
УИХ-ын өнөөдрийн (2020.04.17) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржийн өргөн барьсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав.
Хууль санаачлагч нь одоогийн мөрдөгдөж байгаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогод 10 хувиар нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж байгаа нь иргэд, жижиг аж ахуйн нэгжид ихээхэн дарамт учруулж байгаа тул нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хзмжээг 5 хувь болгож бууруулахаар хуулийн төслийг боловсруулсан байна. Төсвийн байнгын хороо 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан нэмэгдсэн өртгийн албан татварыг 1 хувь болгон бууруулж, буцаан олголтыг 9 хувь болгон нэмэгдүүлэх, татвар төлөлтийн хяналтыг сайжруулах, энэхүү хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундариас өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй нэгтгэн хэлэлцэх нь зүйтэй, Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээг багасгахыг дэмжиж байгаа ч татвар төлөгчдийг бүртгэлжүүлэх боломжгүй байгааг анхаарч хялбаршуулсан татварын хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх шаардлагатай, Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа нэмэгдсэн өртгийн албан татвар нь шууд бус татвар боловч бараа, ажил үйлчилгээний үнэд нөлөөлдөг тул нэмэгдсэн өртгийн албан татвар төлдөг аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны борлуулалтын орлогын босгыг 50.0 сая төгрөг байгааг 300.0 сая төгрөг болгож нэмэгдүүлэх, коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын үед Улсын Их Хурлын гишүүдээс өргөн мэдүүлсэн татварын хувь хэмжээг бууруулахтай холбоотой хуулийн төслүүдийг дэмжих нь зүйтэй гэсэн саналуудыг гаргасан болно. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн байна.
Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү асуулт асууж, Төсвийн байнгын хорооны дарга болон Сангийн сайд нараас хариулт, тайлбар авсан юм. Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Ингээд Байнгын хорооноос төслийг хэлэлцэх шаардлагагүй гэснийг дэмжих томъёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 64.1 хувь нь дэмжсэн юм. Улсын Их Хурлын гишүүд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзсэн тул “Хуулийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцов. Энэхүү тогтоолын эцсийн найруулгыг Улсын Их Хурлын дарга уншиж, танилцууллаа.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь боловсруулж, өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол танилцууллаа.
Одоо мөрдөгдөж байгаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар иргэдэд буцаан олгогдож байгаа татварын хувь хэмжээ нь дэлхийн улс орнуудтай харьцуулахад бага, урамшууллыг сугалааны тохирлоор олгож байгаа нь шударга бус үйлдэл гэж үзээд нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хувь хэмжээг 5 хувиар нэмэгдүүлж, 7 хувь болгох хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь боловсруулж, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлжээ. Ингэснээр худалдан авалтыг эрчимжүүлж, далд эдийн засгийн хэмжээг бууруулан татвар төлөгчдийн тоог нэмэгдүүлж, тэдэнд ногдох татварын ачааллыг бууруулан, татварын тэгш, шударга байх зарчмыг хангаж, олон улсын жишигт нийцсэн татварын тогтолцоог бий болгоно гэж үзсэн байна. Тус хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Төсвийн байнгын хороо 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна.
Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээг 3 хувь болгож бууруулах, нэмэгдсэн өртгийн албан татварыг бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлөөр ялгавартай тогтоох нь зүйтэй гэсэн саналыг гаргасан байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзжээ.
Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, Сангийн сайд болон төсөл санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундариас хариулт, тайлбар авав. Түүнчлэн төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ч.Хүрэлбаатар, Д.Оюунхорол, Н.Оюундарь нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм.
Ийнхүү Баасан гарагийн чуулганы хуралдааны төгсгөлд Төсвийн байнгын хороо төслийг хэлэлцэх шаардлагагүй гэснийг дэмжих томъёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 40 гишүүний 22 нь буюу 55 хувь нь дэмжлээ. Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарийн өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх шаардлагагүй хэмээн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд үзсэн тул “Хуулийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсан юм. Улсын Их Хурлын энэ тогтоолын эцсийн найруулгыг Улсын Их Хурлын дарга уншиж, танилцууллаа.
“Хуулийн төслийг буцаах тухай” УИХ-ын тогтоолууд батлагдав | ||
Үзсэн: 585 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.