Шууд Chart

Хүчирхэг Вера Мухина

2021-04-29 10:25:55

"Мосфильм”-ийн бэлэг тэмдэг болсон энэ хөшөөг хүн бүхэн сайн мэднэ. Харин  аугаа сүрлэг  энэ хөшөөг эмэгтэй барималч бүтээснийг  олон хүн анзаардаггүй юм. Парист болсон 1937 оны  Олон  улсын  уламжлалт  үзэсгэлэнгийн үеэр нэгэн төсөл олны анхаарлыг  ихэд татжээ. Энэ бол Зөвлөлтийн барималч эмэгтэй Вера Мухинагийн “Ажилчин,  тариачин”  баримал юм.

Тэрхүү үзэсгэлэн  хорьдугаар зууныг зарим талаар тодорхойлжээ. Учир нь энд Пабло Пикассогийн алдарт “Герника” дэлгэгдсэн юм. Үнэндээ энэ хоёр гайхамшигт  бүтээл тус үзэсгэлэнгийн танхимаас жинхэнэ шуугиан тарьж чаджээ.

Зөвлөлтийн ардын зураач, сүрлэг бадрангуй монументал урлагийн нэрт төлөөлөгч Вера Игнатьевна Муханагийн /1889-1953/ хөдөлмөрийг  төр засаг өндрөөр үнэлж Сталины нэрэмжит төрийн шагналыг таван удаа олгожээ. Тухайлбал, 1941,1943,1946,1951,1952 онд олгосон байдаг. Чинээлэг худаалчин гаралтай Вера Москвагийн гимназид сурч байхдаа уран зурагт шамдан К.Ф.Юон, И.О.Дудин, И.И.Машков нарын урланд суралцаж байв.
1912-1914 онд  Парист  Гранд Шомьерийн академид нэрт монументал  барималч Э.А.Бурделийн урланд суралцан О.Родений бүтээлч чадварт  хүчтэй автсан нь түүний цаашдын уран бүтээлд хүчтэй нөлөөлжээ. Дараахан нь тэрээр Италиар аялан сэргэн мандалтын нэрт мастеруудын бүтээлтэй танилцсан юм.


Вера Мухина дэлхийд хамгийн томд тооцогдох байсан Лениний цогцолборын төсөлд оролцож байсан юм.


 
Москвагийн  Улс ардын аж ахуйн амжилтын үзэсгэлэнд  /ВДНХ/  “Ажилчин, тариачин” хөшөө ийнхүү сүрлэг өндөр сүндэрлэн байдаг. Вера Мухина “Ажилчин,тариачин” хөшөөг бүрэн бүтнээр нь 1939 онд ВДНХ /Улс ардын аж ахуйн амжилтын үзэсгэлэн/-д босгожээ. Энэхүү хөшөөний архитектороор Б.М.Иофан ажилласан байдаг.

Эрин үеийн дуулиан болсон энэ хөшөөг 1947 оноос “Мосфильм”-ийн бэлэг тэмдэг болгосон байна.


Энэхүү сүрлэг бүтээмжид 2003-2009 онд сэргээн засварлалт хийж тавцангийн суурийг 1937 онд Парисын павильонд тавигдсан анхны эх загвартай нь ойролцоо маягаар шинэчилжээ.

Вера Мухина  “Интернационалын сүлд дуулал”, ”Хувьсгалын туг”, “Газар”, “Тэнгис” , ”Ургац хураалт”,  ”Үр тариа”  зэрэг олон арван алдартай, сүрлэг бадрангуй хөшөө дурсгал бүтээснээс  Ленин, Свердловын хөшөөний төслөө хэрэгжүүлж амжилгүй таалал төгсжээ. Мөн 1943 онд Москвагийн Белоруссийн вокзал дээр пролетарийн зохиолч Максим Горькийн хөшөөг босгосон байдаг.


“Үр тариа” Москва голын гүүрэн дээрх цуврал баримлын эскиз /1938-1939/

 

Энэ бол түүний шилдэг бүтээлийн нэг хүдэр чийрэг  жинхэнэ Орос тариачин эмэгтэй. Яг л Василий Шукшиний зохиолд гардаг бүрэн боловсорсон “Улаан улаагана” гэсэн үг. Вера Игнатьевна  өөрөө ийм хүчирхэг, зоримог, эцэж цуцахыг үл ажрах хөдөлмөрч нэгэн байжээ.

Бас нэг  сонирхолтой баримт өгүүлэхэд, бидний эртний танил хагас шил “водка” багтдаг шилэн аяганы сонгодог дизайныг Мухина зохиосныг олон орос эрчүүд бахдан ярьдагсан.
 Москвагийн  Пречистений гудамж дахь энэхүү байшинд Вера Мухина 1947-1952 онд амьдарч байжээ.


 
Социалист  бүтээн байгуулалтын  бэлгэдэл болсон энэ хөшөө Октябрийн хувьсгалын түүхт 50 жилийн ойн мөнгөн зоосон дээр бас мөнхөрчээ.


Оросын уран зургийн академийн 200 жилийн ойн марк дээр ч “Ажилчин, тариачин” заларч амжжээ.

Москва дахь Вера Мухины хөшөө /Барималч М.К.Аникушин/


Хүчирхэг Вера Мухина  
Үзсэн: 2891 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй