Шууд Chart

Ээждээ бичих захидал №23

2014-03-03 14:15:00

Сайн байна уу, Ээжээ

Таньдаа удахгүй болох Эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргээд ТАНДАА ХАЙРТАЙ, МАШ ИХ ХАЙРТАЙ ШҮҮ гэдэг үгийг дахин дахин хэлье.

Тиймээ ээжээ,  БИ ТАНДАА ХАЙРТАЙ гэж хамгийн сүүлд хэзээ ингэж хэлж байснаа ч санахгүй тийм их үнэтэй цаг хугацааг би өнгөрөөчихөж. Өдөр бүр ээжтэйгээ ойрхон байж ээжийгээ хайрлаж байгаа гэж өөрөө өөртөө дотроо бодож яваа ч гэсэн яг одоо бодохоор би цаг мөч бүрийг танийгаа хайрлах завгүй явсаар өдий хүрчээ. Дахиад л тандаа хайртай гэж хэлмээр байна. Бүр хамгийн чангаараа ЭЭЖЭЭ БИ ТАНДАА ХАЙРТАЙ  гэж хашгирмаар байна.   Та бол миний аз жаргалын түлхүүр, миний сэтгэлийн нандин шүтээн шүү.
ЭЭЖЭЭ, ТАНЬДАА МАШ ИХ БАЯРЛАЛАА. Юуны түрүүнд намайг энэ хорвоод төрүүлж хүн болгосонд баярлалаа. Өөрийгөө өдий зэрэгтэй хүн болгуулчихаад, би гэдэг хүн  гурван хүүхдийн эх болчихоод  хүүхдүүдээ төрүүлээд 3 сар хүргэсэн үү үгүй юу таньдаа аваачиж тушаачихаад л хүүхэдгүй хүн шиг  хань нөхөртөө эрхлээд, ажлын төлөө төрчихсөн хүн шиг ажиллаад л.  Ажиллаад л явсаар нэг л мэдэхэд том охин маань 10 нас хүрчихсэн байна. Эрхэлсэн ажилдаа эзний ёсоор хандаж, амжилтад хүрээсэй гэж та минь бодсондоо миний 3 хүүхдийг өдий зэрэгтэй эрүүл саруул өсгөж, сайн хүн болгон хүмүүжүүлж байгаад чинь талархаад талархаад баршгүй. Таныхаа энэ их ач гавьяагаар охин нь ХААН банкиндаа нэр төртэй хариуцлагатай хүндтэй ажил үүргийг гүйцэтгэж, олон олон шагналын эзэн болж, жилээс жилд од мэт гялалзаж явна, МАШ ИХ БАЯРЛАЛАА ЭЭЖЭЭ. Ийм бурхан шиг буянтай эмээтэй болсондоо хүүхдүүд минь амьдралынхаа мөч бүхэнд танд баярлаж танаар минь бахархаж явах болно оо ээжээ.
ЭЭЖЭЭ ОХИНОО УУЧЛААРАЙ.  Нэг л мэдэхэд таны минь үс бууралтаж, нүүрэнд нь үрчлээ нэмэгдсэн байна. Би ер нь насанд хүрч ухаан сууснаасаа хойш таньтайгаа бараг л ойр байгаагүй юм байна. Хөлсөө дуслуулж олсон хэдэн төгрөгийг чинь үрж их сургуулиа төгсчихөөд, эмэгтэй хүний жам ёсоор хүний хүн болж, өрх тусгаарлаж амьдарснаасаа хойш тандаа зориулж  нэг цагийг ч зарцуулж байгаагүй юм байна. Хааяа нэг очиж хонох болгонд таны минь нүүрэнд баярын инээмсэглэл тодорч, та минь өөрөөсөө харамлан байж хадгалсан цөцгийн тосоор хайлмаг хийж амттай сайхан хоол хийж өгч байхад би гэдэг хүн таниасаа бүгдийг авах ёстой юм шиг л бодож явж.
Яг энэ захидлыг бичиж суухдаа би таныгаа сайхан үгээр дутааж, миний төлөө хийсэн бүх зүйлд чинь баярлалаа гэж хэлж амжаагүй гэж бодохоор өөрийн эрхгүй өөрийгөө зэмлэж, сэтгэл минь өвдөж байна. Хамгийн сүүлд таныг даралт чинь ихэслээ гэхэд “эмээ сайн угаарай, битгий өвдчихөөрөй” гэж хэлсэн нь миний нөгөө сайхан үг хэлчихлээ гэж бодож явдаг үгнүүдийн минь нэг байсан байх. Үүнийхээ оронд “та минь эмээ сайн уугаад сайн хэвтэж амраарай. Та минь бидний амьдралын гэрэл гэгээ таньдаа хайртай шүү” гээд хэлчихсэн бол эмээр биш миний сэтгэлийн энэ үгээр даралт чинь буурч бие чинь тэр доороо л зүгээр болох байсан ч юм билүү. Таныхаа сэтгэлийг зовоож, таныгаа гомдоож уурлуулж байсан мөч бүхнийг минь уучлаарай.
Та минь урт наслаж, биднийхээ дэргэд үүрд хамт байгаарай ээжээ. Үр хүүхдүүд ач, зээ нар нь тандаа олон олон сайн сайхан зүйлийг үзүүлж, бэлэглэж, таныхаа ачийг хариулж таныгаа баярлуулах  мөч  бүртэй хамт баймаар байна.  Өвдөж болохгүй шүү ээжээ, Тандаа хайртай охин нь.
Дархан хот Мөнххалдун Бизнес Зээлийн Төвийн захирал охин Оюун-Эрдэнээс ээж Энхтуяадаа
 


Ээждээ бичих захидал №23  
Үзсэн: 5665 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
м ариунхүслэн [66.181.160.xxx] 2018-09-06 19:28
ямар гайхалтай шүлэг вэ? би энэ шүлгийг анх уншаад их уйлсан хэний шүлэг вэ?

Бидэнтэй нэгдээрэй