
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт нийслэлд энэ сарын 23-наас эхлэх бол хөдөө орон нутагт 30-наас эхэлнэ. Хотын сургуулийн амралт гурван долоо хоног үргэлжлэх бол хөдөө орон нутгийнх хоёр долоо хоног үргэлжилж, гуравдугаар улиралд үлдсэн хоногоо нөхөн амрах юм. Ингэхдээ, газар зүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааран улирлын амралтыг нэг долоо хоногийн өмнө эхэлж болно гэж заажээ.
Орон нутагт өвөлжилтийн нөхцөл байдалтай холбоотой ийм зохицуулалтыг хийсэн бол нийслэлд ч бас тохирох шаардлагатай зохицуулалтыг хийжээ. Тодруулбал, хоёрдугаар улирлын амралтаар томуу, томуу төст өвчний дэгдэлт, тархалт ихэсвэл, гуравдугаар улирлын амралтын нэг долоо хоногийг шилжүүлэн авч болохоор заажээ.
Цаашдаа энэ хуваарийг мөрдөх бөгөөд ингэснээр аливаа төлөвлөлтгүй байдал арилна гэж тооцоолжээ. Боловсролын хүрээлэнгийн секторын эрхлэгч Энхтогтохын ярианд анхаарлаа хандуулъя.
Ийнхүү хотын сургуулийнхан гурван долоо хоног амрах бол хөдөө орон нутгийн сурагчид хоёр долоо хоног амарч, гуравдугаар улиралд хотын сургуулийнхан хоёр долоо хоног, орон нутгийнхан гурван долоо хоног амарна.
Түүнчлэн Сар шинийн баярын үеэр бүх сургууль нэг долоо хоног амрах юм. Харин зуны амралт бага ангид зургаадугаар сарын 1-нээс эхлэх бол дунд, ахлах ангийнхан зургаадугаар сарын 8-наас амарч, хичээлийн жилийн үргэлжлэх хугацааг богиносгосон байна.
Нийтдээ энэ хичээлийн жилд бага ангийн сурагчид 31 долоо хоног, дунд болон ахлах ангийн сурагчид 32 долоо хоног хичээллэнэ. Түүний 7 долоо хоног нь улирлын амралт байна.
Нийслэл, орон нутгийн сурагчдын амралт өөр байна | ||
Үзсэн: 1430 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.