Шууд Chart

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2020-05-08 17:28:46

УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.05.08) нэгдсэн хуралдаан11 цаг 09 цагт эхэлж Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр танилцуулав. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаар тогтоолоор хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн С.Батболд, Л.Болд нар ажилласан байна.

Байнгын хороо 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хуралдаж, кибер орон зайгаар дамжин үйлдэгдэх гадны кибер халдлага, түрэмгийллээс Монгол Улсын тусгаар тоггнол, халдашгүй дархан байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг хамгаалах үүргийг Зэвсэгт хүчинд хүлээлгэх, Зэвсэгт хүчний тусгай томилолтын анги салбаруудыг өргөжүүлэх замаар хосолмол, уламжлалт бус аюул, заналын нөхцөлд бага хүчээр давуу хүчний эсрэг үр дүнтэй тэмцэл явуулах үүрэг бүхий тусгайлан бэлтгэсэн чадварлаг цэргийн хүчнийг байгуулах нь зүйтэй гэж үзэж хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаараа Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед асуулт асуух, үг хэлэх УИХ-ын гишүүд гараагүй байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Эрдэнэбат, Б.Баттөмөр нар асуулт асууж, хариулт авлаа.

Төмөр замын томоохон бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байгаагийн гол ачааг зэвсэгт хүчний анги, нэгтгэлүүд үүрч байгааг Ж.Энхбаяр гишүүн хэлсэн. Жилд 80-90 орчим мянган залуус цэргийн алба хаах насанд хүрдэг бөгөөд эдгээрийн 3 хувь нь л алба хаах боломж, нөхцөл байдаг аж. Харин хэлэлцэж буй төсөл батлагдсанаар барилга-инженерийн цэргийг бие даасан төрлийн цэрэг болгон хөгжүүлэх, ингэснээр олон мянган залуусыг эх орны бүтээн байгуулалтад оролцуулах, цэргийн үндсэн бэлтгэл, сургуулилтаа дүүргэсний дараа үргэлжлүүлэн гэрээт цэргийн алба хаах, цалин хөлс нь аж ахуйн нэгжийн хэмжээнд олгогдох, хуримтлал бий болгох, нөгөө талаар мэргэжил, эх оронч хүмүүжил олгох гэх зэрэг олон талын ач холбогдолтой гэдгийг гишүүдийн асуултад хариулах үеэрээ Ж.Энхбаяр гишүүн хэлж тайлбарлаж байлаа. Хэлэлцэж буй төслөөр эдгээр нөхцөлийг бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх ач холбогдолтой юм байна. Гэрээт цэргийн албан хаагчид сүүлийн жилүүдэд өргөжин, залуус цэргийн алба хаах сонирхол, эрмэлзэл өсч байгаа гэв. Урт хугацаанд үргэлжлэх бүтээн байгуулалтын ажлууд дээр нэг жилийн хугацаатай алба хааж буй цэргүүд ажиллах нь хэр тохиромжтойг Д.Эрдэнэбат гишүүн хэлээд, барилга-инженерийн анги нэгтгэлд алба хаах хугацааг хоёр жил, цаашлаад нийтэд нь цэргийн алба хаах хугацааг хоёр жил болгох боломжийн талаар тодруулж, хариулт авсан. Өнөөдрийн нөхцөлд цэргийн үндсэн бэлтгэл, сургуулилтыг нэг жилийн хугацаанд хийгээд, үргэлжлүүлэн алба хаах сонирхолтой залуус нь гэрээт цэргийн алба хаах байдлаар зохион байгуулж байгааг хэллээ.

Дараа нь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын хоёр томъёоллоор тус бүр санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 3 дахь заалт буюу 6 дугаар зүйлийн 6.2.12 дахь заалтыг “6.2.12.гадны кибер халдлага, түрэмгийллээс хамгаалах.” хэмээн өөрчлөн найруулахыг гишүүдийн олонх дэмжсэн. Төслийн 3 дугаар зүйлд заасан 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн “хуурай замын цэрэг, агаарын цэргээс” гэснийг “хуурай замын цэрэг, агаарын цэрэг, барилга-инженерийн цэрэг, кибер аюулгүй байдлын цэрэг болон тусгай хүчний цэргээс” гэж өөрчлөхийг мөн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Иймд төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах Байнгын хороонд шилжүүлэв.


Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ  
Үзсэн: 918 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй