
“Тогтвортой хөгжлийг дэмжих Монголын сэтгүүлчдийн холбоо”-байгуулагдсантай холбогдуулан Удирдах зөвлөлийн дарга,сэтгүүлч Т.Бүдээхүүтэй ярилцлаа.
-Тогтвортой хөгжлийн төлөөх сэтгүүлчдийн холбоог яагаад байгуулав?
-Би өөрөө сэтгүүлч мэргэжилтэй.Хүрээлэн буй орчин судлалын магистрын зэргээ “Тогтвортой хөгжлийн боловсролыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулах олгох нь” сэдвээр хамгаалсан. Тиймээс уншсан,мэдсэнээ бусадтай хуваалцах хүсэл маань холбоогоо байгуулахад хүргэсэн.
НҮБ-ын 2015 онд баталсан “Тогтвортой хөгжил-2030” баримт бичиг, уг зорилгод Монгол Улс нэгдэж 2015 онд УИХ-аас баталсан Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 гээд баримт бичгүүд бий. Эдгээр нь дэлхий нийтийн болоод Монгол Улсын хөгжлийн нэг гол баримт бичгүүд. 2030 он гэхэд ядууралгүй болсон байна, бүх нийтэд чанартай боловсролыг эзэмшүүлнэ, жендэрийн эрх тэгш байдлыг хангасан байна гэх мэт тулгамдсан бүх асуудлаа шийдсэн байх ёстой эдгээр амлалтыг 2030 он хүртэл хэрэгжүүлэхээр тусгасан.Гэтэл одоо арваадхан жил үлдсэн байна.
Эдгээр зорилгоо хангахад Монгол хаана явна, тодорхой алхам хийж чадаж байна уу гээд ярихаар ихээхэн асуудалтай тулгарч байна. Өнгөрсөн 7-р сард Монгол Улсын Засгийн газар НҮБ-д Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн явцын талаар Үндэсний сайн дурын илтгэлийг тавьсан. Хэдийгээр манай улс тогтвортой хөгжлийн зорилгод нэгдсэн анхдагч улсуудын нэг боловч хэрэгжилт хангалтгүй байна гэж тус илтгэлд дүгнэсэн.
Ер нь тогтвортой хөгжил гэдэг дарга нарын ч юм уу, эсвэл хурал зөвлөгөөний уриа лоозон төдий асуудал биш, энэ зорилгыг амьдралын хөрсөнд буулгах нь чухал. Тогтвортой хөгжил гэж яг юуг хэлээд байгаа юм, яагаад би хөгжлийн гадна үлдэх ёсгүй вэ,яагаад бүгдээрээ тэгш шударга байх ёстой вэ гэх мэтийг хүмүүс ойлгох ёстой.Тиймээс тогтвортой хөгжлийн талаарх мэдлэг, ойлголтыг хүмүүст өгөх, хөгжлийг зөвхөн дарга нар биш, иргэд, сэтгүүлчид, бусад оролцогчид хамтдаа бий болгохын төлөө ямар нэг зүйл хийх сэдлээр энэ холбоогоо анх санаачлан байгуулсан. Манай холбоо бол МСНЭ шиг гишүүддээ үйлчилдэг байгууллага биш, нийгэмд үйлчлэх статустай ТББ. Цаг зав багатай, цаг үетэйгээ уралдаж явдаг сэтгүүлчдийн хамтын ажиллагааны платформыг холбооныхоо малгай дор бий болгож, эх орноо хөгжүүлэхэд хамтдаа хүчтэй дуу хоолойгоо гаргахад дэмжлэг үзүүлэх нь бидний зорилго
-Холбооныхоо үйл ажиллагааг тодруулбал...?
-Манай холбоо энэ оны 6–р сард байгуулагдсан шинэ тутам холбоо. Өнгөрсөн хугацаанд сэтгүүлчдийг чадавхжуулах чиглэлээр гурван удаагийн сургалт зохион байгуулсан. Эхний сургалтаа тогтвортой хөгжлийн автор нь болсон НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан. Бидний санаачлагыг дэмжиж, хамтран ажилласан тус байгууллагын хамт олонд талархал илэрхийлье. Сэтгүүлчдийнхээ үйл ажиллагааг хөгжлийн төлөө сэтгүүл зүй рүү хандуулж, чиглүүлэхэд зохион байгуулалтын болон бусад холбоосыг хийж ажиллана. Сэтгүүлчдийг чадавхжуулах чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, тогтвортой хөгжлийн чиглэлээрх багш, судлаач, мэргэжилтнүүдтэй сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагыг холбох гүүр нь байна. Мөн бид шийдвэр гаргагчдыг тогтвортой хөгжлийн зорилгын төлөө тодорхой үйлдэл хийдэг байхын төлөө хамтын хүчээр шахаж шаардах ёстой.
Саяхан бид холбооныхоо http://journalistsforsdg.mn/ вэб сайтыг нээсэн. Манай холбооны цахим хуудасны хамгийн гол контент нь #SDGActoinMongolia гэсэн контент байна. SDG буюу suistanable development goals (Тогтвортой хөгжлийн зорилгууд)-ыг биелүүлэхийн төлөө ямар нэг үйлдэл буюу action хийхийг хөхүүлэн дэмжинэ гэсэн үг.
Тогтвортой хөгжлийн 17 зорилгын төлөө ямар нэг бодитой үйлдэл хийсэн хүмүүс, байгууллагыг дэмжих зорилгоор сошиал орчинд #SDGActoinMongolia хаштагын давлагааг өрнүүлэх ажил хийх гэж байна. Нийгмийн сайн сайхны төлөө, ядуурлыг устгах, хүний эрхийг хамгаалах, байгаль орчноо хамгаалах, эдийн засгийг өсгөх чиглэлээр яг бодитой үйлдэл хийсэн бол түүнийгээ #SDGActoinMongolia хаштагаар фэйсбүүк,твийтэр,инстаграм гэх мэт сошиал орчиндоо оруулаад, бид тэргээр нь шүүж холбооныхоо сайт, сошиалд оруулж нэгтгэн,түгээх ажлыг хийнэ гэсэн үг. Бид сайн сайхан үйлдлээ илүү их ярьж байх нь ирээдүйн сайн сайхан хөгжлөө дэмжиж байгаа гэсэн үг.
Зөвхөн хувь хүн, байгууллага үйлдэл хийх биш, улс төрчид, шийдвэр гаргагчид маань байнга ярьдаг яриагаа бас үйлдэл буюу action болгон хувиргах шаардлагатай. Бид нэг эх оронтой учраас хий хоосон ярьдаг, популист улс төрчдөөр удирдуулах уу, бодитой үйлдэл хийдэг, гаргасан шийдвэрээ хэрэгжүүлдэг, ёс зүйтэй улс төрчдөөр удирдуулах уу гэдэгт ч онцгой анхаарах ёстой. Тогтвортой хөгжилтэй, шударга ёс тогтсон нийгмийг бүтээхэд авилга, ёс суртахууны асуудал тээг болж байгааг бид мөн ярих л ёстой.
Түүнээс гадна тогтвортой хөгжлийн, ногоон хөгжлийн гэх зэрэг хөгжлийн баримт бичгүүдийг олон нийтэд сурталчлах, таниулах, хэвлэл мэдээлэлтэй холбох стратегийн ажлууд ерөнхийдөө орхигдсон байдаг. Тиймээс энэ ажилд сэтгүүлчдийн оролцоог хангахад анхаарч ажиллахаар төлөвлөж байна.
-Тогтвортой хөгжлийг дэмжих сэтгүүлчдийн холбоо дэргэдээ Жендэрийн клуб байгуулж байгаа юм байна. Зорилго нь юу вэ?
-Жендэрийн тэгш эрхийг хангах нь ТХЗ-ын нэг том зорилго. Жендэрийн эрх тэгш байдлын асуудал нь хүний эрхийн асуудалтай шууд холбогддог. Жендэрийн эрх эгш байдал хангагдсан улс орнууд өндөр хөгжилтэй, тэгш шударга нийгэм байгуулж байгааг бид Скандинавын орнуудын жишээн дээр сайн мэднэ.Тэдгээр улсын улс төрийн шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоо 50 хувь байх жишээтэй.
Жендэрийн эрх тэгш байдал гэдэг хөгжлийн асуудал, бүр энгийнээр хэлбэл хөгжлийн бодлого, хандлагын буруугаас аль нэг хүйсийн эрх ашиг зөрчигдөхгүй байхыг хэлнэ.Манайд эмэгтэйчүүдийг дорд үзсэн, эмэгтэйчүүдийг үл ойшоосон үзэл хандлага бүх төвшинд бий. Хүн болгон тэгш эрхтэй юм бол яагаад эмэгтэйчүүд үл ойшоогдох, гадуурхагдах ёстой юм бэ. Нийгэмд байгаа энэ хандлагыг өөрчлөх нь чухал.
Нөгөө талаар хэдийгээр “тэнгэрлэг” хэмээн өргөмжлөгддөг ч монгол эрчүүдийн маань эрүүл мэндийн асуудал орхигдож, эрт нас барах нь олширч байгаа судалгаа гарсан.Энэ бол бас жендэрийн асуудал. Тиймээс бид холбооныхоо дэргэд Жендэрийн клуб ажиллуулахаар болсон. Цаашид тогтвортой хөгжлийн ямар ч зорилгын дор клубууд ажиллуулах боломжтой.
Т.Бүдээхүү:Бид #SDGActionMongolia давлагаагаар тогтвортой хөгжлийн төлөөх үйлдлүүдийг нэгтгэнэ | ||
Үзсэн: 1044 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.