
Куба улсад орон нутгийн цагаар өнгөрөгч баасан гарагт онгоц осолдож, олон хүн амь насаараа хохироод байна. Албаны хүмүүсийн хэлж байгаагаар 110 хүн эндсэн байна. Онгоцонд хөлгийн багийн гишүүд, зорчигч нийлээд 113 хүн байснаас гурав нь ноцтой гэмтэл авч амьд үлдсэн гэж Кубын Зам тээврийн асуудал эрхэлсэн яамнаас мэдээлэв.
Кубын Үндэсний агаарын тээврийн "Бойнг-737" онгоц нийслэл Гавана хотоос хөөрсөн даруйдаа осолджээ. Энэ онгоц Кубын зүүн бүсийн Ольгин хот руу ниссэн байна.
Ослын шалтгаан нөхцөлийг тодруулахаар хар хайрцгийн бичлэгийг сэргээгээд буй юм байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Кубын үндэсний агаарын тээврийн энэ компани Мексикийн онгоцыг, хөлгийн багийн гишүүдтэй нь хамт хөлсөлж нисэх үйлчилгээ үзүүлж байсан байна. Ингэж хөлсөөр авч байсан онгоцууд өмнө нь нэг бус удаа аюулгүй байдалтай холбоотой анхааруулга авч байжээ. Онгоц тодорхой шалгаангүйгээр радараас алга болж, засвар үйлчилгээ муу байсан гэх зэрэг анхааруулга сануулга авч байсан гэж энэ компанид ажилладаг байсан хоёр нисгэгч ярьсан байна.
Үүнтэй холбоотойгоор Мексикийн талаас онгоц хөлслүүлж байсан Мексикийн компанид хяналт шалгалт оруулна гэж мэдэгджээ. Нас барсан хүмүүсийн дунд хөлгийн багийн Мексик хүмүүсээс гадна Куба, Аргентин, Баруун Сахарын зорчигчид байсан аж.
Кубад онгоц осолдож, 100 гаруй хүн энджээ | ||
Үзсэн: 1116 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.