
Найруулагч: Б.Отгонзориг
Зохиолч: П.Батсайхан
Продакшн: Улаанбаатар Фильм
Дүрүүдэд: АЖ П.Цэрэндагва,
АЖ Д.Мэндбаяр, МУГЖ Д.Гүрсэд,
МУГЖ Д.Төмөртөгтох, МУГЖ Н.Батцэцэг,
МУГЖ У.Батбаатар, СТА Ш.Доржсүрэн, СТА С.Болд-Эрдэнэ,
СТА С.Ариунбямба, СТА Ц.Цэрэнболд,
СТА Д.Баттөмөр, СТА Ч.Дэлгэрцэцэг
Тус киноны нээлтэд уригдсан байсан. Даанч гадагшаа явах ажилтай байгаад очиж чадаагүй. Бараг ч сайн хэрэг болж. Олон хүний бичсэн сэтгэгдэл, шүүмжийг уншиж дотроо багцаа авч явлаа. Үнэнийг хэлэхэд жаахан шүүмжлэх суурь сайтай үзсэн юм.
Гэвч үзэж дуусаад “олны үг оргүй” болжээ л гэж бодов. Шууд хэлэхэд киноны багийнханд баяр хүргэе! Танай кино төсөөлж байснаас ч сайн болж. Нөгөө талаас нь харвал Монгол үзэгчид их өндөр үнэлгээгээр кинонд ханддаг болсон сайн тал ч харагдаж байна.
Зохиол: Манжийн дарлалын үеийн Монголчуудын түүхээр хийсэн кино бараг л байхгүйтэй ижил. Энэ цаг үеийн түүхээс гогдож авахдаа хүрээг бус алс Улиастайн амбан хийгээд түүний харьяанд байсан цэргийн хуарангийн түүх, тэр үед болсон 2000 цэргийн эсэргүүцлийн тэмцлийг гаргаж ирсэн нь талархууштай. Ихэс дээдэс, эгэл ардууд, эр эмгүй нэгдэж байж их гүрний дээрэнгүй дарлалын эсрэг тэмцлийн хэт цохиж байгааг үзүүлсэн. Монгол сэдэвтэй, Монгол зохиол. Мэдээж уран сайхны кино тул түүхийн ширхэг бүрийг тааруулах гэж хичээх хэрэггүй.
Найруулаг: Хүмүүсийн хэлээд байгаа энд, тэнд үсчсэн барьсанг нь барьж авах гээд хичээж үзсэн л дээ. Тэгэхдээ тийм “үсрэлтэд” орж чадсангүй. Гүй ээ яахав хөөрхий Онолтыг барьж авах шиг болсон чинь нэг харахад толгой нь үзмэрт гарсан байгаа юм байна. Гэвч дараа нь дүүгийнх нь бодлоор “юу болсон тухай” гарчхаж байна лээ. Жүжигчидтэй сайн ажиллаж билээ. Нарбанчин гэгээн, Гүрсэд гуайн тоглосон эртний баатрын хувцастай дүр, Манжийн хамгаалагчдын гардан тулааны бэлтгэл дундуур алхах Монгол бүсгүй, хөөрөг солгой гараараа зөрүүлж дохио өгөх, хойлгийн махыг хамрын тамхи болгон тараах гэх мэт сонирхолтой шийдлүүд харагдаж байлаа.
Тэгэхдээ олны хэсэг дээр бол үнэхээр жаахан алдсан харагдана. Зах бүхий гудамж, олон цэргийн хэсэгт арай жаахан хүч хаяж илүү массыг хамруулсан бол тодрох байсан. Бас нэг зүйл нь тэр тулааны хэсэг. Тусгайлан бэлтгэж, тусгай трукмастер авч ажиллах ёстой байсан байх.
Киноны зургийн даргыг магтахаас өөр аргагүй. Тэр их эртний хийцтэй жижиг хэрэгслүүд, морь мал, илжиг, гав дөнгө, эрүү шүүлтийн бүс, эсэн бусын царай төрх болон, гол дүрийнхний хувцас хунар бол яах аргагүй зургийн дарга, зураач, дизайнеруудын сайн ажилласны илэрхийлэл. Ахиад л олны хэсэг дээрээ алдаа харагдана. Ард олны дунд болон арын эгнээний цэргүүд шинэ шахам дээлтэй, хөдөөний ардаас арай гялгар харагдаад байсан. Зураачийн хувьд тэр Манжийн хамгаалагч нар нинжа шиг хувцастай байгаа нь бас их өвөрмөц шийдэл байсан шүү.
Тэгэхдээ би бол зургийн даргыг шинэ, хуучин дээлээр бус ширэг шиг шинэхэн зүлэгтэй газар авсан олны хэсгийн зураглалуудаар шүүмжилнэ. Өчнөөн сар жилээр цэргийн хуаран байрлацан газрын өвс ногоо үрэгдэж, өлөн тоос бужигнаж байх ёстой шүү дээ. Тэнд анхаараагүй санагдсан.
Дүрийн сонголт, дүрийн жүжиглэлтүүдийн хувьд тун давгүй. Ялангуяа Дооёо (Манжийн ноён гэж яг л ийм янтганасан, их зантай хааяа хааяа эгдүү, дургүй хөдлөм эв хавгүй хөдөлгөөн хийсэн, бүх зүйлийг хамрын үзүүрээ оруулан харсан нөхөр байсан болов уу? гэж харагдтал хуссан), Гүрсэд гуай (Бүх зүйлийн зангилаа, гэрч болсон туслах дүр. Илүү юмгүй тэгэхдээ эртний баатрын хувцастай гарч ирсэн нь түүгээр дамжуулан энэ хэдэн цэрэг эрсээс ч мундаг баатрууд эх орноор дүүрэн байсан, байгаа гэж хэлэх шиг санагдсан), Цэрэндагва гуай (Харийн гүрний дарлалд нухлагдан, харсаар байж хэдэн бор цэргээ харангатуулж суугаа ноёны толгойд ямархан харамсал, гуниг төрж, эвтэйхээн ухаан зарж тэмцэж, тэмцэлд бэлдэж байсанг түүнээс өөр хэнээр харуулах), Болд-Эрдэнэ (Муу дүр ихэнхидээ царай муутай, аймхай, хөгийн бялдууч байх нь Монгол кинонд элбэг. Аан энэ бол царайлаг, стилтэй, шударга, дайчин, төрдөө үнэнч үнэндээ л лаг муу дүр. Сайн ч гаргасан), Ариунбямба (Монголчуудын зовлонг энэ залуугийн дүр дээр овоолсон. Эрүү шүүлт давна, ижийгээ амьдаар нь хатаана, төрсөн дүүгээ ч олж чадахгүй, нүдэн дээр нь цаазлуулна. Хөлийнхөө хурууг базтал эр хүн зовохын туйлыг дүрсэлж билээ), Цэрэнболд, Батцэцэг нар дүрээ маш сайн амилууллаа.
Олны дунд ихээхэн шуугиулаад байгаа хийлч Дээгий мэргэжлийн бус хүн гэхэд их хичээж, дүрийнхээ философид уг хүний материал яв цав таарсан байдаг. Мэдээж найруулагч нилээн тулж ажилласан байх (Найруулагчийнхаа хувиар шүү ккк). Нүүр хувиргагчид ч сайн ажилласан байна. Тэгэхдээ нүд үнэхээр болохгүй байсан. Бусад бүх зүйл болоод байгаа мөртлөө нүд өөрөө юу ч хэлэхгүй дүрдээ очихгүй ямар нэг зүйл мартчих вий, буруу хийчих вий гэх шиг царайлаад байгаа харагдсан. Дараа дараагийн бүтээлүүд дээр сайжирна бизээ.
Бас нэг ерөөсөө наалдахгүй байсан дүр бол хошуу ноёнтон. Нэг л тийм хөндий, юманд оролцоод ч байгаа юм шиг үгүй ч юм шиг. Үг хэл нь ч тийм нэг хуурай. Арай жаахан наагаад, оруулаад ирсэн бол гэж бодогдсон.
Уг нь киног чимж байгаа хоёр хүүхэн нь Онолтын дүү, Дэмчиг тайжийн охин хоёр. Гэтэл харилцан яриа нь хэг ёг, ядаж байхад тэр голын эрэг дээр общий план дээр авцан нь хүний сэтгэл хөдлөлийг харах боломжгүйгээр шийдэгдцэн. Ер нь бол цаашдаа Монгол бүсгүйчүүдийн гоё дүр төрхүүд болохоор харагдана билээ. Ялангуяа Дэмчиг тайжийн охин.
Операторын багийн ажил үнэхээр сайн. Зураг авалтууд дотор шөнийн хэсэг ихтэй ч тун сайн ажилласан гэрлийн багийнхны ачаар ямар ч тээргүй бас үзэсгэлэнтэй харагдаж байсан. Хүрхрээний наана цай чанаж байгаа, Отгонтэнгэр хайрханы наагуур хос морьтон гарч ирж байгаа, Батаагийн шөнө цуур үлээгээд сууж байгаа гэх мэт үнэхээр пөөх гэмээр планууд хэд хэд харагдсан. Тэгэхдээ зарим нэг хэсгүүдэд киноны гэхээсээ фото зургийн гэмээр план харагдаад байгааг анхаараарай.
Эвлүүлэг болон, дууны багийн хувьд хэлэх айхтар шүүмжлэл гарч ирээгүй. Зарим нэг дууны эффикт мэдэгдэхгүй ч өнгөрч болохоор байхад арай тод өгөгдсөн шиг санагдсан. Тэгэхдээ Азийн киноны стил тийм юм чинь түүнийгээ дагасан юм байлгүй хэ хэ.
Киноны бас нэг онцлог нь комьютер граффик ашигласан хэсэг хэд хэд байгаам. Хутагтын манжийн амбантны өргөөнд байгаа хэсэгт өнхөрч байгаа толгойг эс тооцвол даалин тогтоосон хэсэг надад лав тун сайн санагдсан. Харин тэр Онолтын тэргүүнийг оршоох хэсэг нэг л тийм орон зайн алдаатай ч юм шиг, ойлгомжгүй сүн гээд өнгөрсөн. Магадгүй зөвхөн нэг талаас харуулснаас болсон байж болох. Минийхээр бол хутагтын гаран дээрээс харагдаж байгаа байдлаар план тавьсан бол илүү лаг болох байсан байх.
Тэгээд эцэст нь хэлэхэд алхам алхамаар хөгжиж яваа (минийхээр боломжийн хурдтай) Монголын кино урлагт энэ кино бас нэг шинэ шат болжээ. Бусад улсууд түүхээ зохиогоод итгэтэл хийж байхад бид өөрөсдийн бодит түүхээ энэ мэтээр жижиг жижиг хэсгээр нь тодруулан гаргаж харуулж болохыг үзүүллээ. Орон нутаг түшиглэсэн түүхэн киноны натур амжилттай ажиллаж болохыг харууллаа. Киногоор дамжуулан өөрөсдийн биет болон биет бус соёлын өвөө харуулж болохыг харууллаа.
Хамгийн гол нь эх орныхоо төлөө эр цэрэг, ихэс ноёд, энгийн ардууд ч хамтран тэмцэж асан тэр хувсьгалт үзлийг гаргаж чадаж. Урлаг өөрөө ямар нэг зүйлийг сэрээж явах ёстой юм гэнэ билээ. Энэ мэт олон сайхан кино биднийг сэрээж байх болно гэж найдаж байна.
Та бүхнийг энэ киног үзэхийг хүсэе! Та ямар ч байсан 145 минутандаа харамсахгүй.
Кино багийнхны цаашдын уран бүтээлд амжилт хүсэе!
2000 | ||
Үзсэн: 4040 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.