
УИХ-ын намрын чуулган өчигдрийн хуралдаанаар дуусгавар болж байна. 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр бүрдсэн шинэ парламент хагас жил орчмын хугацаанд ажиллаж, ард түмний дунд хүлээлттэй байсан олон хууль, тогтоомжийг батлан, заримыг нь хэрэгжүүлж эхлээд байна.
Намрын чуулганы үр дүнгийн талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Байнгын үйл ажиллагаатай парламентын хамгийн гол чиг үүрэг бол төрийн гадаад, дотоод чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль тогтоомжийг цаг алдалгүй батлан гаргах ёстой. Тэр утгаараа намрын чуулган маш их бүтээлч чуулган болсон гэсэн байр суурьтай байна. Өнгөрсөн хугацаанд гадаадын хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийг эрүүлжүүлэх, хямралыг даван туулах хөтөлбөр, төлөвлөгөөг баталсан. Хууль эрхзүйн орчин дахь өмнөх парламентын үед хэрэгжүүлж эхэлж байсан шинэчлэлийг үргэлжлүүлэх, төрийн үйл ажиллагааны залгамж шинж чанарыг хадгалсан олон хууль тогтоомжийг ар араас нь гаргаж байна. Тухайлбал, Цагдаагийн байгууллагын тухай, Дотоодын цэргийн тухай, Онцгой байдлын тухай хууль, цаашлаад Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай зэрэг олон хуулийг хууль эрхзүйн орчин талаас нь батлан гаргаж амьдралд хэрэгжүүлэхээр ажиллах нь Засгийн газрын чиг үүрэг болон үлдлээ. Нөгөө талаас нэг намын үнэмлэхүй олон гишүүнтэй парламент өмнөхөөсөө ялгаатай нь хууль, шийдвэрийн төсөл хэлэлцэн батлах талд ирц бүрдэхгүй гэдэг ойлголт гарсангүй. Ирц бүрдээгүйгээс болж өмнөх парламентын үед чуулган хойшилдог байсан бол энэ удаа нэг ч тохиолдол гарсангүй. Бүх чуулган товлосон цагтаа хуралдаж, УИХ-ын зохион байгуулалт харьцангуй хариуцлагатай үйл ажиллагаа явууллаа. Ээлжит бус чуулган хуралдах үгүйг сайн мэдэхгүй байна. Гэхдээ мэдээж 580 сая ам.долларын эргэн төлөлтийг ирэх сарын 20-доор төлнө. Засгийн газраас ямар нэгэн хүндрэлгүйгээр бондын эргэн төлөлтийг хийнэ гэж мэдэгдсэн. Энэ утгаараа эргээд төсөвт тодотгол хийх асуудал ярихыг үгүйсгэхгүй" гэлээ.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Бүтээлч чуулган болсон | ||
Үзсэн: 724 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.