Шууд Chart

УУГАН минь...

2013-10-23 10:05:22

Телевиз киноны нэрт найруулагч Б.Бадрууган агсны тухай дурсамж өгүүллэгүүд...

...Он жил улиран өнгөрсөөр. Бид амьдралдаа хэрэгтэй, хэрэггүй олон юм хураана. Тэр хураасан бүгдээ нийлүүлбэл нэг  л удаа амьдрах хорвоод цуглуулсан хувь хүний халдашгүй  баялаг юм уу. Сэтгэлийн өр гэж нэг юм бий. Залуу зандан явахад тэрний тухай нэг их боддоггүй. Харин туулах замынхаа нэлээдийг ард хийчихсэн хойно сэтгэлийн угаас босч ирдэг нэг юм байна. Амьдралын жам бололтой энэ юм хүн болгонд ирдэг бололтой. Туулж өнгөрүүлсэн амьдралын замд учирсан сайн муу бүхний өмнө их бага гэмших, харуусах, сэтгэл төрж, тэр маань явж явсаар сэтгэлийн өр гээч болж гүн бат лавширна. Ингээд л дурсамж хөвөрч эхэлдэг. Гарт баригддагүй хэр нь нүдэнд харагдаж, сэтгэл хөглөж байдаг дурсамж бидний хураасан сайн, муу элдэв баялагийн нэг яах аргагүй мөн юм аа. Энэ бол  амьдрал.

Сайн нөхрийн тухай өгүүлнэ гэдэг баясч, хөөрч бичдэг дурсамж бас биш юм. Өнгөрсөн амьдрал нүдний өмнө жирэлзэн хөвөрхөд яг л нартай сартай, цастай шуургатай  өдөр шиг элдэв өнгөөр баяр, гуниг хослуулан дүүрээд ирнэ. Бас сайн нөхөр маань олны танил хүн бол бусад хүмүүс над шиг, магадгүй надаас илүү мэдэж байгаа. Тэгэхлээр үнэнийг дутаалгүй, илүүдэлгүй өгүүлэх хариуцлага босч ирдэг. Ой ухаанд минь хадгалагдсан бүхэн зарим нь тодорч зарим нь бүдэрч нэлээд нь бүр ор мөргүй алга болсон байдаг. Заримдаа ой санамжнаас алга болсон юманд бид өөрсдөө ч буруутай байж магадгүй ээ. Тэгэж бодогддог юм.

За ингээд нөхрийнхөө тухай өөрийн дурсамжаа сэргээе. Энэ бол миний баялаг, бас сайн хүнтэй учирсан бахархал, хувь тохиол оо.

 

Анх уулзсан минь буюу Бадрууган ВАНГАН гуай шиг

Би 1983 оны зун Эрхүүгийн сэтгүүлчийн ангийг төгслөө. Намайг телевизэд оч гэлээ. Тэр үед үзэл суртлын хамгийн том хүчтэй зэвсэг болсон Монгол телевиз нэр хүндтэй, ажлын хариуцлага өндөр, сайхан ч газар байв. Телевизийн дэлгэцээр байнга гардаг эчнээ танил хүмүүстэй өдөр бүр нэг дор хамт ажиллах болсон нь сонин.

Аав маань киноны найруулагч зохиолч хүн болохоор намайг кинонд илүү ойр гэж бодсон уу, телевизийн дарга нар хүлээн авч уулзаад  нэвтрүүлэг төлөвлөлтийн албанд редактораар ажиллуулах болов. Долоо хоног бүр телевизээр гарах кино төлөвлөж, түүний орчуулгыг хянаж засдаг. Зааланд нэг бол кино үзээд өнждөг эсвэл толгой өндийлгөхгүй сууж янз бүрийн хэв маягтай гар бичмэл үзэж, засч нухаж суудаг байв. Ярвигтай ажилд эхнээсээ түүртэж байлаа.

Ер нь гаргац муутай бичиг бол ёстой нэг тамын зовлон, дээр нь орчуулсан эхтэй нь нийлэхэд утга нь зөв бууж уу, үгүй юу гэдгийг шалгах даанч амаргүй ажил юм, заримдаа баахан сууж сууж хонгилд гараад түр амарна. Тэгээд хажуугийн өрөөнүүдэд нэвтрүүлэг бэлтгэдэг редактор найруулагчид зогсоо чөлөөгүй ажиллахыг харна.

Тэнд наргиан наадам эсвэл хэрүүл уруул байнга гарна. Ер нь уран бүтээлийн ажлын жирийн нэг өдөр буцалж өнгөрдөг байсан. Нэгэн өдөр баахан цаас бичиг, эмхлээд сууж байтал “Чи манай Гомбо гуайн хүү гэлүү” гэж инээмсэглээд “Ажил давгүй юу?” гээд нэг залуу мэндлэв.

Урьд нь нэрийг нь олон удаа сонсч, дуулсан дуугаар нь эчнээ таних болсон найруулагч Бадрууган зогсч байв. Б.Бадрууган найруулагч бид хоёрын анхны уулзалт энэ байсан юм. Түүнээс хойш 15 жил уран бүтээлийн ажлаар бид холбоотой явж Ууган найруулагч тэгэхэд “Дуучин тагтаа” нэртэй шинэ нэвтрүүлэгт ажиллана.

Тэр бол улс төр, ажил хөдөлмөрийн тухай дуу дуулдаг хамтлагуудыг урьж оролцуулдаг, тэрхэн үедээ үзэгч залуучуудын дунд нэлээд нэртэй болсон хөгжмийн нэвтрүүлэг байж. Найруулагчид ихэвчлэн манай хажуугийн өрөөнд эвлүүлгээ хийнэ. Дүрс бичлэгийн өч төчнөөн хальс эгнүүлж өрчихөөд түүнээсээ хэрэгтэй хэсгийг нь нөгөө нэг өөр хальсанд чимх чимхээр нь ар араас нь залгаж хуулдаг, тэр үедээ голлож эвлүүлгийн ажилд оролцон ур ухаан шаардсан нарийн ажил байв. Ууган киноны тухай сайн мэддэг байлаа.

Түүнийг эвлүүлгийн өрөөнд ирж суух бүрт нь бид хоёр өдөртөө нэг завсарлах үеэр уулзаж ярьдаг болов. Б.Бадрууган 1979 онд Ленинград хотын Соёлын дээд сургуулийн театр киноны найруулагчийн ангийг төгсч ирээд Өвөрхангай аймгийн Хөгжимт Драмын Театрт найруулагчаар томилогдон уран бүтээлээ эхэлсэн байдаг. Оросын жүжгийн Их зохиолч Н.Островскийн “Хонь чоно” жүжгийг тавих гэж анх төгсч очоод баахан сургуулилж, хөдөөгийн театрын “архаг” жүжигчидтэй уур нервээ бардаг байснаа баахан хөгжиж дурсана. “Хөөе найруулагч аа, чи юу гэж оросоор мэдэхгүй юм хэлж толгой эргүүлээд байгаа юм.

Ядаж монголоор аятайхан загнаж сурчихаад найруулагч бол гээд тэд чинь хөдөлж өгдөггүй ээ, нэг гөжчихвөл яваад өгдөг тэгээд гэрт нь дагаж очиж, арай л хонохоос наагуур болж   авчирна” гээд л баахан   ярьж мань мэтийн инээд барна даа. Ууган Сталины дэглэмийн үед хэлмэгдсэн Орос-Зөвлөлтийн театрын их найруулагч, онолч А.С.Мейерхольдын тухай их ярьдаг байв. Бас Ленинградын  төдийгүй Зөвлөлт Оросын театрын аугаа их найруулагч  Товстоноговыг ч ярина.

“Миний тэдэнд Мейерхольд Товстоноговыг ярих, тэдний орос хүний нэр тайзан дээр зөв хэлээд тоглох хоёр” гээд өөрөө дүрслээд, сонсч суугаа биднийг нус нулимстай нь холилдтол инээлгэдэгсэн , хөдөө байсан тухайгаа ярихаар нүд нь сэргэнэ.

“Наадах чинь Сэргээ  Балдимороч бишээ Сергей Владимирович гэхэд өөдөөс  тас гөжөөд заавал тэгэж Орос хүн шиг хэлэх албатай юу, тэртэй тэргүй хэл хугалчих гэсэн юмыг Сэргээ гэсэн ч яадаг юм бэ гэхээр нь Владимирович гэвэл хүндэтгэж байгаа юм ” гэхэд:

“Чадахгүй ээ чадахгүй Сэргээ л гэе тэглээ гээд яавал гэж тэр үхсэн зохиолч нь босч ирээд гомдоллох биш, найруулагчаа. Өө! Хүүхэд авах цаг болчихлоо,  явчаад ирье” гээд алга болно.. “Зарим архаг жүжигчид нь айлд даалуу хөзөр эргүүлээд суучихвал сална аа нэг гонж. Би хажууд нь дуустал нь хүлээгээд суучихдаг.” гээд өөрөө эгээ л тэндээ байгаа юм шиг ярина.

Бадруугантай уулзаж, ярьж хөөрч суухад заримдаа Л.Ванган гуай ийм хүн байсан болов уу гэж надад санагддаг байлаа. Миний  багад манайх Л.Ванган гуайнхтай нэг зусланд айлсдаг  байсан юм. Л.Ванган гуай бол манай жүжиг киноны нэрт найруулагч, зохиолч, ховорхон авъяастай хүн  билээ.

Зуслангийн унаа орой ирэхэд Л. Ванган гуай гэртээ орж цайгаа уучихаад бидний хэдэн хүүхдийг дагуулж Хүрхрээгийн гол дээр очно. Хүүхдүүдээр юм яриулж, өөрөө үлгэр домог, бас сонин хачин түүх хэлнэ. Хүүхэд их сонсдог. Юм их асууж яриулдаг хүн байсан санагддаг юм. Ууган яагаад ч юм надад гадаад төрх байдлаараа төдийгүй ярьж хэлэх, юмыг ургуулан бодож, зохиож ярих талаар Л.Ванган гуайтай төстэй байсан  шиг санагддаг.

Хожим Ууган өрөө ярихдаа Ванган гуай кино бичсэн үү бичсэн би бас бичсэн Ванган гуай циркэд байсан уу байсан би бас байсан Ванган гуай авгай солисон уу солисон тэгвэл би бас солисон мань эр сайд байсан уу байсан,  би ч  бас сайд байсан  жүжиг найруулсан уу найруулсан , би ч бас найруулсан ,Харин мань эр гитар тоглодоггүй байсан юм даа гээд инээдэгсэн ,Ууган маань тэр их хүнтэй уран бүтээлчээр ургуулан бодохдоо их ойролцоо байсан санагддаг .

Ер нь бол Ууган аавтайгаа адилхан  /манай нэрт урлаг, түүх судлаач, зохиолч, яруу найрагч, орчуулагч СГЗ Ж.Бадраа/, аавынх нь үеийн найз нөхөд сайн мэдэх хүмүүс нь энэ  яг Бадраа шүү гээд олон удаа хэлж байхыг сонссон. Энд би яагаад Л.Ванган гуайтай төстэй байсан болов уу гэсний учир нь аливааг сонирхох, түүнээ улам сонирхолтой болгож ургуулан бодох, мөн үзсэн харснаа заавал хүнд ярьж хэлж, санаа бодлыг нь сонсдог чанараараа найруулагчийн хувьд тэр мундаг хүнтэй адил байсан болов уу гэж хэлж байгаа юм..  Нөгөөтэйгүүр би Л.Ванган гуайтай ойр удаан байгаагүй ч бага байхдаа үзэж, яриаг нь дэргэдээс нь сонсож байсан болохоор тэр хүнийг сүүлд төсөөлж санахдаа лав Ууган шиг хүн байсан болов уу гэж боддог юм.

Энэ бол Бадруугантай уулзаж танилцсанаас хойш арваад жилийн дараа бичсэн дурсамж тэмдэглэл. Харин түүний яг телевизэд бүтээсэн уран бүтээлийг  яривал арай өөр юм бичнэ. 1987 оноос Спорт эрүүл мэндийн редакц шинээр байгуулагдахад Ууган тэнд очиж жил гаруй ажииласан. Спорт, эрүүл мэндийн сэдвээр “Эрүүл явахын ухаан” гэж уран сайхны нийтлэлийн шинэ нэвтрүүлэг, бокс, бөх, дугуй, гимнастикийн спортын олон тэмцээн дамжуулсан. Урлаг уран сайхны найруулагчийг спортын найруулагчаар ажиллаж байсан гэхэд хүн үнэмшихгүй байх.

Ууган өөрөө бага залуудаа бокс хөлбөмбөгт дуртай олон тэмцээнд орсон тамирчин юм шүү. Түүнийг ингэж спортын редакцад явуулсан нь   .Эрдэнтуяа даргын туршилт байсан бөгөөд сайн найрууулагчийн буянд спортын нэвтрүүлгийн өнгө төрхийг  их өөрчлөх гэсэн бодол байж. Санаанаас гардаггүй нь  Ууган маань анх “Аваргууд” нэвтрүүлгийг санаачлан эхний дугаарыг нь одоогийн  Хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэнд байх намхан ханатай их гэрт зураг авч Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав гуайгаар хөтлүүлсэн  юм.

“Аваргууд” нэвтрүүлгийг бид хэд  лав арван дугаар хийсэн. Ууган найруулагчийн туслахаар Сэнгээрэйн Сүхбаатар ажиллаж түүнээс их юм сурсан байх гэж боддог. Дараа нь 1990 он гармагц Ууган найруулагч  шинэ Засгийн газрын Соёл урлагийн хороон  даргаар “сайдад” дэвшиж явсан. Ууганы бүтээлүүдийн оргил нь мэдээж Д.Намдаг гуайн “Цаг төрийн үймээн” романаар бүтээсэн “Төрийн сүлд өршөө” олон ангит кино. Үүнтэй дүйцэх дэлгэцийн том хэмжээний бүтээл одоо хэр цөөн л  байна.

Энэ сайхан уран бүтээлчийг таних мэдэхээс эхлээд таниж мэдэхгүй нь хүртэл авьяас билэг, дуу хоолойг нь үргэлж сэтгэлдээ бишрэн  хүндэлж явдагт эргэлзэх юун.

Телевизийнхээ өнгөрсөн түүхийн хуудсыг хүндэтгэлтэй сөхөхөд зөвхөн манай хамт олон төдийгүй Монгол түмэн минь бахархан байдаг үлэмж гавьяатай сайхан уран бүтээлчид ажиллаж бас ажилласаар байна. Энд Б.Бадрууган  найруулагчийн тухай ярьж эхэлсэн.  Түүнтэй хамт хамт ажилласан олон олон уран бүтээлч бий дээ. Хүн бүхэн ярьвал их юм гарна шүү. За тэгээд өөрийн мэдэхийг зах зухаас нь эхэлье ээ. Сэдэв болгондоо нэр өгч байгаад л бичье...

Үргэлжлэл бий...

Нийтэлсэн: Г.Золжаргал

УУГАН минь...   
Үзсэн: 6450 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-08-26 01:23
mash saihan dursamj bna
202.179.5.xxx [202.179.5.xxx] 2013-11-27 14:52
SAIHAN NAIZ HUHUDDU BH UNHEER SAIHAN YUMAA DURSAAD L HEDII BIS MEDEH CH ODOO BHGUI NEGNIIGEE BUSDAD DURSAAD TANIULAAD SUUJ NZTAI BH BAS SAIHN TER HUN TANIIG DEEREES HARJ BVAL BAS TANITAI NZ BSANAARA BAHARAHAJ BGAA BHDA BI NODNIN JIL BAGAASAA UREHEJ IRSEN NZAIGAA JAAHAN AM ZURSUN YUM HUN ILUU ITGEDEG HUNDEE ILUU GOMDDOG GSN UNEN YUM BN LEE TEGEED NZIIGAA UTASDAH BOLOV UU NEG UDUR AJIL DEER MINI OROOS IREH BOLOV UU GEJ HULEEGEED L JIL GARAN BOLJ BN OOOO
182.160.0.xxx [182.160.0.xxx] 2013-10-26 16:01
Сайхан байна шүү. Бадраа гуай ч мундаг хүн байсан даа.Тийм мундаг аавын хажууд өссөн болохоор аргагүй мундаг байдаг байх даа. Бидний дунд байхгүй байгаа мундаг сайхан хүмүүсийн тухай нийтлэл их бичиж хойч үедээ таниулж баймаар юм даа.
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-10-25 10:17
saihan hunii tuhai saihan dursamj unshih saihan bailaa.urgeljleliig ni unshihdaa taatai baih bolno... ...
202.179.22.xxx [202.179.22.xxx] 2013-10-23 14:44
saihan hun bsan da urgeljleliig n unshhiig huleej baina

Бидэнтэй нэгдээрэй