Шууд Chart

Нэн яаралтай горимоор хэлэлцэх хуулийн төслүүдийг хэлэлцэв

2020-04-22 20:27:18

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2020.04.22) хуралдаанаар Коронавирусын цар тахал, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан нэн яаралтай горимоор хэлэлцэх шаардлагатай хэд хэдэн хуулийн төслүүдийг өргөн мэдүүлснийг хэлэлцлээ.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нараас 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. 

Төсөл санаачлагч гишүүн Ж.Энхбаяр танилцуулгадаа, коронавирусийн халдвараар өнөөдөр 2.5 сая хүний өвчлөл бүртгэгдэж, манай улсад өнөөдрийн байдлаар 35 дахь тохиолдол бүртгэгдээд байна. Дэлхий дахинд тархсан энэхүү цар тахлын улмаас Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийг тогтвортой байдалд үзүүлж байгаа сөрөг нөлөө, учруулах хохирол нь  гамшгийн хэмжээнд хүрээд байгааг дурдав. 

Иймд Засгийн газраас өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдпын зэрэгт шилжүүлсэн хугацаанд өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр нэг удаагийн  буюу 4 бүлэг 19  зүйлтэй хуулийн төсөл боловсруулжээ. 

Уг хуулийн төсөлд өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд Засгийн газар, Улсын онцгой комисс болон бусад байгууллагын шийдвэрлэх асуудал, чиг үүрэг, тэдгээрийн харилцан ажиллагаа, тухайлбал, коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын үед Засгийн газраас хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалт тогтоох зэрэг шаардлагатай арга хэмжээг авч, тэдгээрт мөрдөх дэглэм, журам, зааврыг батлах эрх олгох зохицуулалтыг тусгажээ. Мөн коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар төрийн байгууллага, албан тушаалтан нь Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээнд нийцүулэн хуульд заасан үндэслэл, журмын дагуу зөвхөн нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгод хүрэхэд зайлшгүй арга хэмжээг авах, түүнчлэн гаргах аливаа шийдвэр нь эрүү шүүлт, хүнлэг бус, хэрцгий, доромж хандлагаас ангид байх туйлын эрхийг хүндэтгэх, ялгаварлан гадуурхахгүй байх шаардлагыг хангахтай холбоотой зохицуулалтуудыг тусгасан. Түүнчлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүрэг, хориглох зүйл тодорхой тусгасан байна. Тодруулбал, татан авалт, тусгаарлалт, эмчилгээ, үйлчилгээ, ариутгал, халдваргүйтгэл зэрэгтэй холбогдон гарах зайлшгүй зардлыг төлөх асуудлыг хуулиар зохицуулах нь оновчтой хэмээн үзжээ. Үүний зэрэгцээ бусад зохицуулалтын хүрээнд хандив, эд хөрөнгийн дайчилгаа, түүний нөхөн олговор зэрэгтэй холбогдсон харилцааг хуульчлахаар боловсруулсныг танилцуулгад дурджээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Л.Болд, С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Я.Санжмятав, Н.Оюундарь нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэг байгуулах үеэр тодорхой саналуудыг хүргүүлэх, төслийн зарим зүйл, заалтыг засч сайжруулахад анхаарч ажиллах шаардлагатайг онцолсон. Тухайлбал, цар тахлын улмаас орон гэргүй болсон иргэдийг орон байр, хоол хүнс, ундны усаар хэрхэн хангах, хүнсний талон өгөх асуудалд онцгой анхаарах шаардлагатай гэсэн санал хэлж байлаа. 

Ингээд уг хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 64.3 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 

Дараа нь  Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяраас 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй;” гэж, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.4.3.1-д “Иргэдийн амьдрах, ажиллах орчны аюулгүй байдпыг хангах, гамшгийн эрсдэлийг бууруулах нь хүний аюулгүй байдлыг баталгаажуулах чухал үндэс болно.” гэж, 4.1.2-т "Үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоог нэгдмэл, үр нөлөөтэй, боловсронгуй болгох чиглэлд шаардлагатай эрх зүй, удирдлага, зохион байгуулалтын шинэчлэл хийнэ.” гэж тус тус заасныг төсөл санаачлагч гишүүн Ж.Энхбаяр танилцуулгадаа онцолсон. 

Мөн тэрбээр, дэлхий даяар коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахал тархсанаас үүсэх эрсдэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд Гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгаж, холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах тухай Улсын Их Хурлын захирамжийн дагуу Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж өргөн барилаа. Гамшгаас хамгаалах тухай хуулийг Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс, Батлан хамгаалахын багц хуулиуд болон гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр баримталж буй дэлхий нийтийн чиг хандлагатай нийцүүлэн шинэчлэн найруулж, Улсын Их Хурлын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар батлан мөрдөж байгааг дурдав. 

Коронавируст халдварын цар тахлын улмаас үүссэн гамшгийн онцгой нөхцөл байдалтай холбоотойгоор гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, олон улсын хөл хориот өвчин гарсан гамшгийн онцгой нөхцөл байдал нь Монгол Улсын хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдалд үзүүлэх сөрөг нөлөө, учруулах хохирол нь гамшгийн түвшинд хүрээд байна. Дээр дурдсан нөхцөл байдалд одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй Гамшгаас хамгаалах хууль тогтоомжийн хүрээнд гамшгаас хамгаалах удирдлага, зохион байгуулалт, салбар хоорондын ажлын уялдаа, зохицуулалтыг хангах, холбогдох талуудын хариуцлага, эрх, үүргийг хэрэгжүүлэх, хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоох, байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох, иргэний хууль ёсны эрхийг түр хязгаарлах, үнэн зөв мэдээ мэдээллийг нэгдсэн байдлаар хүргэх зэрэг шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд холбогдох хууль тогтоомжийн уялдаа, эрх зүйн зохицуулалтын чадамж бүрэн дүүрэн хангагдаагүйгээс хүндрэл үүсэж байна. Иймд шинэ коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, түүний эсрэг улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, сургамж, Монгол Улсад тулгарч байгаа сорилт, хүндрэл бэрхшээлийг харгалзан Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэдгийг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа дурдсан. 

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ  асуулт асууж, хариулт авсны дараа Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.  

Үргэлжлүүлэн соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, энэ талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тус тус танилцууллаа.  Тухайлбал, Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. 

Монгол Улсын Засгийн газраас цар тахалтай тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх, вирусын халдварыг оношлох, эмчлэх зэрэг эрсдэлийг бууруулах шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан эмнэлгийн тусламж, үйлчилгээг чанартай, шуурхай үзүүлэхэд тусгайлан бэлтгэсэн эмнэлгийг бүх шатанд бэлтгэх ажлын хүрээнд нийслэлийн 3 эмнэлэг, 9 дүүргийн нэгдсэн эмнэлэг болон орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдэд  нэн шаардлагатай байгаа эмнэлгийн тоног, төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэх 26.9 сая ам.долларын өртөг бүхийн “Монгол Улсад COVID19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийн хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэхээр бэлэн болсныг салбарын сайд танилцуулгадаа онцолсон. 

Түүнчлэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. 

Коронавирусын халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах  хүрээнд    Монгол Улс, Азийн хөгжлийн банктай хамтран Улсын онцгой комиссын коронавирусын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу араг хэмжээний хэрэгжилтийг дэмжих, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд нэмэлт дарамт, ачаалал ирэхээс урьдчилан сэргийлж бусад чухал эрүүл мэндийн үйлчилгээг тасалдуулахгүй иргэдэд хүргэх, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор  300 сая ам.доллар хүртэлх хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг тусгасан  "Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг  байгуулаад  байгаа аж

Мөн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийн талаар хэлэлцсэн. 

Монгол Улсын Засгийн газар, АХБ-ны хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын эрчим хүчний хангамжийн нэгдсэн системийн тогтвортой, найдвартай байдлыг бий болгох зорилгоор цэнэг хураагуурын системийг Төвлөрсөн бүсийн нэгдсэн сүлжээнд барьж байгуулах төслийг хэрэгжүүлэх хүсэлтийг АХБ-нд хүргүүлж, үргэлжлүүлэн хэлэлцээ хийсний үр дүнд нэмэлт 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг авахаар тохироод байна. Цэнэг хураагуурын системийг барьж байгуулснаар Монгол Улс өөрийн эрчим хүчний системийн тохируулга хийх боломж нэмэгдэж эрчим хүчний хувьд бие даасан байдлаа нэмэгдүүлэх, эрчим хүчний системийн уян хатан байдлыг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, эрчим хүч үйлдвэрлэлт, хэрэглээний балансыг тогтворжуулах, болон эрчим хүчний  алдагдлыг бууруулах боломж бүрдэнэ. Тус төслийг ойрын хугацаанд хугацаа алдалгүй батлуулан, хэрэгжүүлж эхлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк (АХБ) хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийг байгуулаад байгаа талаар Сангийн сайд танилцуулгадаа онцлов.

Соёрхон батлах тухай дээрх хуулийн төслүүдтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул хуулийн төслүүдийг хуралдаанд оролцсон гишүүд олонх тус тус дэмжлээ.


Нэн яаралтай горимоор хэлэлцэх хуулийн төслүүдийг хэлэлцэв  
Үзсэн: 738 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй