
АНУ-ын алдарт дуучин, яруу найрагч Боб Дилан Нобелийн утга зохиолын шагналаа хүлээн авах бодолтой байгаа тухайгаа мэдэгдсэнийг Нобелийн сангаас мэдээлж байна. Боб Дилан энэ 7 хоногт Шведийн Академитай холбоо барьж, энэ тухайгаа илэрхийлснийг Нобелийн сан өчигдөр албан ёсоор мэдэгдсэн байна.
Одоо 75 настай алдарт дуучин өөрийнх нь хөдөлмөр бүтээлийг үнэлж Нобелийн шагнал хүртээсэнд байр сууриа илэрхийлээгүй удсан ч энэхүү нэр хүндтэй шагналыг авах болсондоо баяртай байгаагаа хэлжээ. Боб Дилан "Ирэх 12 дугаар сард Стокгольм хотноо болох Нобелийн шагнал гардуулах ёслолд оролцохыг туйлаас их хүсэж байна. Тухайн үеийн байдлыг харж байгаад өөрийн биеэр шагналаа гардаж авах бодолтой байна" гэдгээ Британийн "Телеграф" сонинд өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Шведийн Академи Боб Диланд Нобелийн 2016 оны утга зохиолын шагналыг олгож байгаагаа энэ сарын 13-ны өдөр зарласан юм. Гэвч тус академи энэ хугацаанд Боб Дилантай холбоо барьж чадахгүй байсны зэрэгцээ уран бүтээлч өөрөө Нобелийн шагнал хүртсэн талаараа ямар ч албан ёсны байр суурь илэрхийлээгүй байсан юм. Тэрбээр шагнал хүртсэн талаар дуугүй байсан нь ямар ч зүйлтэй холбоогүй, зүгээр л ийм нэр хүндтэй шагнал хүртсэн гэдэгт итгэхэд хэцүү байсан гэж сэтгэгдлээ хуваалцсан байна.
Түүнийг дуугүй байсантай холбоотойгоор Боб Дилан Нобелийн шагналаас татгалзаж магадгүй гэсэн мэдээлэл хүртэл цацагдаж байсан юм. Нобелийн шагнал гардуулах ёслол 12 дугаар сарын 10-ны өдөр Шведийн Стокгольм хотноо болно. Боб Диланы хувьд Нобелийн утга зохиолын салбарын шагнал хүртсэн анхны хөгжимчин юм.
Боб Дилан Нобелийн шагналаа өөрийн биеэр очиж авч магадгүй | ||
Үзсэн: 458 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.