Шууд Chart

Санхүүжилтийн болон зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа

2020-04-21 18:03:45

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.04.21) Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Санхүүжилтийн болон зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр шинэ коронавируст (COVID-19) халдварыг “Цар тахал” гэж зарласан бөгөөд Монгол Улсад халдвар зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл маш өндөр байна. Иймд Улсын Онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацааг 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгаж, Монгол Улсын Засгийн газраас цар тахалтай тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх, вирусын халдварыг оношлох, эмчлэх зэрэг эрсдэлийг бууруулах шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байгаа талаар төслийн танилцуулгад дурджээ. Эдгээр арга хэмжээтэй уялдуулан эмнэлгийн тусламж, үйлчилгээг чанартай, шуурхай үзүүлэх тусгай бэлтгэл эмнэлгийг бүх шатанд хэрэгцээтэй байгаа тул нийслэлийн 3 эмнэлэг, 9 дүүргийн нэгдсэн эмнэлэг болон орон нутаг дахь нэгдсэн эмнэлгүүдийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, 1000 ортой эмнэлэг дэлгэн ажиллуулах зайлшгүй хэрэгцээ гараад байгаа аж.

Шинэ коронавируст (COVID-19) халдвартай тэмцэхэд зориулан Дэлхийн банкнаас шаардлагатай орнуудад нийт 14.0 тэрбум ам.долларын санхүүжилт олгохоор шийдвэрлээд байгаа бөгөөд эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай байгаа эмнэлгийн тоног, төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэх 26.9 сая ам.долларын өртөг бүхий “Монгол Улсад COVID19-aac урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийн хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээрийг тус тус байгуулаад байгаа юм байна.


Санхүүжилтийн болон зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа  
Үзсэн: 667 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй