
Шинэ төрлийн короновирус “COVID-19” халдварын дэгдэлтийн эрсдэлт нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/43 дугаар тушаал батлагдсан.
“Шуурхай зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах тухай” Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос цэцэрлэг, сургуулийг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоох тухай, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн ээлжит хуралдааны шийдвэрээр нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 03 сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан болно.
Хорио, хөдөлгөөний хязгаарлалтын хугацааны ЕБС-ийн I-XII ангийн сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүй байх зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Монголын телевизүүдийн холбоо хамтран “Теле хичээл”-ийг амжилттай зохион байгуулж байна.
Ерөнхий боловсролын сургуульд 2019-2020 оны хичээлийн жилд нийт 6053 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцаж байна. Ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, багш нар, эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийн хөгжих, сурах, эрүүл, аюулгүй амьдрах эрсдэлээс хамгаалах нөхцлийг дэмжсэн дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллахыг зөвлөж байна.
- Сургуулийн удирдлагууд Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын байгууллагуудаас өгч байгаа мэдээллийг цаг алдалгүй онлайн хэлбэрээр хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчдад хүргэж ажиллах боломж, нөхцөлийг бүрдүүлэх;
- Сургуулийн “Дэмжлэгийн баг”-ийн гишүүд сурагч, багш, эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан цаг үеийн болон сургалт, эрүүл мэнд, болзошгүй осол, гэмтлээс сэргийлэх чиглэлээр үйл ажиллагааны төлөвлөлтийг хийж, соён гэгээрүүлэх ажлыг онлайн хэлбэрээр зохион байгуулах;
- БСШУС-ын сайдын А/155 дугаар тушаалаар батлагдсан “Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөний үлгэрчилсэн загвар, боловсруулах аргачлалын дагуу хүүхдийн хэл яриа-танин мэдэхүй, хөдөлгөөн-бие бялдар, харилцаа-нийгэмшихүйн хөгжил гэсэн 3 айн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэх агуулга, арга зүй, сургалтын хэрэглэгдэхүүнийг боловсруулж, сургуулийн facebook групп, цахим шуудангаар тогтмол хүргэж ажиллах;
- Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сурагч, эцэг эх, асран хамгаалагчдад зөвлөн туслахдаа заавал онлайн хэлбэрээр ажиллах нь эрсдэлээс урьдчилан сэргийлэх болно гэдгийг анхаарах;
- Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрөөр хичээллэдэггүй хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын хувьд сургалтын хөтөлбөрийн агуулгын хүрээнд сурагчдын хөгжих, сурах онцлог хэрэгцээг харгалзан арга зүйн болон сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх, дасгал, даалгаврын санг боловсруулж, цахим орчинд байршуулж, онлайн хэлбэрээр дэмжлэг үзүүлж ажиллах;
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэх олон загварын хамгийн чухал загвар болох “Гэр бүлд суурилсан хүүхдийг хөгжүүлэх загвар”-ыг эцэг эх, асран хамгаалагчид анхаарч та өөрийн хүүхдэдээ хамгийн нэн тэргүүнд шаардлагатай байгаа өөртөө үйлчлэх чадварыг сайжруулах чиглэлээр онцгой анхаарч ажиллахыг хүсэж байна. Жишээлбэл: Олон нийтийн газраар явахгүй байх, явсан тохиолдолд тогтмол амны хаалт зүүх, гараа бохирдсон эсэхээс үл хамааран тогтмол савандаж угаах, чанартай хүнс хэрэглэх, дулаан хувцаслах, гэр бүлдээ, бие биедээ санаа тавих, эерэг уур амьсгалыг бүрдүүлж, гэр бүлийн тайван амгалан байдлыг эрхэмлэх, ханиалгах, найтаах, халуурах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмч, эмнэлгийн байгууллагад хандах гэх мэт;
Шинэ төрлийн короновирус “COVID 19” халдварын дэгдэлтийн эрсдэлт нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх нь ТА гэр бүлээ, ах дүү, найз нөхөд, эх орноо хамгаалахад оруулж байгаа ХУВЬ НЭМЭР гэдгийг байнга санаж ажиллахыг зөвлөж байна.



БОЛОВСРОЛ СОЁЛ ШИНЖЛЭХ УХААН СПОРТЫН ЯАМ
БОЛОВСРОЛЫН ХҮРЭЭЛЭН
Ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, багш, эцэг эх, асран хамгаалагчдад өгөх зөвлөмж | ||
Үзсэн: 20120 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.