
Монгол Улсад эрчим хүчний салбар үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ойн хүрээнд спортын наадам зохион байгуулж, өчигдөр шилдгүүдээ тодруулж, шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Энэхүү хаалтын үйл ажиллагаанд Эрчим хүчний сайд П.Ганхүү, дэд сайд Д.Гантулга, Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч Э.Түвшинчулуун тэргүүтэй эрчим хүчний салбарын удирдлагууд оролцсон юм.
Эрчим хүчний салбарын Спортын их наадамд нийтдээ 41 байгууллагын 1000 гаруй тамирчин гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар, ширээний теннис, билльярд зэрэг таван төрөлд өрсөлдсөнөөс багийн дүнгээр "ДЦС-4” ТӨХК тэргүүлж,"Эрчим хүчний салбарын спортын их наадам 2017” цомын эзэн боллоо. Харин хоёрдугаар байранд "УБЦТС” ТӨХК, гуравдугаар байранд "Хасу мегаватт” ХК орлоо.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд П.Ганхүү спортын наадмыг хааж, үг хэлэхдээ "Дөрвөн өдөр үргэлжилсэн спортын их наадамд салбарын 41 байгууллагын 1000 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорьж, хамт олны эв нэгдэл, эрүүл үйлсэд бусдыгаа уриалж идэвхтэй оролцлоо. Спортын ноён оргилд нэр алдраа тамгалж, эх орон тив дэлхийд алдраа дуурсгасан их түүхийн эзэд Эрчим хүчний салбараар овоглодог бөгөөд бидний дундаас Олон улсын хэмжээний мастер 15, Спортын мастер 70 гаруй төрсөн нь Эрчим хүчний салбарын бахархам их амжилт юм.
Эрчим хүчний салбарын спортын наадамд идэвхтэй оролцож, байгууллагынхаа нэр хүндийг өндөрт өргөсөн тамирчид, баг хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлж, Та бүхэндээ баяр хүргэе. Мөн спортын их наадмыг зохион байгуулахад идэвх санаачлагатай оролцож, нэгэн зорилгын төлөө нэгдэж ажилласан үйлдвэр компанийн удирдлагууд болон тэмцээнийг өндөр хэмжээнд зохион байгуулсан Эрчим хүчний яамны хамт олондоо баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье. Та бүхэн эх орон, тив дэлхийд үзүүлдэг амжилтаа ахиулж, салбарын төдийгүй Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж явахын ерөөлийг өргөн дэвшүүлье. Монгол Улсын гал голомт мөнхөд мандан бадрах болтугай” гэв.
Эрчим хүчний салбарын спортын их наадмын шилдгүүд тодорлоо | ||
Үзсэн: 1785 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.