
Японы ард түмэнд Монгол ахуй, зан заншил, уламжлал, соёл урлагаа сурталчилан таниулж, Япон, Монголын харилцааг улам бэхжүүлэн, тус улсад ажиллаж амьдарч, суралцаж буй Монгол иргэдийн харилцаа холбоог сайжруулах зорилгоор Япон дахь Монголчуудын "Хаврын баяр" наадам 17 дахь жилдээ зохион байгуулагдлаа.
Энэхүү наадам уламжлал ёсоор Токио хотын Нэрима дүүрэг Хикаригаока цэцэрлэгт хүрээлэнд болсон юм.
Тус наадмын Монгол бөxийн барилдааныг Япон Улсад сүмо бөхөөр барилдаж буй Монголын сүмочид жил болгон ивээн тэтгэж явуулдаг билээ. Жилээс жилд Монгол бөxийн барилдаан xүрээгээ тэлж 2014 онд 32, 2015 онд таван орны 80, өнгөрсөн жил 64 бөх зодоглосон юм.
Харин энэ жилийн хувьд Япон 23, Өвөрмонгол нэг, Америк хоёр болон Япон Улсад сурч, ажиллаж, амьдардаг аймаг сумын цолтой бөхчүүдээр магнайлуулсан 64 бөх зодоглон хурд хүч, авхаалж самбаа, уран мэхийг уралдуулан барилдав.
Барилдаанд Төв аймгийн Баян сумын харьяат сумын харцага Г.Амгалан түрүүлж, Хакүхо аваргын хэлснээр “Хаврын баяр наадмын дархан аварга” Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат аймгийн арслан Б.Дамба үзүүрлэн, Архангай аймгийн Хашаат сумын харьяат аймгийн харцага Ж.Баясгалан, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат залуу бөх О.Чулуунпүрэв нар шалгарч Хакүхо М.Даваажаргал, Харүмафүжи Д.Бямбадорж, Какүрюү М.Ананд нарын гарын үсгээр баталгаажуулсан алганы хээ, медаль, таларxалын бичиг, мөнгөн шагналаар шагнуулж, сүмо бөхчүүдтэйгээ дурсгалын зураг татуулав.
Япон дахь Монголчуудтайгаа уран бүтээлээрээ уулзахаар хошин урлагийн “Маск” продакшныхан очсон бөгөөд тус хамтлагийн жүжигчин Ж.Мөнхсайхан бөхийн барилдааныг тайлбарлан явуулсан бол үзүүр түрүүний барилдаанд аварга Хакүхо М.Даваажаргал, Харүмафүжи Д.Бямбадорж нар засуулаар ажиллаж ард түмнээ баясгалаа. Монгол үндэсний бөхөөр барилдсан гадаад бөхчүүдэд Монгол бөхийн барилдааны арга барилыг зааж уран гараа, дэвээний тэмцээн зохион явуулсан нь наадмын бас нэгэн сонирхолтой хэсэг байсан юм.
Наадмын талбайд Монгол гэр, асар майхан алаглан, Монгол, Япон олон зуун хүн цугласан байв.
Наадмын талбайд барьсан гэр, асруудад Монгол орны түүх, соёлыг сурталчилсан гэрэл зураг, Монгол үндэсний хувцас хэрэглэл, дурсгалын зүйлсийн үзэсгэлэн худалдаа гарсан байлаа.
Монгол үндэсний болон загварын дээл, Япон үндэсний кимоно хувцасны загварын үзүүлбэр, урлагийн тоглолт гэх мэт олон арван үйл ажиллагаа зохион байгуулагдсан бөгөөд Монгол хоол болох бууз, хуушуур, шорлогонд оочер дараалал их байв.
Японд суугаа Монголчууд “Хаврын баяр”-ыг тэмдэглэв | ||
Үзсэн: 496 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.