг энэ оны эхний таван сарын байдлаар нийт 4 сая 900 мянга хүртэл төгрөгийн бүтээгдэхүүн үйлчилгээ борлуулсан байна. Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл тэргүүлж байгаа бол удаад нь үр тарианы үйлдвэрлэл,  нүүрс олборлолт  орж  байна. Арьс шир, бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэл  дараа нь орно. Манай хөвсгөлчүүд юугаараа хөгжих вэ гэдгийг энэ тоон үзүүлэлтээс дүгнэх ёстой.

-Хөвсгөл нутагт гадаад, дотоодын жуулчид цэнгэг нуур, байгалийн өвөрмөц онцлог, хүн ардын аж байдал, заншлыг үзэх гэж нэг удаа, хоёр дахь удаа ирнэ. Харин гурав дахь удаагаа юунд татагдаж ирэх вэ. Миний бодлоор нутаг, хүн ардын соёл, заншлыг харуулсан урлаг, соёл, спортын  үзвэр үйлчилгээ тун ховор санагдлаа?      

-Хөвсгөл аймаг энэ чиглэлээр  бодлого боловсруулж байна. Жишээ нь, “Таны захиас хөгжлийн хөтөлбөр” дээр 2016-2020 онд бид аялал жуулчлалын тулгуур төвийн тухайд гурван төвийг байгуулахаар төлөвлөсөн. Энэ чиглэлээр  аймаг, орон нутгийн Хөгжлийн сан, улсын төсөвтэй хамтарч байна. Нэгдүгээрт, бөө мөргөлийн онгод төвийг байгуулна. Энэ төвд ирсэн хүн сүсэглэн  залбирдаг, бөөгийн ёс заншил, үүх түүх, соёлтой танилцдаг байх юм. Энэ төвийг Хөвсгөлийн брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээний цогц төвтэй нь хамт байгуулъя гэж төлөвлөж байна. Хөвсгөл далайн дэргэд байх эсэх гээд саналаа гаргаад,  зураг төслөө  яриад явж байна.  Хоёрдугаарт, Алунгоо эхийн нутаг бол Хөвсгөл аймаг. Тиймээс энэ эхийн үр удам гэдгээрээ “Эв Эе” төвийг байгуулахаар төлөвлөж байна. Мөн 50, 100-гийн огтлолцол буюу “Энергийн төв” гэдгээр нь Хөвсгөл нутгийг, биднийг дэлхий даяар ярьж, энерги авахаар энэ нутгийг зорих жуулчид ч нэмэгдэж байна. Тиймээс ч бид “Энергийн төв”-ийг байгуулахаар төлөвлөж байгаа юм.

Хөвсгөл аймагт “Энергийн төв”-ийг байгуулахаар төлөвлөж байна.

Мөн аялал жуулчлалын гудамжийг бий болгоно. Бүтээгдэхүүн үйлчилгээтэй, үзвэртэй, аятай тухтай орчин  байгуулахаар зорьж байна.  Таны хэлдгээр аялал жуулчлалын аймаг гэдэг утгаар нь сар болгон, эсвэл 10 хоногтоо ч юм уу аялал жуулчлалын “эвент”  бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг гаргахаар төлөвлөж байна. Урлаг соёл, үзүүлэн музей, урлагийн тоглолтуудаас гадна сумдын  соёл урлагийн арга хэмжээ  гээд  олон ажлыг уялдаа холбоотой төлөвлөж байна.

Бидэнд өнөөдөр энэ салбараас орлого олохоос илүү байгаль экологио хамгаалах чухал ажил бий. Хойч үедээ энэ онгон дагшин байгалиа  өвлүүлэх нь  бидний гол зорилго. Тиймээс ч энэ  онд, цаашдаа ч барих бодлого бол далайн эргийн дагуух аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагааг яаралтай цэгцлэх. Мөн холбогдох хуульд өөрчлөлт оруулах санал тавих, аймгийн хэмжээнд шийдвэр гаргаж, журамлах асуудлууд ч бий. Аялал жуулчлал бол цогцоороо хөгжих   салбар. Түүнээс өнөөдөр хөвсгөлчүүд  дан гэр, майхнаар орлого олохгүй. Бидний  ойрын   ажил  бол Хатгал тосгоныг сумын статустай болгож,  аялал жуулчлалын нүүр царай болгох юм.

-Малын түүхий эд, ноос, арьс, ширний үнэ өсөхөө байсанд малчид их санаа зовж байна.  Хөвсгөл аймагт өнөөдрийн байдлаар хонины арьс, өлөнтэйгээ 500 төгрөг, ямааны арьс бүр үнэгүй байна. Тушаах гэж явдал суудал болж байхаар гээд хүмүүс шууд хаяж байгааг нь харлаа?

-Хөвсгөл аймаг улсдаа мал сүргийнхээ тоогоор эхний гуравт ордог. Энэ бол малчдын маань хөдөлмөр, бүтээлийн буян заяа. Мөн энэ сайхан хангайн хайр хишиг. Энэ буянтай салбарыг бид цаашид хөгжүүлэхэд орчин үеийн олдворуудыг нэвтрүүлэх, мөн энэ бүтээгдэхүүн ажил үйлчилгээг бусад сайн зах зээлүүдтэй холбох гүүр болох нь аймгийн Засаг даргын хувьд гол ажил нь гэж ойлгож байгаа. Тэр ч утгаараа мал аж ахуйн бүтээгдэхүүнийг үнэ цэнэтэй болгох талаар бодлого гаргаад ажиллаад явж байна. Би аймгийн Засаг даргын ажил авснаас хойш 13 байгууллага, гадны төлөөлөгчидтэй хэлэлцээр хийж хамтран ажиллахаар болсон. Жишээлбэл,  Хятад, Орос руу бүтээгдэхүүн ажил үйлчилгээг хүргэх талаар санал солилцлоо. Энэ дотроо Хятадын Нинся  мужтай албан ёсны харилцаа тогтоож, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээгээр хамтарч ажиллах гэрээ байгууллаа. Тухайлбал, үхэр, хонины махыг энэ мужид гаргах гэрээ хэлэлцээр байгуулсан. Нэг ёсондоо төрийн төлөөллийн хувьд бизнес эрхлэгчид, малчдынхаа гүүр болж ажиллах боломжийг гаргаж өгөхийн төлөө ажиллаж байна.  

Өнөөдөр мал, мах, малын түүхий эд маш доогуур үнэ ханштай байна. Хонины арьс  гэхэд л 300-500 төгрөг байгаа нь  харамсалтай.  Яг л 1990-ээд оны эхэн үеийн дүр зураг. Яалт ч үгүй эдийн засгийн хямралаас үүдэж ийм нөхцөл байдал үүссэн. Одоо энэ нөхцөл байдлаас гарч,  хөгжих л чухал байна. Малын түүхий эд үнэ цэнэгүй боллоо гээд орхиж, хаяж болохгүй. Нөөцөлж боловсруулах, өөрсдөө янзалж  ашиглахад  онцгой анхаарах хэрэгтэй гэдгийг хүмүүст хэлмээр байна. Миний хувьд түүхий эдийн үнийг өсгөх тал дээр бодлого боловсруулж, төрд уламжилж, малчид, бизнес эрхлэгчдээ дэмжих талаар онцгой анхаарч, өөрийгөө дайчлан ажиллана. Бид гадаад, дотоодын боломжтой зах зээлийг нээхээр ажиллаж эхэлсэн.  

-Хөвсгөл аймаг Хятадын мужтай хэлэлцээ хийж, малын түүхий эд, махыг шууд экспортлох   хууль эрх зүйн боломж, гарц бий юу?

-Байгаа. Хөвсгөл аймагт ажилладаг “Мах маркет” компани гадаад зах зээл рүү малын гаралтай мах, махан бүтээгдэхүүн гаргах эрх аваад ажиллаж байна. Дээр нь дахиад махны чиглэлийн  үйлдвэр байгуулж, гадаад зах зээл рүү бүтээгдэхүүнээ гаргахаар төлөвлөж байна. Саяхан бид ОХУ-ын Эрхүү мужийн Улаан-Үд хотын удирдлагуудтай уулзаж, мах махан бүтээгдэхүүнээс гадна Хөвсгөл аймгийн брэнд бүтээгдэхүүн, ажил үйлчилгээгээр хамтарч ажиллах санал тавьсан. Оросын тал эргэж бидэнтэй гэрээ хийхээр болж байна. Мөн Монгол Улс дахь ОХУ-ын Ерөнхий консултай уулзаж харлцаагаа өргөжүүлэх чиглэлээр ярилцлаа. Эхний ээлжинд бид Эрхүү муж болон Хөвсгөл аймгийн залуучуудын нэгдсэн уулзалтыг зохион байгуулах болсон.

-Сүүлийн жилүүдэд Эрдэнэт, Дархан, Мөрөн гээд томоохон хот, аймгийн төвүүд нийслэл шиг утаатай болж байгааг иргэд нь санаа зовнин ярьдаг. Судалгаа ч гарсан байна лээ?  

-Мөрөн сумын шийдвэрлэх нэг асуудал нь энэ юм. Ерөнхийдөө орон сууцжуулах, уламжлалт  түлшний хэрэглээгээ  өөрчлөх, бууруулах  хэрэгтэй байна. Жишээ нь, хэдхэн хоногийн өмнө  БНСУ-ын “Эл Жи” компанийн удирдлагуудтай бид уулзлаа. Халаалт болон ахуйн зориулалтаар   газ хэрэглэх, ашиглах тал дээр бид хамтарч бүтээгдэхүүн, ажил үйлчилгээгээ явуулахаар ярилцлаа.  Тэд “Эхний туршилтаа Улаанбаатар хотод амжилттай хийсэн. Хөвсгөл аймаг аялал жуулчлалын бүс нутаг гэдгээрээ байгаль орчин экологио утаанаас салгая гэвэл бид бүхэн хамтрахад бэлэн байна”  гэж байсан. Аймгийн даргын хувьд би хүсэлтийг хүлээж аваад төсөл боловсруулж,  хамтдаа хэрэгжүүлэх саналаа  тавьсан.  Мөн газрын гүний болон усны дулааныг ашиглаж болох технологиуд Солонгос улсад бий.  Энэ технологийг ч Хөвсгөл аймагт,  Мөрөнд  ашиглах боломжтой. Хэрвээ төсөл хэрэгжүүлвэл хамтарч ажиллахад бэлэн гэдгээ Солонгосын тал хэлсэн. Ингэж л бусад орнуудын техник технологийн туршлагыг судалж байж шилдгийг нь нэвтрүүлэхийг зорьж байна.

-Энэ бүх ажлыг хийхэд төсөв хөрөнгө хэрэгтэй. Эдийн засаг хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөлд ямар гарц харагдаж байна вэ?   

-Хөвсгөл аймаг улсын төсвөөс хамгийн их татаас авдаг. “Өөрөө” амьдрах чадвартай болох шаардлагатай байна. Тиймээс ч аймгийн орлогыг бүрдүүлдэг, ажлын байруудыг олноор бий болгодог томоохон аж ахуйн нэгжүүдийг бойжуулах нь бидний хамгийн том зорилго.  Нэг үгээр,   Хөвсгөл аймагт үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байгаа төрийн болон орон нутгийн өмчит  компаниудын  үйл ажиллагааг өөрчлөн шинэчилж, ашигтай ажиллуулах нь  гол зорилго болж байна. Тухайлбал, уул уурхайн “Могойн гол” компанийг түшиглэн үйлдвэрлэл үйлчилгээ  явуулах нь  орлогоо нэмэгдүүлэх бас нэг гарц гэж харж байна. Ингэж л бид бүх салбарт гарц хайж  байгаа даа. Хөсгөл аймаг өнгөрсөн жил 32 тэрбум төгрөгийн санхүүжилт улсаас авч, ажил үйлчилгээ эрхэлсэн. Харин аймаг,  орон нутгийн сангийн  4.8 сая төгрөгөөр ажил хийлээ.

Хөвсгөл аймаг улсын төсвөөс хамгийн их татаас авдаг.

Миний цаашдын зорилго бол төсөв хүндэрсэн, хямралын үед олон жижиг ажил рүү хүч тарамдах биш тоймтой том асуудлыг барьж хийх юм. Энэ ч утгаараа төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах саналаа УИХ, Сангийн  яаманд  хүргүүлсэн.  

-Хөвсгөлчүүд  аймгаа  удирдах эрх, үүргийг чухам хэнд олгосон юм бол. Л.Ганболд гэж хэн бэ. Ингэж асуухын учир өмнө нь Ерөнхий сайд С.Алтанхуяг өөрийн тань нэрийг Засаг даргаас хоёр ч  удаа түдгэлзүүлж байсан?      

-Миний хувьд бизнесийн салбарт ажиллаж  байсан. Мал аж ахуйн салбарт ажиллаж бодитой үр дүнг нь гаргаж, Хөвсгөл аймагтаа энэ чиглэлийн үйлвэрлэлийг нэвтрүүлж иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх тал дээр тодорхой хувь нэмэр оруулсан гэж хэлж болно. Миний өмнө нь эрхэлж байсан байгууллага гадаад зах зээлд эцсийн бүтээгдэхүүн гарган ажиллаж байгаа нь бизнесийн салбарын хөгжлийн нэг үзүүлэлт болов уу.  Би Хөвсгөл аймаг дахь МАН-ыг удирдан ажиллаж  байгаагийн хувьд намын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, сонгогчдодоо амласан амлалтаа биелүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна. Би өмнө нь аймгийн Засаг дарга, УИХ-ын гишүүний  зөвлөхөөр, мөн ТББ толгойлон ажиллаж байлаа. Өнгөрсөн хугацаанд Хөвсгөл аймгийнхаа бүх суманд ажиллаж, Монгол Улсынхаа 240 гаруй суманд очиж танилцсан.  

Хөвсгөл аймаг хийж бүтээе гэсэн бүх хүнтэй хамтран ажиллахад бэлэн гэдгийг хэлье. Иргэд  та бүхэн  бидний хийж хэрэгжүүлж буй ажлыг дэмжиж, санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаарай. Алсаас шүүмжлэх биш хажууд ирээд зөвлөгөө өгвөл дуртайяа хүлээн авч ажиллана.

-Ярилцсанд баярлалаа.  

Нийтэлсэн: Д.Даваадулам

Л.Ганболд: Хөвсгөл аймаг бөө мөргөлийн онгод төвтэй болно   
Үзсэн: 5460 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
THOMPSON GARY [207.244.82.xxx] 2017-11-30 21:25
Сайн уу ! Та хууль ёсны, хурдан зээл авах шаардлагатай юу? Одоохондоо өргөж, мөнгөө яаралтай авах! * 5000-аас 50 сая хүртэлх албан тушаал * Дахин төлөхийн тулд 1-30 жилийн хоорондохыг сонгоно уу. * Зээлийн уян хатан нөхцөл. Хариултаа буцааж бидэнд хариу илгээх: Имэйл: (thompson.loanservice@gmail.com) Эдгээр бүх зүйлүүдээс гадна бидэнтэй холбоо барина уу. Бүтэн нэр: .......... Утасны дугаар:....... Сарын орлого: ............. Улс ............................... Зээлийн зорилго ........... Шаардлагатай хэмжээ ................. Зээлийн төлөв ............ Үргэлжлэх хугацаа: ........................... И-мэйлээр холбоо бариарай: thompson.loanservice@gmail.com Удирдлага. Кредиттэй холбогдож одоо !!!
Зочин [202.70.46.xxx] 2016-08-22 11:33
Юун балай бөө мөө өөрөө итгэдэг нь тэндээ л юм байгааз аав ээж нь ах дүү нь бөө л юм байгаа биз балайраад хувийн юмаа хийх гээд байх юм. Өөр хүнд хэрэгтэй юм хийлдээ ядаж 4 замынхаа гэрлэн дохиог засчилдаа бодвол өглөө болгон л тэрийгээр явдаг байлгүй дээ.
Зочин [202.131.233.xxx] 2016-08-17 17:14
АМЖИЛТ ХҮСЬЕ, САЙН АЖИЛЛААРАЙ
Зочин [202.70.44.xxx] 2016-08-17 12:07
за нөхөр минь өөрөө идэж уух, танил тал ах дүүгээ ажилд авах, тендер хусах зэрэг новшийн ажлаа 100 хувь хойш тавьж, Хөвсгөл нутгаа хөгжүүлэхийн төлөө ажиллана шүү. хөвсгөлийн ард түмний төлөө ажиллавал энэ нь чамд буян болно шүү. бөө мөргөл гээд дэмий юм оролдоод эхэлж байна. энэ чинь буруу шүү. бөө байдгаараа л байж байг. чи нэг онгод төвтэй болгодог нь биш гэдгийг хатуу ойлгоорой.
хөвсгөл [112.72.11.xxx] 2016-08-16 23:12
Хамтдаа зүтгэж ажиллах хэрэгтэй. Сэтгүүлч зарим тоо мэдээг алдаатай оруулсан байна. Засаарай. Хөвсгөл нутаг хөгжих болноо.
Зочин [103.212.117.xxx] 2016-08-21 21:50
өөрийнх хэлснээр оруулсан. Асуух гээд утасдсан ч утсаа аваагүй ээ
Зочин [122.201.26.xxx] 2016-08-15 19:40
Тог очсон, замтай болсон, одоо манай хөвсгөлчүүдийн өөрсдийн хийх ажил их байна даа. Аялал жуулчлал гэдгийг жинхэнэ утгаар нь хөгжүүлбэл юун оюу толгой молгой ш дээ уг нь...Юм хийх гээд байгаа хүмүүсдээ тээг бололгүй дэмжээд өгөх хэрэгтэй дээ Ганбаа минь...
Зочин [122.201.26.xxx] 2016-08-15 19:31
Далайн эрэг дээрх жуулчны баазуудыг цэгцлэх хэрэгтэй. Татвар хураамж нь аймгийн төсөвт ордог болгооч....
Зочин [122.201.23.xxx] 2016-08-15 17:21
Аялалын шугамаар 50, 100-гийн огтлолцол дээр очоод барьж байгаа байгууламж нь үнэхээр чанарын шаардлага хангахгүй, өнгө үзэмж муу нүд хуурсан байсан. Мухар сүсэг бөөгийн төв бүр хэрэггүй, хүн үзэж харахад зориулагдсан зураг төсөв гаргаж албан ёсоор батлах хэрэгтэй

Бидэнтэй нэгдээрэй