Шууд Chart

Хууль тогтоомжийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ

2020-05-06 09:14:14

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2020 оны тавдугаар сарын 05-ны өдрийн хуралдаан 16 цаг 28 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, зургаан асуудал хэлэлцэж шийдвэрлэв. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы өнгөрсөн сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Байнгын хорооны тогтоолоор хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээр ахлуулан байгуулж ажиллуулжээ. Байнгын хорооны ажлын хэсэг төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад гишүүдээс гаргасан саналуудыг судалж нягтлан зарчмын зөрүүтэй саналын зарим томьёолол бэлтгэснийг ажлын хэсгийн ахлагч танилцуулав.

Ингээд ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар нэгбүрчлэн санал хурааж шийдвэрлэв. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлд энэ хуулийн 10.4-т заасны дагуу гарах аливаа шийдвэр, арга хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалсан иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлах тохиолдолд ямар ямар шаардлагыг нэг мөр хангасан байхыг агуулсан 10.9-10.11 дэх хэсгийг нэмэхээр тогтов. Мөн төслийн 1 дүгээр зүйлийн 9 дэх заалт буюу 10 дугаар зүйлийн 10.4.13 дахь заалтыг “олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээн дэх гамшгийн талаарх илт худал мэдээлэл нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд ноцтой саад учруулахаар бол тухайн мэдээллийн тархалтыг бууруулах, зогсоох арга хэмжээг тухайн нөхцөл байдалд тохируулан тодорхой хүрээ, хугацаатайгаар авах” гэж, 10.4.17 дахь заалтыг “зайлшгүй шаардлагатай тохиолдолд иргэн, байгууллага, хуулийн этгээдээс холбогдох мэдээллийг авах бөгөөд тухайн мэдээллийн нууцлалыг хадгалах, түүнчлэн гамшгаас хамгаалахаас бусад зорилгоор урвуулан ашиглахгүй байх” гэж тус тус өөрчлөн найруулахыг дэмжлээ. Түүнчлэн төслийн 3 дугаар зүйлийн 17 дахь заалт буюу 26 дугаар зүйлийн 26.1.5 дахь заалтыг “гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдал, түүний эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар зарлах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд тогтмол, шуурхай, хүртээмжтэй, дэлгэрэнгүй мэдээлэх” гэж өөрчлөн найруулахаар болов.

Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн ““АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг явуулж, энэ талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ хийлээ.

Уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Иймээс УИХ-ын бүх Байнгын хороо хуралдаанаараа энэхүү тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, гаргасан санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэх юм.

Сайдын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Т.Аюурсайхан нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр бичгээр зарчмын зөрүүтэй нэг санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Үргэлжлүүлэн  Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Энхбаяр танилцуулга хийлээ. Байнгын хорооны ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй хоёр санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.


Хууль тогтоомжийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ  
Үзсэн: 682 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй