
ХААН БАНК-ны ХНҮАХ-ийн мэргэжилтэн Ч.Халиун
Ээжээ, тандаа сайхан үг холбож захиа бичих гэсэн үг олдохгүй юм. Ээжийдээ хэлэх хамгийн сайн сайхан үг хайгаад, хайсны эцэст энэ хорвоогийн хамгийн сайхан үг нь ээж өөрөө юм байна гэж бодож сууна.
Тиймээ, хамгийн сайхан үг бол ЭЭЖ. Би таныгаа хараад миний төлөө хэдэн мянган эд эсээ үхүүлэн байж тоост хорвоогийн муу сайнтай холилдон амьдарч байгааг тань мэдэрдэг. Зөвхөн миний л төлөө. Би таныгаа хорвоод ирж нэг баярлуулсан байх, ход ход инээж бас нэг баярлуулсан байх. Өөр яаж таныгаа баярлуулсанаа санахгүй байна. Гэхдээ тэгж баярлуулахдаа би хорвоог таниагүй нялзрай байж.
Хатуу хүтүү амьдралын дардан биш замын дунд таныгаа ухамсарт хүний ёсоор, өөрөөс нь тасарч унасан хүүгийн ёсоор баярлуулж чадаагүй л явна. Гэхдээ та минь надаас хэзээ ч их юм хүсэж байсангүй. Зөв яв, зөв хүнтэй нөхөрлөж эр хүн шиг нуруутай бай, хамт олонтой бай, ханиа хайрла гэсэн энгийн хэдэн зүйлийг л надаас “шаарддаг, гуйдаг”. Өөр юу ч хүсээгүй. Нар шиг халуун хайраа надад өгчихөөд надаас өөр юу ч хүсээгүй. Харин би энэ хүсэлтийг нь биелүүлж чадсан ч юм уу, үгүй ч юм уу.
Өвдөхөд минь шаналж, алдахад минь гуньж, уурлахад минь ухаарал хайрлаж энэ хорвоогийн хаана ч гэлээ зөвхөн намайг л боддог тэр их сэтгэлийг тань би мэдэрдэг хэрнээ хөлдүү мөсөн хүн шиг хайхрамжгүй явсаар өдийг хүрч. Гэхдээ та минь тэнэг юм шиг тэр байдлыг минь тийм л байх ёстой мэтээр санаж халуун хайраар хайлуулсаар өнөөдөртэй золгожээ.
Ингээд бодохоор хамгийн нандин ЭЭЖ-ийнхээ НАР шиг халуун хайранд хөрч даарч үзээгүй яваа би азтай хүн юм. Ээж минь би танаасаа нэг л зүйлийг аминчлан гуйя. Та минь хүүгийнхээ дэргэд урт наслаж уудам хорвоод өнгө нэмж яваарай, хүү нь тандаа хайртай шүү.
Ээждээ бичих захидал №30 | ||
Үзсэн: 37592 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.