
УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.05.08) нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн “Хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж, төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү танилцууллаа.
УИХ-ын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, УИХ-ын 2013 оны 23 дугаар тогтоолоор баталсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, УИХ-ын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2018 оны 17, 12 дугаар зөвлөмжид нийслэл Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрөл, хүрээлэн буй орчинд үзүүлж буй сөрөг нөлөө, агаар хөрсний бохирдлыг бууруулах, эдийн засгийн тодорхой салбаруудын тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцүүлэн хөгжүүлэх, хүн амыг эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор дагуул, хаяа хот байгуулах асуудлыг шийдвэрлэхээр тусгагдсан байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин долдугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Хот байгуулалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т хот байгуулах тухай асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэхээр хуульчилсны дагуу Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Аэросити, Майдар хотуудыг байгуулахтай холбогдуулан Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу хэрэгцээ, шаардлагагыг тандан судалж дээрх тогтоолын төслийг боловсруулснаа танилцуулж буйгаа дурдав. Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлээд, хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэн байна.
Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Г.Тэмүүлэн, Д.Лүндээжанцан, А.Ундраа, Ц.Гарамжав нар асуулт асууж, хариулт авлаа. Шинээр байгуулагдах хотын иргэд төрийн үйлчилгээг өөр сумаас очиж авахгүй, хот нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн чиг үүргүүдийг өөртөө шингээсэн байдлаар хөгжинө хэмээн төлөвлөж байгаа бөгөөд эдгээр шийдвэрийг хэзээ гаргах талаар Х.Нямбаатар гишүүн тодруулж, ажлын хэсгээс хариулт авсан. Одоогоор төлөвлөгөө, ТЭЗҮ болон холбогдох судалгаанууд хийгдэж байгаа гэдэг мэдээллийг өгсөн. Аэросити гэдэг нэршлийг монгол болгох асуудлаар Д.Лүндээжанцан гишүүн байр сууриа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн А.Ундраа эдгээр хотын төлөвлөлтийг хийхдээ, хэдэн жилийн өмнө Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос АНУ-ын Хойд Каролина муж дахь “Research triangle park” технологийн төвийн судалгааг хийж байсныг ашиглах боломж байгааг хэллээ. Түүнчлэн эрчим хүч болон усны судалгаа, нийслэлтэй төмөр замаар холбох асуудал, их дээд сургуулиудын нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой тодруулгыг хийж, хариулт авав. Хот байгуулах ажил бол маш урт хугацаанд, цогц төлөвлөлтийн үр дүнд хийгдэх бөгөөд өнөөдрийн байдлаар бүтээн байгуулалтын ажлыг 4 үе шатад хуваагаад байгаагаа дэлгэрэнгүй танилцууллаа. Богд хан төмөр замтай холбоотой ажил “бүтээн байгуулалт 2” үе шат буюу 2028-2031 онд хийгдэхээр төлөвлөгдсөн гэлээ. Тус төлөвлөгөөнд өндөр технологийн төвүүдийг байгуулах асуудлыг тусгасан байна. Их сургуулиудын кампус байгуулан, нүүлгэн шилжүүлэх асуудлыг судалж байгаа гэв. Ц.Гарамжав гишүүний асуултад ажлын хэсгээс хариулт өгөхдөө, орчин үеийн жишиг шаардлага болох ухаалаг, ногоон байх шаардлагыг хангасан хот байгуулахаар төлөвлөсөн. Аэроситигийн ерөнхий төлөвлөгөөг Засгийн газар баталсан байгаа бөгөөд хэсэгчилсэн төлөвлөгөөнүүдийг боловсруулах санхүүгийн асуудлыг шийдүүлээд, компаниуд судалгаа хийгээд эхэлсэн байгаа гэв. Майдар хотын төлөвлөгөө хийгдээгүй байгаа ч Зуунмод, Аэросити, Майдар хот гэсэн гурвал дээр төлөвлөлт хийгдэх юм байна. Аэросити нь 34000 оршин суугчтай байхаар төлөвлөөд байгаа юм байна.
Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, М.Энхболд нар үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь дэмжив. Иймд “Хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
“Хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ | ||
Үзсэн: 548 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.