Шууд Chart

“Эрдэнэт” үйлдвэр Уул уурхайн яамны харьяанд байдаггүй

2016-09-23 16:02:40

Уул уурхайн салбарын үйлдвэрлэл манай экспортын бараа бүтээгдэхүүний 80 гаруй хувийг эзэлдэг. Тиймээс ч энэ салбар сэргэвэл эдийн засгийн хүндрэлээс гарч, сайжирна гэсэн  хүлээлт хэн бүхэнд бий. Энэ талаар бид Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Хоохорын Бадамсүрэнтэй ярилцлаа.

-Яг одоо хүмүүсийн сонирхож байгаа нийтлэг асуулт бол Оюутолгой, Тавантолгойн  ажил, хувьцаа гээд  нэг үгээр хэлбэл, уул уурхай хэзээ сэргэх бол гэцгээж байна?   

-Дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унасан. Дээр нь  уул уурхайн салбарын бүтээгдэхүүн ялангуяа экспортын бүтээгдэхүүний үнийн асуудалд нэгдсэн бодлого явуулж чадаагүйгээс  нөхцөл байдал тун хүнд байна.  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам байгуулагдаад энэ үүссэн нөхцөл байдалд тал бүрээс нь шинжилгээ хийлээ. Энэ байдлаас гарах арга замаа үндсэндээ тодорхойллоо. Нэн тэргүүнд нүүрсний асуудал байна. Өмнөговь аймагт Шивээхүрэн, Гашуун сухайтын боомтоор Нарийн сухайт, Тавантолгойн ордын нүүрсийг  экспортлож байна. Бид Нарийн сухайтын ордод ажиллаж, “Мак”, “Эс Жи Эс”,  “Чин Хуа Мак”, “Өсөх зоос” компаниудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцсан. Уулзалтад аймгийн шинэ удирдлагууд,  хилийн боомтыхон ч оролцсон. Ажлын хэсэг Шивээхүрэнгийн боомтоор цаашид нүүрсний экспортыг  цэгцтэй хийх тохиролцоонд хүрлээ. Экспортын нийт нүүрсний 50 хувь нь гардаг энэ боомтод төмөр замаа яаралтай барьж байгуулах шаардлагатай байна. Энэ талаар газар дээр нь зөвлөлдөж ярилцаад  Засгийн газарт танилцуулсан.

Нарийн сухайтын бүлэг ордоос  экспортоос гадна  эрчим хүчний зориулалттай нүүрс олборлож байна. Гэтэл өнөөдөр баруун талын нүүрсний уурхайнууд Өмнөговь аймгийн баруун сумд урд хөршөөс цахилгаан эрчим хүчээ  авсан хэвээрээ.  Энэ уялдаагүй асуудлыг  аль болох богино хугацаанд шийдэх хэрэгтэй байгаа юм. Ингээд Гурвантэс суманд цахилгаан станц барьж байгуулах нь зүйтэй гэж хаана хаанаа үзлээ.  Өмнө нь ярьж байсан ч  шийдэгдэхгүй мөн л  цаг алдсан. Мөн боомтоо тохижуулах ажлыг нүүрсний компаниуд хөрөнгө мөнгөө гаргаад хийж байна. Ийм байдлаар нүүрсний экспортын асуудалд  цогц байдлаар хандах  хэрэгтэй байгаа юм.

Нөгөө талд нь “Тавантолгой”-н ордыг зөв бодлогоор явуулах, иж бүрэн ашиглах асуудал бас учир дутагдалтай байна. Энэ ордод үйл ажиллагаа явуулж байгаа “Энержи ресурс” компанийн хувьд нүүрсний уурхайнуудыг, Өмнөговь аймгийн төвийг эрчим хүчээр хангах хүчин чадалтай  18 мГв-н цахилгаан станц барьж байгуулаад, үйл ажиллагаа нь жигд явж байна. Нөгөө талаас төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой”,  орон нутгийн “Тавантолгой” хувьцаат компани ч мөн  үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ гурван компанийн нүүрсний үнийн бодлого нь хоорондоо уялдаа холбоогүй явснаас болж Монголын нүүрсний үнэ унах, үнэгүйдүүлэх нөхцөл бий болсон.  Цаашид бид үүнийг засах учиртай. Мөн “Тавантолгойн” нүүрсний ордоос Гашуун сухайтын боомт хүртэл 270 километрт авто зам тавигдсан. Энэ замын чанар,  даац хэтрүүлж тээвэр хийдэг, авто замын нөхцөл  байдал тааруу гээд асуудлууд байна. Мөн боомтын нэвтрүүлэх чадвар амаргүй нөхцөл байдалд байна. Намайг газар дээр нь ажиллаж байх үед 30-д километрт машин жагсчихсан. Улаанбаатарынхны ярьдгаар замын бөглөрөл үүссэн байх жишээтэй. Энэ нь бид асуудлыг сайн шийдэж чаддаггүйтэй холбоотой. Уг нь “Тавантолгой”, “Оюутолгой”-н ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг 2008-2012 онд  ажилласан УИХ  цогцоор нь  шийдсэн  юм шүү дээ. Тэр шийдвэр иж бүрэн хэрэгжээгүй  учраас  нөхцөл байдал хүндэрч. Бид төмөр замыг яаралтай барьж байгуулах ёстой. Тэгж байж экспортоо нэмэгдүүлнэ. Тэгээд боомтынхоо үйл ажиллагааг хэвийн жигд явуулах ийм л зүйл байна. Үүн дээр Уул уурхайн хүнд үйлвэрийн яам ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг нүүрснийхээ үнийн бодлогыг цэгцтэй, нэгдмэл болгоё гээд асуудлыг ойрын хугацаанд Засгийн газарт оруулж, бүрэн шийдвэр гаргуулахаар ажиллаж байна.

Нөгөө талаас бид “Тавантолгой”-н ордод түшиглэсэн цахилгаан станц барьж байгуулах гэж олон жил ярьсан ч одоо болтол шийдээгүй. Мөн бид “Тавантолгой”-н нүүрсний уурхайнуудын цахилгаан хангамжийг “Энержи ресурс”-ын барьж байгуулсан станцаас хийж байна. Тэгтэл бид Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах цахилгааныг урд хөршөөс авч байна. Оюутолгой компани цахилгаан эрчим хүч импортоор авахад жилд 250 орчим сая долларыг зарж байна ш дээ. Хэрэв энэ асуудлыг эртхэн шийдсэн бол өнөөдрийг хүртэл цахилгаан эрчим хүчинд өгсөн төлбөр  валютаараа том оврын станцыг барьчихсан л байхгүй юу. Тийм учраас энэ Тавантолгойн ордын нүүрсэнд түшиглэсэн цахилгаан станцыг барьж байгуулах ёстой. Нөгөө талаасаа нүүрс ихтэй мөртлөө импортоор цахилгаан эрчим хүч аваад байгаа нь утгагүй. Тиймээс цахилгаан станцыг яаралтай барьж байгуулна. Бид түүхий нүүрс гаргахаа үе шаттайгаар зогсоох учиртай. Баяжуулсан нүүрс гаргана. Үнэлэмж ихтэй, овор хэмжээ багатай гээд хар ухаанаар бодоход хэнд ч ойлгомжтой асуудал. Ямартай ч нүүрстэй холбоотой асуудлыг энэ ондоо багтааж цэгцэлнэ.

-“Эрдэнэс Тавантолгой” компани Хятадын “Чалько” компанид өгөх 350 сая долларын урьдчилгаа 95 сая долларыг төлвөл нүүрсний үнийг нэмэгдүүлэх боломжтой гэсэн мэдээллийг тухайн компани хийсэн. Үүнээс  өөр ямар боломж, гарц байна?

-Чалько”-д төлөх өрөөс 95 орчим сая доллар үлдсэн юм байна. Мэдээж энэ хүүтэй. Ажлын хэсэг яавал энэ өрөөс хурдан салах, гэрээнийхээ нөхцөлийг яаж сайжруулж болохыг судалж байна.  Төлбөр тооцоо, нүүрсний экспортын үнийн хувьд ч ялгаагүй сайжруулах боломж харагдаж байна. Зарим уурхай нүүрсээ уурхай дээрээ борлуулж байхад зарим нь хил дээр борлуулж байна. Энэ асуудлыг нэг мөр цэгцлэхэд  төмөр зам хамгийн чухал. Энэ асуудлыг шийднэ.

-“Эрдэнэс Тавантолгой” компани түүхий нүүрсээ шууд гаргадаг. Гэтэл хажууд нь байрлах “Энержи ресурс” компани нь баяжуулах үйлдвэрээ байгуулчихаад нүүрсээ манайд баяжуулж гаргаач ээ гээд байдаг. Ийм байдлаар өнгөрсөн жилүүдэд төрийн, хувийн хэвшлийн компаниуд маргасаар ирсэн?   

- “Энержи ресурс” компанийн барьж байгуулсан жилд 15 сая тонн баяжуулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэрлэл үндсэндээ сул зогсож байна. Гэтэл нөгөө талд нь бид нүүрсээ баяжуулах хэрэгтэй, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх ёстой гээд яриад байдаг. Тийм учраас  ажлын хэсэг энэ баяжуулах үйлдвэрийнхээ хүчин чадлыг яаж ашиглах вэ гэдгийг ярьж байна. Манай яам Тавантолгойн ордод үйл ажиллагаа явуулж байгаа гурван компани наанадаж гурван асуудлаар нэгдсэн бодлого явуулах ёстой гэж үзэж байгаа юм.  Нэн тэргүүн үнэ,  байгаль орчин,  төмөр зам, авто замтай холбоотой асуудал дээр нэг байр суурьтай, нэгдсэн байдлаар шийдэх хэрэгтэй байна. Мөн орон нутагтай  яаж хамтарч ажиллах асуудал ч орно. Бид Гурвантэс, Ханбогд суманд энэ чиглэлээр  зөвлөлдөх уулзалт хийсэн. Ойрын хугацаанд цэгцэрнэ.

-“Эрдэнэс Тавантолгой” компани нэг тонн нүүрсээ 25, 26 америк доллараар экспорлодог.  Гэтэл Хятадын зах зээл дээр 140 америк долларт хүрсэн мэдээ байна. Экспортын энэ үнэ ханшаа “Эрдэнэс Тавантолгой” компани тээврийн зардал, хил гаалийн болоод Хятадын татвар нэмж тооцоогүй үнэ гэж зөвтгөсөн байсан?  

-Газар дээр нь ажиллаж байсны хувьд ч, эрдэс баялгийн гаралтай түүхий эдийн арилжаа наймаа хийж явсан хүний хувьд ч гэсэн харахад яг өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсний үнэ газар дээрээ 27 америк доллараар борлуулагдаж байна. Энэ бол бага үнэ. Тиймээс цаашид энэ үнийг үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлогыг бид гаргана. Хэрэгжүүлж эхэлнэ. Мэдээж “Чалько”-той хийсэн гэрээг хөндөж ярих ёстой болно. “Бугат” төмөр, металлургийн үйлдвэр байгаа. Тэр үйлдвэр Хятадынхаа нүүрсийг ч авч байна. Монголын нүүрсийг ч авч байна. Тэр дээр эсвэл хил дээр ойлгомжтой ярихгүй бол болохгүй. Үүнийг ч гэсэн бид цэгцэлж байж ажлын хэсэг хэнд ч ойлгомжтой тоо баримтыг удахгүй гаргана.

-Таны өгсөн мэдээллүүдээс эрчим хүчний эх үүсвэр, бас төмөр зам барих юм байна гэж ойлголоо. Үүнд томоохон хөрөнгө оруулалт шаардлагатай. Энэ хөрөнгө оруулалтыг яаж татах вэ?

-Эдгээр ажлыг  хийх зайлшгүй шаардлага байна гэдгийг хаана хаанаа ойлгож, үүний төлөө Засгийн газар ажиллана шүү дээ. Тухайлбал, баруун талд Шивээхүрэнгийн боомтод хийх ажлыг үндсэндээ “Мак компани, “Эс Жи Эс” компани хөрөнгөө гаргаад цаг хугацаа алдахгүй барьчих боломжтой. Нөгөө талыг нь бид мэдээж арга замыг нь олох ёстой. Валютын эх үүсвэр болсон нүүрс гарч байна. Иргэд  нүүрсээрээ тооцох асуудал байж болно. Магадгүй Засгийн газрын өөр эх үүсвэрээс юм уу ямар ч байсан энэ асуудлыг бид шийдэх хэрэгтэй. Ажлын хэсэг ч ингэж ярилцсан.

-Сая та Хятадаас орж ирсэн төмөр зам, манай төмөр зам хоёрын маршрут нь,  өндөр нь зөрчихсөн байна гэж байна. Энэ бол том хариуцлага биз. Үүнээс болж ямар алдагдал хүлээж байгаа бол?  

-Үүнд цаг хугацаа, хөрөнгө мөнгөний их алдагдал гарах нь мэдээж.  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хамгийн гол нь урьд өмнөх асуудалтай зууралдахаасаа  илүү бодлогоо зөв  тодорхойлж, зөв  ажлыг хурдан хугацаанд хийхийн төлөө л байна. Гэхдээ мэдээж хэлэлцэх явцад буруу хийсэн юмыг засаж л таарна. Тэр хооронд бас л яриа хөөрөө гарна. Үүнийг дипломатч журмаараа Хятадын талтай ярих шаардлага гарна шүү дээ.

-Та сая Өмнөговь аймагт  ажиллахдаа “Оюутолгой”-н далд уурхайн үйл ажиллагаатай очиж танилцсан. Уурхайн ажлын явц ямар байна. Энэ ажил эрчимжих үед  Монгол Улсын эдийн засаг сэргэнэ гэж хүлээж байгаа шүү дээ?   

-Оюутолгойн бүтээн байгуулалт, далд уурхайн ажил монголчууд бидний хүсэн хүлээж байсан, төлөвлөснөөр яваагүй. Жаахан хоцорч яваа. Одоогоор далд уурхайн бүтээн байгуулалт эхний байдлаар нилээн эрчтэй явж байна. Яг далд уурхайн бүтээн байгуулалт нь  валютын орлогыг нэмж,  ажлын байр шинээр бий болгоно гэдэг утгаараа шууд ач холбогдлоо өгөөд эхэлсэн. Далд уурхайн бүтээн байгуулалт бүрэн хийгдсэн тохиолдолд монголчууд бид баяжуулах фабрик, өөрөөр хэлбэл, тэжээгдэх хүдэртэй болно. Тэгснээрээ гарч байгаа баяжмалын хэмжээ 1 сая тн  даваад явах ёстой. 3, 4 жилийн асуудал байна л даа. Энэ бол том бүтээн байгуулалт.

Ер  Уул уурхай, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсанаар геологи,  уул уурхай, хүнд үйлдвэрийн асуудлыг цогцоор нь авч үзэх ийм л боломж бүрдэж байгаа юм л даа. Засгийн газар, яамны зүгээс  аль болох уул уурхайн гаралтай бүтээгдэхүүнээ өөрийн оронд боловсруулж, өртөг шингэсэн үнэлэмж өндөртэй, овор хэмжээ багатай бүтээгдэхүүн гаргахад онцгой анхаарна.   Тиймээс энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд буюу 2020 он хүртэл бид зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийг барьж байгуулна. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт” үйлдвэрийн баяжмал, Оюутолгойн баяжмалыг өөрийн оронд боловсруулдаг болъё л гэсэн үг. Монголчуудын хэлж заншсанаар аранзан зэсээ тусад нь ялгаад авчихна, цалин цагаан мөнгөө ялгаад авчихна, шижир алтаа ялгаад авчихна. “Эрдэнэт” үйлдвэрээс гарч байгаа 500 гаруй мянган тонн баяжмал, Оюутолгойгоос гарч байгаа сая гаруй тонн баяжмалыг өөрийн оронд боловсруулна гэвэл асуудал бий л дээ. Ялангуяа хүхрийн хүчилтэй. Ямар ч байсан бид эхний ээлжинд 500 гаруй мянган тонн баяжмалыг өөрийн оронд хайлуулдаг, боловсруулдаг болъё гэж байгаа юм.

-Тэгэхээр уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр Швейцарийн компанид зэсээ хугацаанд нь нийлүүлээгүйгээс их хэмжээний өрөнд орж, улмаар Лондоны Дээд шүүх “Эрдэнэт” үйлдвэрийн хөрөнгийг царцаасан гэсэн мэдээлэл гадны хэвлэлээр цацагдсан. Юунаас болоод ийм хүнд байдалд орчихов?   

-Яагаад ийм нөхцөл байдалд оров гээд холбогдох мэдээллийг “Эрдэнэт” үйлдвэрээс авч байна. Бид мэргэжлийн дүн шинжилгээ хийж, яаж энэ нөхцөл байдлаас алдаа дутагдал багатай, түргэн хугацаанд хохирол багатай гарах талаар ажиллана. Энэ чиглэлээр холбогдох яам болон “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд ажиллаад эхэлсэн. Ер нь хуучин Засгийн газрын үед яг салбарын яам нь “Эрдэнэт” үйлдвэрийн удирдах зохицуулах талд нь оролцоо багатай болгож зохицуулсан юм билээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам “Эрдэнэт”-ийн асуудлыг голлож шийддэг тогтолцоонд оруулчихсан юм билээ.  

-Засгийн газар 2020 он хүртэл үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө “Алт-2” хөтөлбөр хэрэгжүүлнэ, нефтийн олборлолт, хайгуулыг нэмэгдүүлнэ, хар төмөрлөгийн түшиц газрыг байгуулна”  гэсэн байсан. Уул уурхайн баялгийг зүй зохистой ашиглах цаг хугацаа, нөхцөл бололцоог хэрхэн тооцож байна вэ. Үүнийг асуухын учир нь зарим нь  хүч тарамдахгүйгээр томоохон орд газруудаа дэс дараатай ашиглая гэдэг  шүү дээ?

-Тэгэхээр улс орны санхүү эдийн засгийн байдал амаргүй байна. Монголчууд бид эв эеэ хичээж байгаад энэ байдлаас гарах л ёстой. Энэ байдлаас гарах гарц нь бол зөвхөн өнөөдөр төдийгүй ойрын хэдэн жил энэ эрдэс баялаг уул уурхайн салбар байх нь ойлгомжтой. Тиймээс бид энэ байдлыг хаана хаанаа ойлгож ажиллах учиртай. Тэгэхийн тулд бид хаана хаанаа энэ эрдэс баялаг, уул уурхайнхаа талаар  үнэн зөв мэдээлэл, цэгцтэй ойлголттой байх ёстой. Энэ хямралт байдлаас гаргахад хамгийн түрүүнд үр өгөөжөө өгөх баялаг бол  алт зайлшгүй мөн. Дараа нь нүүрс, төмөр ч гэдэг юм уу. Ингээд л явна. Түүний дараа боловсруулах үйлдвэрийн асуудал. Энэ Засгийн газар, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам бол ямар ч байсан уул уурхайн гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулахад бодит алхам хийнэ. Би түрүүн хэлсэн.

Нөгөө талаас бид энэ Засгийн газар олон жил ярьсан түүхий нефтиэ боловсруулж бензин шатахуун  үйлдвэрлэх асуудлаа шийднэ. Сүүлийн жилүүдэд хийсэн судалгаа хайгуулын үр дүнд Монгол Улс өнөөдөр 300 гаруй сая тонн газрын түүхий тосны баталгаат нөөцтэй болчихлоо.  Түүнээс 40 гаруй сая тонн нь ашиглалтын баталгаат нөөц. Одоогоор жилд нэг сая орчим тонн газрын түүхий тос туршилтын журмаар урд хөрш рүү экспортлож байна. Монголын газрын  тос ямар чанартай, ямар технологиор боловсруулж, ямар төрлийн шатахуун, түлш гаргаж болох,  дайвар бүтээгдэхүүн нь юу байх юм гэдэг нь нилээн ойлгомжтой болчихсон. Тэгэхээр энэ төрлийн үйлдвэрийг барьж байгуулна. Дараа нь төмрийн хүдрээ аль болохоор баяжмал болгож экспортлох, улмаар ширэм, гангийн үйлдвэрийг Дархан, Сэлэнгийн районд, Эрдэнэт хотоо түшиглээд барьж байгуулна. Ингээд энгийнээр хэлэх юм бол хадааснаасаа эхлээд арматур,  гөлмөн төмөр гээд цаашдаа гангаар хийх цутгамал бүтээгдэхүүнүүдээ гаргах ийм л бодлогыг Засгийн газар  барьж байна.

-Та уул уурхайтай ажил мэргэжил, амьдралаа холбосон хүн учраас бидний ярилцлага энэ  сэдвээр түлхүү үргэлжиллээ. Харин одоо үүнтэй хамаагүй нэг асуулт асууя. Ер нь дэд сайдын албан тушаал хэрэгтэй эсэх дээр та ямар хариу өгөх вэ. Таныг УИХ-ын гишүүн байхад ч төсвийн зарлага бууруулна гэсэн шүүмжлэл гардаг л байсан.  Гэтэл одоо та дэд сайдын албан тушаалд томилогдлоо?   

-Хамгийн гол нь тухайн албан тушаалтан юу хийж бүтээхээс л шалтгаалах ажил. Юу хийсэн, юу хийж бүтээх  нь тодорхойгүй байвал тийм яриа хөөрөө гарна. Тэгэхээр цаг хугацаа л харуулна. Яг өнөөдөр миний хувьд энэ салбарыг хөгжүүлэхийн төлөө байна, хөдөө гадаа хаана нь ч ажиллалаа. Төрийн яаманд, хууль  тогтоох, бодлого гаргах түвшинд УИХ-д  ч ажиллалаа. Ингээд хараад байхад ерөөсөө энэ бүхэн хүнээс шалтгаалдаг юм байна. Бодлого нь зөв байх нь бас чухал. Намайг дөнгөж сургууль төгсөөд ирснээс хойш л яамд орлогч сайдтай байсан. Ажил нь ч сайн явж байсан.

Нийтэлсэн: Д.Даваадулам

“Эрдэнэт” үйлдвэр Уул уурхайн яамны харьяанд байдаггүй   
Үзсэн: 3134 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
зочин [202.179.2.xxx] 2016-10-05 14:18
Зөнөсөн өвгөн баахан л худлаа ярьсан байна
zochin [103.229.123.xxx] 2016-09-25 14:36
ENE HKUN ODOO TER TETGEBERTEE SUUGAAD ZALUUCHUUD , DUND NASNII MUNDAG HKUMUUSIIG AJILLUULAACHEE. MONGOLROSTSBETMED COMPANIIG HKAASH NI EGSENIIG ENE NEHKER NASAARAA DARGA NI BSN MEDNE

Бидэнтэй нэгдээрэй