
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2020.05.06) хуралдаанаар Байнгын хорооны 2020 оны 04 дүгээр тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүдийн орон нутагт ажилласан тайланг хэлэлцэв.
Уг Ажлын хэсэг 2020 оны 04 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд Төв аймгийн Жаргалант сум, Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймгийн Сайхан, Хөтөл, Зүүнбүрэн, Шаамар сумын нутагт ажилласан байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Н.Оюундарь, Ж.Энхбаяр болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйг дэмжих сан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын тариаланчдын холбоо болон Байнгын хорооны ажлын албаны ажилтнууд ажиллажээ.
Энэ талаарх тайланг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва танилцуулсан. Хөдөө аж ахуйг дэмжих санд 2020 оны хаврын тариалалтад ОХУ-аас импортолсон 5 сортын 5,000 тонн үрийн буудай, 2019 оны ургацаас 10 сортын 4,460 тонн, нийт 9, 460 тонн үрийн буудай нөөцлөхөөр төлөвлөсөн байна. Үрийн нийт эхний үлдэгдэл 5000 тонноос 3892-ыг олгоод 808 тоон үлдэгдэлтэй, дотоодын үрийн нийт эхний үлдэгдэл 4,260 байснаас 2,863.74-ийг олгоод 1,396.20 тоннын үлдэгдэлтэй байна. Одоогийн байдлаар нийт 6,755.74 тонн үрийг 145 иргэн, аж ахуйн нэгжүүдэд урьдчилгаа 30 хувийг төлүүлэн үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас төлөх нөхцөлтэйгөөр олгосон байна. Улаанбуудайн үрийн нөөц бүрдүүлэлт, хүрэлцээ хангамжийн талаар 2019 оны 339.4 мянган га талбайд улаанбуудай тариалж, 407.6 мянган тонн буудай хураан авсан бөгөөд ургацын урьдчилсан дүн гарах үеэр аж ахуйн нэгж, иргэд дараа оны тариалалтад зориулан 42.0 мянган тн үрийн буудайн нөөц бүрдүүлэх боломжтой гэсэн санал ирүүлж байсан бөгөөд Хөдөө аж ахуйг дэмжих сан болон Онцгой байдлын ерөнхий газарт 7.5 мянган тонн нийт 49.5 мянган нь үрийн улаанбуудайн нөөц бүрдүүлэх боломжтой гэсэн урьдчилсан төлвийг Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гаргасан гэдгийг Ажлын хэсгийн ахлагч тайлан мэдээлэлдээ дурдлаа.
Түүнчлэн тус яамнаас хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд 2020 оны эхэнд аймгуудаас авсан мэдээгээр аж ахуйн нэгж, иргэд 33.3 мянган тонн буудайн үр нөөцөлсөн дүн ирүүлсэн. Тариалан бүхий аж ахуйн нэгжүүдийн нөөцөлсөн 33.3 мянган тонн хөдөө аж ахуйг дэмжих сан, Онцгой байдлын ерөнхий газарт байгаа 7.5 мянга нийтдээ дотооддоо 40.8 мянган тн үрийн буудайн нөөц бүрдэж хаврын тариалалтад 13.2 мянган тн үрийн улаанбуудай дутагдах тооцоо гарсан байна. Тиймээс дутагдах үрийн буудайн нөөц бүрдүүлэх зорилгоор импортоор 15.0 мянган тонн буудайн үр авахаар Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гаргуулж, хэрэгжилтийг зохион байгуулснаар нийт 17 аж ахуйн нэгж, байгууллагад 12.5 мянган тонн үрийн буудайн импортын зөвшөөрөл олгосон байна. Мөн Хөдөө аж ахуйг дэмжих сан Оросын Холбооны Улсаас нийт 5 сортын 5000 тн улаанбуудайн үр импортоор авахаар гэрээ байгуулан ачилтыг 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр эхлүүлж 5000 тонн улаанбуудайн үрийг бүрэн ачуулсан бөгөөд 04 дүгээр сарын 30-ны байдлаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор 4804 тонн улаанбуудайн үр орж ирэхээс 4324 тонн, Баян-өлгий аймгийн Цагааннуур боомтоор 196 тонн улаанбуудайн үр орж ирэхээс 100 тонн, нийтдээ 4424 тонн улаанбуудайн үр орж ирснээр 576 тонн үр тээвэрлэлтэд явж байна. Мөн 12.5 мянган тоннын импортын зөвшөөрөл авсан 17 аж ахуйн нэгж, байгууллагаас 04 дүгээр сарын 30-ны байдлаар 6 аж ахуйн нэгж, байгууллага 5735 тонн буудайн үр нийлүүлсэн бөгөөд үүргээ биелүүлж чадаагүй аж ахуйн нэгж, иргэдийн хариуцлагагүй байдлын улмаас энэ хаврын тариалалтад зориулагдах байсан 6845 тонн улаанбуудайн үр нийлүүлэгдээгүй байгааг Д.Тэрбишдагва гишүүн мэдээлэлдээ онцлов.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ирүүлсэн мэдээнд Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Хөдөө аж ахуйг дэмжих сангийн захиалгаар ОХУ-аас импортлох 5 сортын тарих үрийн улаанбуудайнд хийсэн шинжилгээгээр 10.2 хувь нь үрийн стандартын шаардлагад тэнцэхгүй, 30.2 хувь нь 3 дугаар ангийн, 35.5 хувь нь 2 дугаар ангийн, 24 хувь нь 1 дүгээр ангийн чанарын шаардлага хангаж, 68.4 тонн үрийн шинжилгээний хариу гараагүй байна гэдгийг Д.Тэрбишдагва гишүүн мэдээлэлдээ дурдлаа.
Ажлын хэсгийн гишүүд Сэлэнгэ, Төв аймгийн төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн тариалалт, хүлэмжийн аж ахуй эрхлэгчидтэй уулзаж, тулгамдаж байгаа асуудлын талаар ярилцлаа. Сэлэнгэ аймгийн Засаг дарга танилцуулгадаа аймгийн хэмжээнд хаврын тариалалтанд 251 аж ахуйн нэгж, 105 иргэнд 24.3 мянган тонн улаанбуудайн үр шаардагдахаас үрээ нөөцөлсөн 144 аж ахуйн нэгж, үр нөөцлөөгүй 216 иргэн, аж ахуйн нэгжийн 63.3 мянган тонн үрийн захиалга хүргүүлснээр өнөөдрийн байдлаар 49 иргэн, аж ахуйн нэгж 2.3 мянган тонн үрээ татан авч, 4.0 мянган тонн үр дутагдаж байна гэж байлаа.
Мөн ОХУ-аас Сэлэнгэ аймгийн 17 сум, Дархан-Уул аймгийн Орхон сумын нийт 100 гаруй өрхийн ногоочид хамтарч 04 дүгээр сарын 05-ны өдөр ОХУ-ын Доны Ростов Чебэксар Москва зэрэг хотоос сонгины үр худалдан авч Алтанбулаг боомт руу ачуулсан боловч ОХУ-ын Онцгой комисс “ковид19”-тэй холбогдуулан зарим хүнсний бүтээгдэхүүнийг түр хугацаагаар хориг тавьсан тул орж ирж чадахгүй боомт дээр хүлээгдэж байгаа асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн гэж байлаа.
Гишүүд Төв аймгийн тариаланчид, ногоочидтой уулзахад тус нутагт 2015 оноос хойш дараалсан ганд нэрвэгдсээр 5 жилийн хугацаанд Баянцогт, Эрдэнэсант сумд ургац авч, бусад газарт ургац алдсан байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйл боллоо гэсэн боловч ямар ч арга хэмжээ аваагүй явсаар өдийг хүрчээ. 2017, 2018, 2019 онуудад 7, 8 сар гарч байж бороо орж ургац маань давхар соёололттой ургаж тэжээлийн будаа руу өгч, ургац алддаг байна. Энэ тал дээр Төв аймаг дээр төр, засгаас анхаарсангүй, Тариалан эрхлэлтийг дэмжих сан дээр очоод дэмжлэг авах гэхээр урд онуудын өрийн асуудлаа шийд гэдэг, өмнөх оны хуримтлагдсан төлбөрийг төлөх ямар ч боломж байхгүй талаараа болон энэ жилийн тухайд аймгийн хэмжээнд 6200 гаруй тонн үрийн буудай дутагдалтай байгаа талаар тариаланчид, ногоочид нь ярьж байна. Иймээс Ажлын хэсгээс манай улсын тариалалт, үрийн бодлого алдагдсаны зэрэгцээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжпийн хяналтын ерөнхий газар, нутгийн захиргааны байгууллагуудаас ирүүлж байгаа тоон мэдээллүүд зөрүүтэй байгаа нь салбарын үйл ажиллагаатай холбоотой гэсэн дүгнэлтэд хүрч байгааг Ажлын хэсгийн ахлагч мэдээлэлдээ дурдсан.
Тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Д.Эрдэнэбат, Д.Тэрбишдагва нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Оюундарь сүүлийн жилүүдэд үр тарианы бодлого алдагдсан тул салбарын яам нэн тэргүүнд анхаарч ажиллах шаардлагатай. Нөгөөтэйгүүр, үрийн будаа дутсанаас улсын хэмжээнд 100 мянган га газарт тариалалт хийхгүй өнжих тул хөрсний элэгдэл, эвдрэлийг нөхөн сэргээх, хөрсний үржил шимд эерэг нөлөөлтэй тэжээлийн үр тариа, буурцагт таримлын сэлгээ хийх зэрэг бодлогын зохицуулалт хийх цаг болсон гэж байлаа.
Харин УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, үр тариа, хүнсний ногооны аж ахуй эрхлэгчдэд зориулан олгох 150 тэрбум төгрөгийн жилийн 3 хувийн хүүтэй зээл олгох ажлыг салбарын яам шуурхай зохион байгуулах, улмаар тариаланчдад 400 сая, ногоочдод 5 сая төгрөг хүртлэх гэж зээлийн дээд хязгаарыг тогтоох, хөдөө аж ахуйн техник технологийн нэмэгдүүлэх, стандартын шаардлага хангасан зоорь агуулахыг хаана, ямар бүс нутагт байгуулахыг Байнгын хорооноос батлах "Чиглэл өгөх тухай" тогтоолд товч тодорхой тусгах шаардлагатай гэсэн саналтай байлаа.
Ингээд Ажлын хэсгийн орон нутагт ажилласан тайланг хэлэлцээд Монгол УИХ-ын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсгийг үндэслэн Засгийн газарт “Чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төсөлд гишүүдээс гаргасан саналыг тусган найруулж, батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Байнгын хорооны тогтоолын төслийг батлав | ||
Үзсэн: 777 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.