Шууд Chart

“Паанан”-г дахин хэвлэнэ

2016-11-04 13:42:33

Д.Нацагдоржийн нэрэмжит зохиолч Доржзовдын Энхболдын “Паанан” зохиол  өнөө маргаашгүй дахин хэвлэлтэнд ороход бэлэн болжээ.

Нэгэн цагт зохиолч  Д.Энхболдын сонгодог тууж, Баабарын “Бүү март, мартвал сөнөнө”, Чойномын хэдэн шүлгүүд Дэндэвийн Пүрэвдорж гуайн шүлэгтэй холилдон дээх нь үеийн “тавын дэвтэр” дээр гараар хуулагдаж, дамжин тархаж, хүмүүс чимээгүйхэн өөр хоорондоо эрэл сурал болон уншиж байсан үе түүх болон үлджээ.

“Хүмүүсийн сонирхолын адыг хөгөлж, унших юмсан гэх аазгай хөдөлгөсөн “Паанан” туужийг уншсан цагаасаа эхэлж үе үехэн сөхөж хардаг. Тэнд зохиолчийн ур, чадвар, мэдрэмж, санаа, сэдэл, дүр, дүрслэл, зовнил, хүүрнэл, инээд хөөр, өхөөрдөл, гэмшил бүгд буй. “Паанан” бол агуу... Дотор арзайлгаж шар үс босгом үйл явдал, хүний дүр, мөс чанар, тэнгэрийн санаа, үйлийн үр тэгээд + секс? + жинхэнэ монгол хэл. Энэ бүгдийг уялдуулан энгийн монгол ахуй хэрнээ, уран гоё сүлжиж, хүнд байдаг байх ёстой оюун санаа, адгууслаг чанар, зөрчил, хүн, байгаль, амьтны шүтэлцээ, хүн адгуус юм уу, заримдаа адгуус хүн юм уу гэдгийг ухаарахад түлхдэг учраас агуу” хэмээн  АНУ-д ажиллаж амьдарч буй монголчуудынхаа дунд  номын дахин хэвлэх хөдөлгөөнийг санаачлан өрнүүлсэн, “Монцамэ” агентлагийн сэтгүүлчээр ажиллаж байсан, өдгөө Чикаго хотноо ажиллаж амьдарч буй  Д.Уранзул бичжээ.

Тэрбээр арваад жилийн өмнө АНУ-ын Чикаго хотноо суурьшсан Доржзовдын Энхболд зохиолчийн гэрт зочилжээ. Тухайн үед хэн хэн нь “малгай тавибал манайх”болж явсан үе байжээ. Төмпөн дүүрэн өөх мах нь алагласан хавирга идээд гарын салаагаар урсах тосоо арчиж суухдаа “Паанан”-гаа дахин хэвлүүлээч  хэмээн  зохиолчид хэлэхэд  Д.Энхболд зохиолч  “хүмүүс санал тавиад л байдаг юм, тэгж байгаад хэвлүүлнэ дээ” гэсээр угийн удаан тайван хүн болоод тэр үү өнөөг хүртэл чимээгүй болжээ.

“Паанан” зохиолын агууг нь мэдэрсэн  зохиолчын шүтэн бишрэгч , герман хүн орчуулж,  хэвлээд  Герман хэлтэй уншигчдын хүртээл болгосон байдаг. Герман хүн номыг нь хэвлүүлчихээд байхад, монголчууд дуугүй сууж болохгүй. Тиймээс Д.Уранзулын санаачилсан  хандивын аяныг  зохиолч Д.Энхболд  дэмжин  нүүрномын постон дээрээ “Хэрэглэж чадах аваас сэтгэл шиг том таяг хүмүүнд үгүй билээ. Тийм том таяг Уранзулд маань байдаг”гэж бичжээ.

Зохиолчын хэлснээр номын садан дүү нь монгол зохиолчийн сонгодог бүтээл, монгол номоо дээдлэн .энэ агуу зохиолыг урьдчилан захиалж, номоо хэвлүүлэхэд нь зохиолчдоо нэмэр, хандив, ташуур өгөхөөр шийдээд “сэтгэлийн таяг”- аа тулаад өндийн ирж, Америкийн Монголчуудаа  уриалав.

Тэрбээр “... бид хүний газар гүний нутагт өөр өөрийн зорилго, сэтгэлээ өвөрлөж ирсэн. Бидний дунд харьд амьдрах амьдралын амтыг хамтдаа мэдэрч, холын жимийг хамтдаа туулсан зохиолчоо дэмжицгээе! Урьд нь Америкийн монголчууд дандаа хандив, тусламжид итгэл сэтгэлээрээ нэгддэг байсан бол энэ удаад эргээд эзэндээ ном болоод ирэх номын цагаан буяны төлөө нэгдэцгээе!” хэмээн уриалсан байна.

Д.Уранзулын  өвөг дээдэс  их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн газар болох  Төв аймгийн Баяндэлгэрийн Гүнгалуутайд үе улиран амьдарч ирсэн хүмүүс байдаг ажээ. Тиймээс ах дүү, төрөл саднаа төлөөлөөд нутгийнхаа, монголынхоо бахархал их зохиолчийн 110 жилийн ойг тохиолдуулан "номын буян" хийе  хэмээн олны дунд эрж сурж, хайж буй “Паанан” зохиолыг дахин хэвлүүлэхээр  санаачлага гаргажээ.

Одоогоор АНУ-д ажиллаж амьдарч буй 120 гаран  хүмүүс уг номыг захиалаад байгаа бөгөөд захилгын тоо нэмэгдэх хандлагатай байгаа  төдийгүй  “уншигчын шар үсийг босгом” уг ном дахин хэвлэлтээс гарангуутаа шууд  “бестселлер” болох магадлалтай байгааг  дахин хэвлэлтийг санаачлагчид хэлж байна.

 

 

 


“Паанан”-г дахин хэвлэнэ   
Үзсэн: 3878 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [99.19.94.xxx] 2016-11-05 21:16
Ta buhend bayrlalaa

Бидэнтэй нэгдээрэй