
Цөөнгүй хүмүүс малчид гэж сайхан амгалан хүмүүс, хэдэн малаа эргүүлж тойруулаад л байж байдаг хийх ажил багатай шүү хэмээн боддог байх. Мэдээж маш олон хүн малчидын талаар илүү ихийг мэддэг байж таараа. Миний хувьд говийн нэгэн малчин айлын тухай л бичих гэж байна. Тэдний амьдрал мэдээж өдөр бүр ижил байгаад байхгүй л дээ. Тэгэхдээ зундаа бол нэг иймэрхүү байдаг.
Энэ айл бол манай хадмынх байгаа юм. 100 гаруй тэмээ, 20-иод ботготой ингэ, хоёр азарга адуу, унага даага нийлсэн 10 орчим гүү барина. 20 гаруй үхэртэйгээс бас л 10 тугалтай үнээгээ саана. Бог мал нь нийлээд 400 гаран байхаа. Үүнээс 50 гаран ямаагаа саадаг. Хөдөлмөрийн насны гурван хүн л байх. Бид нар амарч очсон тул бас жаахан тус болж л байлаа. Биднийг явахаар яаж ажил төрлөө амжуулдаг юм бол гэж бодож байснаа нуух юун. Мэдээж зарим малаа саахаа болидог байлгүй дээ. Биднийг байх хугацаанд л гэхэд ботготой ингэнүүдээ өөр айлд аваачсан байсан.
Малчны өглөө хэдэн цагаас эхлэж байгааг нойр ихтэй хотын амрагч би тэр бүр сайн тодорхойлж чадаагүй боловч 5.30 орчимд эхлэж байна хэмээн таамаглаж байлаа. Тэгэхдээ орой их эрт унтдаг л даа.
Өглөө босоод эрэгтэй хүмүүсээс нэг нь чөдөрлөж тавьсан морио бариад адуундаа явна. Гэрийн эзэгтэй цайгаа чанаад бусад хүмүүсээ сэрээнэ. Залуучууд бид бол хөхүүртэй айрагнаас том хулаар уугаад л өглөөний цай шүү дээ. Өглөөний цайгаа уусны дараа малын ажил эхлэнэ дээ. Үүнд:
- Адуу ирэхээр унагаа барьж уях, өдрийн унах морьдоо барих
- Үнээгээ сааж дуусаад тугалаа барьж уях
-Ямаагаа ялгах /энэ ч төвөгтэй ажил шүү, би заримыг нь ялгахгүй их будилна. Хэ хэ/ Ямаагаа холбоод сааж дуусаад ишигнүүдээ тавина.
- Малын ажлууд өрнөж байх хооронд өчигдрийн саалиараа бүрдсэн хөрөнгөөр тогоо нэрж амжсан байдаг. /Халуун нэрмэл ч гоё шүү/
- Дараа нь сүү хөөрүүлэх ажил эхэлнэ
- Малаа бэлчээрт гаргахаасаа өмнө адуу, үхрээ услана. /20 л-ийн ховоогоор 4-5 метрийн гүнтэй худгаас ус татах эр хүний шууг шалгасан ажил даа. Би бол 30 орчим татаад л сарвайж байдаг./
За тэгээд л өдрийн ажлууд эхэлнэ.
- Унагаа уясанаас хойш 3 цагийн дараа анхны саам. Үүнээс хойш 2 цаг тутамд гүүгээ саана.
- Хонь, хурга ноослох ажил бас өрнөж байлаа. Халуун наранд хонь хяргана гэдэг бас л тамтай ажил даа. Өдөртөө 40 хурга хяргахаар 4 хүн суухад би дөнгөж 5-ийг л босгож байх жишээний. Тэгэхдээ барьж хүлэх гэдэг ажлыг нь ерөнхийд нь хийж байлаа.
- Үүний хажуугаар тараг бүрэлгэх, аргал түүх, юм угаах, ус авах, оёдол хийх, цагаан идээгээ боловсруулах, сур элдэх, малын тоног хэрэгслээ засаж сэлбэх ажлууд явж л байна. Өдрийн хэрд тогоо дүүрэн гурилтай хоол бэлэн болж гэр бүлээрээ ширээгээ тойрч суугаад хооллоно. Зуны улиралд мах хурдан муудах тул хурдхан борцлоод авна. Борцтой хоол ч сайхан шүү дээ.
- Үдээс хойш өнөөх ажлууд мөн л үргэлжилнэ. Хажуугаар нь хонио эргүүлэх, услах ажил байнга сэтгэл зовоогоостой.
- Мөн сум орох, хажуу хот айлруу очих гэх мэт гадагшаа хийх ажлууддаа моцийклоороо давхиад байна. /Хужаа моцийкол л их олон болж билээ. Нөгөө сайхан Планет-ууд цөөхөн харагдана./
Орой нар жаргахаас өмнө ишиг ялгах, морьдоо тавих, үнээгээ саах, унага, туглаа тавих гэх мэт олон ажлуудыг амжуулна. Хамгийн төвөг ихтэй олон хүн шаардсан ажил нь адтай муусайн ишигнүүдийг ялгах.
За тэгээд л оройн хоолоо мөн л халуун ам бүлээрээ иднэ. Оройн наранд сунан уртаас урт болсон гэрийн сүүдэр бараадан хоолоо идэцгээж байхдаа өнөөдрийн болсон үйл явдлуудыг хөөрөлдөн зарим нэгнээ зэмлэх, магтахаас гадна хөгтэй явдлуудаа ярин биенээ шоолон хөхрөлдөх нь хамгийн аз жаргалтай мөч гэлтэй.
Унтахын өмнө өнөөдрийн саасан саамаа хийн айраг бүлэх ажил эхэлнэ. Орой сайн бүлсэн айраг л өглөө шуугиж угтах тул хэн хүнгүй ээлжлэн бүлцгээнэ. Энэ хооронд Араажваа асаан эх орондоо болон дэлхийд болсон үйл явдлын сонинг сонсож амжина. Гэрийн хойморт асах зулын бүдэгхэн гэрэл бөхтөл гэрт, гадаа хэвтээ хүмүүсийн дүнгэнэлдэн ярилцах нь сонсогдсоор нойрондоо автан унтдаг билээ.
Тэгэхдээ бас байнга л ажил хийгээд байдаг юм байна гэж бодож болохгүй. Зайгаар нь шагай, хөзөр, шатар, даалуу тоглох. Барилдах, уралдах, найрлах, дуулах байж л байгаа шүү.
Хоёр нарны хооронд үргэлжлэх малчин өрхийн энгийн нэг өдөр иймэрхүү л өрнөнө дөө.
Үнэхээр сэтгэл зовох, стесст орох зүйл багатай амьдрал шүү. Хамгийн их санаа зовоох асуудал нь байгальтай холбоотой байдаг. Хур тунадас, ган, зуд, өвс ногоо, гол ус юм даа. Түүнээс бидэн шиг дуу чимээ, хэрүүл уруул, үнийн өсөлт, ажлын ачаалал, харилцагч, хэрэглэгчийн харьцаа гэх мэт стрессүүд байхгүй сайхан юм. Хэд хоног компүүчир, тэлвийзнээс холдож муу нүд минь сайхан амарсан байхаа.
Хэрэв алдаж, умартан зарим чухал ажлуудыг орхигдуулсан бол уншигч олон минь нэмээд доор биччихээрэй. 2008 Sep 17
Монгол малчин айлын зуны нэг өдөр | ||
Үзсэн: 13396 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.