Шууд Chart

Хүннү Эйртэй 10 хоногт 4 улсаар аялалын тэмдэглэл №11 /Бонус/

2014-04-01 10:36:45

Үзэсгэлэнт Хаулонг Бэйд та юу үзэх вэ?
------------------------------------------------------
Ойролцоогоор 500 орчим сая жилийн өмнө үүссэн гэж үздэг 2000 орчим жижиг арлаас бүрдсэн энэхүү үзэсгэлэнт газарыг ЮНЕСКО дэлхийн байгалийн үнэт өвд бүртгэсэн байдаг. Мэдээж бид бүх арлуудыг тойрч үзэж чадаагүй. Тэгэхдээ хүмүүсийн хамгийн их сонирхож болохуйц арлуудын дундуур явж тэндээ л томоохонд тооцогдох нэгэн арал дээр байрлах асар том агуйг сонирхож, салан дээр орших тосгонтой танилцаж, канойнгоор задгай тэнгист зугаалах шахсан. Шахсан гэдэг нь эхнэрийн ятгалга миний айдас хоёр нийлж байгаад хорвоо дээр арай урт удаан тоос хөдөлгөхөө бодсон нь дээр хэмээн үзсэн байх нь байна шүү хэ хэ.

Арлуудын хувьд дээгүүр нь битүү модод бүрхсэн дан хад болов уу гэмээр уснаас урган гарсан жижигхэн уулс л гэсэн үг. Далайтай нийлж байгаа хэсгүүдээрээ нилээн хонхойж элэгдсэн байгаа нь энэхүү орчин ямар их түүхийг агуулж байгааг нь илтгэх шиг санагдана. Сайн ажиглавал ямар нэгэн зүйлтэй адилтган нэр өгч болох өөр өөрийн онцлог тогтоцтой энэхүү арлуудын дунд Зодоонч тахиа, Өвгөн, Хүүхэд, Сармагчин гэх мэт оноосон нэртэй арлууд ч байдаг юм билээ. Чухам миний харж байгаагаас өөр талаас тийм дүрс харагддаг юм байлгүй. Би л тийм байна гэчих юм олж харж чадаагүй. Тэгэхдээ энэхүү олон жижиг арлуудыг сүлжин явах үед танд өөрийн эрхгүй байгаль дэлхий гээч ямар уран бас давтагдашгүй зүйлийг бүтээгч вэ хэмээн эрхгүй гайхан баясах сэтгэл төрөх болно.

Харин Thien Cung агуй дотор бол үнэхээр л Хо Шин Мин гуай ч юм шиг тиймэрхүү хэлбэртэй хад байсан. Миний камерны гэрэл хүрэхгүй байсан тул та бүхэнд энэ байна гэж харуулж чадахгүй байгаад уучлаарай. Агуй нь бидний өмнө үзсэн Лаосын Ванг Вейнгийн агуйнаас арай жижиг байх. Тэгэхдээ тогтоц бол ижил төстэй мэт санагдаж байлаа. Далай дээр тогтсон бөгөөд асар их чийгшилтэй орчинд байдаг тул хаанаас орж ирдэг юм урсгал усаар жижигхэн усан хана, цүнхээлийг үүсгэж \магадгүй байгалиасаа ч байж мэднэ\ өгсөн нь илүү чамин болгосон санагдсан. Мэдээж жуулчидын явах зам шат, өнгө өнгийн гэрлээр чимэглэхээ яаж мартахав.

Түүнээс гадна ордог болон гардаг хаалга нь өөр байсан бөгөөд гардаг хаалганы хажууд бэлэг дурсгалын тов хийсэн дэлгүүр ажиллаж байлаа. Гарах хаалганаас цааш уулын энгэрээ дагасан шатаар явсаар далайн эрэг хүрнэ. Тэнд мөн л хөнгөн зууш, бэлэг дурсгалын дэлгүүрүүд байрлах бөгөөд цаана нь хоноглох гэр минь болсон завь минь дүүхэлзэн хүлээж байх нь сайхан. Агуйн энд тэнд байсан цоорхойг ашигласан бололтой арал байрлах булан болон ойр орчныг тольдох хэд хэдэн тавцангууд хийсэн нь бас л оновчтой санаа байсан даа.

Энэ аялалаас бас нэг хамгийн их сонирхол татсан газар бол энэ олон жижиг арлын дунд орших загасчдын тосгон. Тэд сал буюу хөвдөг байшинд амьдрана. Тэнд байхгүй зүйл үгүй эмнэлэг, тосгоны захиргаа, сургууль, цэцэрлэг нь хүртэл хөвж л байна. Хүмүүсийн гол унаа нь сэлүүрт завь. Биднийг канойнгоор зугаацуулах үйл ажиллагааг ч энэ тосгоныхон хийнэ. Завьны үйлчилгээ үзүүлдэг тавцан дээр гарах үед тойроод олон тооны хүүхэд, хүүхэн, хөгшчүүл завин дээрээсээ төрөл бүрийн жимс авахыг гуйж шалах нь хэцүү.

Тэгээд холдоод явахад сэлүүрээ нэг гараараа сэлүүрдээд дагаад явах нь эгээ л бид мориороо хааш л бол хааш явж, хэнийг ч бол дагаж чаддагтай адил юм. Нэг гартаа хүүхдээ тэврэнгээ нөгөө гараараа завиа сэлүүрдэн бас хажуугаар нь хагас дутуу англиар жимс авахыг ятгах бүсгүйг өрөвдөн яалт ч байхгүй нэг хан боргоцой авлаа. Уг нь завин дээр маань үнэгүй байгаа эд шүү дээ кк. Олон олон жижиг арлуудын дунд байдаг болохоор далайн тэр том шуурга, гамшигуудад өртдөггүй байх хэмээн найдав. Тэрхүү эгэл иргэдийг их усан далай, эцэг тэнгэр ивээх болтугай.

Канойнгийн үнэ тасалбарт багтсан байсан боловч усгүй Монголын Анжигай айгаад ашиглаагүйг дээр дурдсан. Хоёулаа болон ганцаараа тэрхүү индианчуудаас гаралтай нарийн завиар чөлөөтэй зугаалах мэдээж сайхан байхаа. Гэвч хөмөрчихвөл эргэж хөрвөөж чадалгүй амьсгал хураах мэт санагдаад байх нь горьгүй хэ хэ хэ. Орой нар жаргах үеэр ч хүмүүс зангуугаа буулгасан завьнуудын голоор зугаалж яваа харагдсан.

Мөн энэ аялалаас таны эдлэх таашаалуудын нэг бол яах аргагүй завьны дээд хэсэгт суун далай харах, шөнийн цагаар бүүвэйлэх мэт аажуухан дайвалзах тавцан дээрээс одот тэнгэрийг ширтэн суух билээ.
Ямар ч байсан өөрийн төлсөн мөнгөндөө харамсахааргүй сайхныг олгож чаддаг Хаулонг бэйн аялалыг заавал сонирхож үзээрэй.

Илүү дэлгэрэнгүй сайхныг зурагнаас үзнэ үү?
Дараагийн тэмдэглэлээр өмнөд Вьетнамын нийслэл байсан илүү Европлог хот Сайгон буюу Хо Ши Минээр аялана.

Хүннү Эйртэй хамт аялсан: Анжигай.Г, Ганхүү.Т





























































































Нийтэлсэн: Анжигай

Хүннү Эйртэй 10 хоногт 4 улсаар аялалын тэмдэглэл №11 /Бонус/  
Үзсэн: 3347 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй