Шууд Chart

ТББХ: УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив

2020-04-22 13:43:36

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2020.04.22) хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 10 цаг 41 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, О.Баасанхүү, Ж.Батзандан, Д.Лүндээжанцан, З.Нарантуяа, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, Я.Санжмятав, Д.Тогтохсүрэн, Д.Хаянхярваа нарын санаачлан боловсруулж 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр өргөн барьсан Монгол УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцууллаа.

Монгол УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 7 бүлэг 50 зүйлтэй бөгөөд төслөөр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой харилцааг шинээр болон өөрчлөн найруулсан байна. Тухайлбал, УИХ-ын нэгэн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох тухай, Улсын Их Хурал зөвхөн Ерөнхий сайдыг томилж, огцруулж, харин Засгийн газрын гишүүдийг томилж, чөлөөлж, огцруулах эрхийг хассан байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн батлах, хөгжлийн бодлого төлөвлөлт тогтвортой байх болон улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж болохгүй талаар заасан байна. Хууль санаачлах эрхийн хүрээ хязгаарыг хуулиар тогтоох тухай, УИХ-ын ээлжит чуулганы үргэлжлэх хугацааг 75-аас доошгүй ажлын өдөр болгох тухай, чуулган нэгдэн болон Байнгын хорооны хуралдаан гишүүдийн олонх хүрэлцсэн ирсэн тохиолдолд хүчинтэйд үзэх, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэх, хуулийг УИХ-ын нийт гишүүдийн олонхийн саналаар батлах тухай зохицуулалтуудыг төсөлд тусгасан болохыг С.Бямбацогт гишүүн танилцуулав.

Хууль тогтоох, хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих бүрэн эрхийн үр нөлөөг сайжруулах зорилгоор УИХ-ын хууль тогтоох бүрэн эрх болон хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой зохицуулалт, гишүүний үйл ажиллагаанд хориглох зүйлсэд олон улсын парламентын холбооноос гаргасан судалгаа, зөвлөмжид үндэслэн шинэ зохицуулалт нэмж тусгасан болохыг тэрбээр танилцуулгадаа дурдлаа. УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй тухай, Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүнийг хавсарч болох тухай, гишүүнийг эгүүлэн татах зохицуулалтыг нарийвчлан тусгасан байна.

Төсөлд УИХ-ын олонхийг бүрдүүлж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх, Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөх тухай тус тус заажээ. Ерөнхий сайдыг огцруулах тухай санал гаргах, түүнд итгэл хүлээлгэх эсэхтэй холбоотой зэрэг Улсын Их Хурал, түүний бүрэн эрхтэй холбоотой 13 багц асуудлыг шинэчлэн зохицуулснаар Монгол УИХ-ын тухай хуульд тухайн харилцааг шинэчлэн болон шинээр зохицуулах хэрэгцээ шаардлага үүссэн байна. Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын 28 жилийн туршлагад тулгуурлан, олон улсын жишигт нийцүүлэн УИХ-ын зорилт, чиг үүрэг, УИХ-ын бие даасан байдлыг хангах, УИХ-ын Анхдугаар, ээлжит, ээлжит бус, онцгой чуулганы зохицуулалтыг боловсронгуй болгохтой холбоотой зохицуулалтыг төсөлд шинээр нэмж тусгажээ.

Хууль тогтоох, хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих бүрэн эрхийн үр нөлөөг сайжруулж, улмаар УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож байгаа албан тушаалтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд хүрэлцэн ирээгүй, тайлбар өгөхөөс татгалзсан, хуралдаанд оролцсон этгээд хуралдааны дэг зөрчсөн, санаатайгаар худал мэдээлэл өгсөн бол парламентыг үл хүндэтгэсэн үйлдэл хэмээн үзэж тухайн этгээдэд Төрийн албаны болон холбогдох бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр хариуцлагажуулсан гэлээ. Түүнчлэн УИХ-ын Тамгын газрын үйл ажиллагааг нарийвчлан зохицуулахтай холбоотой асуудлыг төсөлд тусгасан байна.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, О.Баасанхүү нар асуулт асууж, төсөл санаачлагчдаас хариулт авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой зохицуулалтын талаар Ж.Батзандан гишүүн тодруулав. Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн Жаран зургаадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т зааснаар гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн, Үндсэн хуулийн цэц гишүүнийг энэ хуулийн 7.2 дахь хэсэгт заасан тангарагаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн, гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон бол эгүүлэн татах тогтоол гаргахаар төсөлд тусгажээ.

Хянан шалгах түр хорооны талаарх асуултад Д.Лүндээжанцан гишүүн хариулт өгсөн. Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь Хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал цөөнхийн төлөөллийг оролцуулан УИХ-ын тогтоолоор хойшлуулшгүйгээр нэг жил хүртэлх хугацаатайгаар байгуулахаар төсөл тусгажээ. Хянан шалгах түр хороо нь тухайн асуудлаар холбогдох албан тушаалтан, гэрчийг дуудан ирүүлэх, хянан шалгагч, шинжээч томилох, тэдгээрээс тайлбар, мэдүүлэг авах, нотлох баримт цуглуулах, мэдээлэл гаргуулах бүрэн эрхтэй байх юм байна. Түүнчлэн тус түр хороо нь Үндсэн хуулиар тогтоосон УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд хянан шалгалт явуулна. Хянан шалгах түр хорооноос шүүх болон эрх бүхий бусад байгууллагын хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах, хөндлөнгөөс оролцох, заавар өгөхийг хориглох аж. Хянан шалгах түр хороо хяналт шалгалтаар цуглуулсан нотлох баримтад үндэслэж гаргасан тайлангаа Улсын Их Хуралд танилцуулснаар уг хороог татан буугдсанд тооцно. Уг тайлан нь шүүхэд үүрэг хүлээлгэхгүй бөгөөд түүний цуглуулсан нотлох баримтыг шүүн таслах ажиллагаанд нотлох баримтын хэмжээнд үнэлэх эсэхийг шүүх шийдэх аж.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Улсын Их Хурал дахь нам, эвсэлийн бүлгийн талаарх зохицуулалтын талаар тодруулга хүсэв. УИХ-ын гишүүн С.Бямбацогт хариулахдаа, УИХ-ын сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд наймаас доошгүй суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулна. Бие даан нэр дэвшиж сонгогдсон болон ээлжит сонгуулиар наймаас доош суудал авсан өөр өөр нам, эвслийн төлөөлөл бүхий гишүүд нийлж нэг бүлэг байгуулахыг хориглоно. Гишүүн бүлгээс гарсан бол өөр бүлэгт нэгдэн орохыг, бүлгээс гарсан гишүүд нэгдэж бие даан бүлэг байгуулахыг хориглохоор төсөлд тусгасан байна. Улсын Их Хуралд бүлэг байгуулсан нам татан буугдсан, эвсэл тарсан бол бүлгийг татан буугдсанд тооцох ба түүний бүрэлдэхүүнд байсан гишүүд нэгдэн дахин бүлэг байгуулахыг хориглох юм байна. Түүнчлэн УИХ-ын гишүүд хамтран Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгээс өөр зохион байгуулалтын хэлбэр үүсгэхийг хориглох зохицуулалтыг төсөлд тусгаад байгаа гэв.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Монгол УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Н.Энхболд, Д.Хаянхярваа нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Ингээд төслийг хэлэлцэхийг дэмжих томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 13 гишүүний 9 нь буюу 75 хувийн саналаар дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Дараа нь Монгол УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэлээ. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Жавхлан, Н.Энхболд, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан нар ажиллана.


ТББХ: УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив  
Үзсэн: 718 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй