Шууд Chart

Засгийн газрын гишүүнийг томилох тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонслоо

2020-07-08 16:19:28

Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн (2020.07.08) нэгдсэн хуралдаан 44 гишүүний ирцтэйгээр 10.00 цагт эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов.

Эхлээд Засгийн газрын гишүүнийг томилох тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонслоо. Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газрын гишүүдээр дараах хүмүүсийг томилохоор Улсын Их Хуралд танилцуулсан.

  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ,
  • Шадар сайдад УИХ-ын гишүүн асан Я.Содбаатар,
  • Эрчим хүчний сайдад Багануур хотын захирагч асан Н.Тавинбэх,
  • БШУ-ны сайдад БСШУС-ын яамны төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн,
  • Сангийн сайдад УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар,
  • Зам тээврийн хөгжлийн сайдад тус яамны дэд сайд Л.Халтар,
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга З.Мэндсайхан,
  • Соёлын сайдад ШУА-ийн Түүх, архелогийн хүрээлэнгийн захирал С.Чулуун,
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл,
  • Эрүүл мэндийн сайдад Улсын нэгдүгээр эмнэлгийн захирал Т.Мөнхсайхан
  • Барилга хот байгуулалтын сайдад тус яамны дэд сайд Б.Мөнхбаатар,
  • Батлан хамгаалахын сайдад тус яамны газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр,
  • Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүүн Х.Нямбаатар,
  • Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа,
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад “Монголросцветмент” компанийн дэд дарга Г.Ёндон,
  • Гадаад харилцааны сайдад УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Н.Энхтайван

Танилцуулгынхаа төгсгөлд Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Дэлхий нийтийг хамарсан аюулт өвчин, цар тахал, түүнээс улбаалсан нийгэм, эдийн засгийн хүндрэл, давагдашгүй хүчин зүйлүүд, ирэх 4 жилд төлөгдөх  бондын өр болон бусад шийдлээ хүлээсэн олон арван асуудал, хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэж ажиллах, улс орныхоо эдийн засгийг хөл дээр нь босгох, Засгийн газраас дэвшүүлсэн зорилт, арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Засгийн газрын гишүүд хүчин чармайлт гарган ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүд Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүнээр томилогдох хүмүүсээс асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, гадаад улсад байгаа, эргэн ирэх хүсэлт гаргаад буй иргэдээ татан авах, тэр дундаа оюутнуудын асуудалд онцгой анхаарах шаардлагын талаар хэлж, яаралтай холбогдох арга хэмжээ авахыг хэллээ. Ц.Мөнх-Оргил гишүүн хэрэглээний татварыг ялгамжтай тогтоон өөрчлөх, тансаг хэрэглээний тэлэлтээс үүдэн энэ төрлийн татварыг олон улсын жишигт нийцүүлэх, татварын тогтолцоогоор ажлын байрыг нэмэгдүүлэхийг дэмжих саналыг гаргасан. О.Цогтгэрэл гишүүн импорт, экспортын бараа бүтээгдэхүүнд татварын ялгамжтай бодлого хэрэгжүүлснээр дотоодын үйлдвэрлэлийг дэмжин, ажлын байрыг нэмэгдүүлэх боломж байгааг хэлж, тодорхой жишээ дурдсан юм.

2019 оны 03 дугаар сард татварын багц хуулийг шинэчлэсэн талаарх Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлсүх хэлж, өнгөрсөн хугацаанд татвартай холбоотой үүсч байсан олон асуудлыг засаж залруулах, ололт дэвшилтийг бататгах зохицуулалт бүхий эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилт тавин ажилласан гэлээ. Энэ хүрээнд олон янзаар тайлбарлах шаардлагагүй, энгийн байх нь оновчтой гэдэг зарчмыг баримталсан гэлээ. Түүнчлэн татвар, гаалийн байцаагч нарын үйл ажиллагааг цахимжуулах чиглэлд анхаарал хандуулан, техник технологийн нөхцөлийг сайжруулаад байгааг дуулгав.

Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Б.Жавхлан  нар Дарханы замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, хамгийн богино хугацаанд дуусгах, холбогдолтой мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод хүргэж байх шаардлагын талаар хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, С.Чинзориг, Ж.Мөнхбат, Ж.Сүхбаатар, М.Оюунчимэг, Ц.Туваан, Б.Бат-Эрдэнэ, Б.Энхбаяр, Б.Баттөмөр нар үг хэлж, шинээр томилогдох сайд нарт хандан Засгийн газрын үйл ажиллагааны талаар зарим санал хэллээ. Б.Энхбаяр гишүүн хуулийн хулгайг хуулиар таслан зогсоох, хөгжил дэвшил, эдийн засгаа хуулиар дэмжих бодлогыг хэрэгжүүлэх, Улсын Их Хурлаас баталсан бодлогын баримт бичиг, шийдвэрийг салбарын яамд хэрэгжүүлэхгүй явж ирсэн баримтуудыг дурдсан.

Нийгмийн бүхий л харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжуудын хариуцлагатай холбоотой заалтуудыг төрөлжүүлэн нэгтгэсэн Зөрчлийн тухай хууль хэрэгжээд гурван жилийн нүүрийг үзэж байгаа гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар хариултынхаа үеэр дурдав. Энэ хугацаанд нийгмийн харилцааны зөрчил гаргасан бүх иргэн энэ хуулиар хариуцлага хүлээж, энэ хуулийг буруутгаж байгаа, нөгөөтэйгүүр хуульд сануулах, албан шаардлага хүргүүлэх зохицуулалтыг тусгаагүйгээс шууд хариуцлагын арга хэмжээг авч байгаа болохыг тэрбээр тайлбарлав. Жилд дунджаар 1-2 сая зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэсэн дүн мэдээллийг мөн дурдсан. Зөрчлийн тухай хуулийг шинэчлэн найруулах ажлыг гүйцэтгэж байгааг мөн мэдээлсэн. Цаашид нийтийн эрх зүйн салбарт хийгдсэн шинэчлэлийг боловсронгуй болгох, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, “Эрх зүйн шинэтгэл”-ийг дүгнэж, энэ чиглэлээр хоёр дахь бодлогын баримт бичгийг боловсруулах шаардлага бий гэдгийг Улсын Их  Хурлын гишүүн Х.Нямбаатар гишүүдийн асуултад хариулах үеэрээ хэлж байв.

Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, Г.Мөнхцэцэг, Н.Учрал нар Боловсрол, шинжлэх ухааны сайдаар томилогдохоор танилцуулсан Л.Цэдэвсүрэнд хандан бүх нийтээрээ боловсролын шинэчлэлийг анхаарал тавин хүлээж байгааг санууллаа. Сүүлийн 20 жилд ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрийг дөрвөнтөө өөрчлөхдөө дандаа орчуулгын хувилбарыг ашигласан гэдгийг дурдаад боловсролын хөтөлбөрийн шинэчлэхдээ Аж үйлдвэрийн IV хувьсгалд өрсөлдөх чадвартай монгол иргэнийг бэлтгэхэд анхаарах ёстойг онцлов. Мөн багш нарын чадвар, хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, хот хөдөөгийн боловсролын ялгааг арилгах, их дээд сургуулийн засаглалын асуудлыг олон улсын түвшинд нийцүүлэх зэрэг асуудлыг анхаарч ажиллах шаардлагыг хэлсэн. Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа боловрол, соёлын салбарын хамтын ажиллагааны талаар шүүмжлэл хэлж, цаашид үр дүнтэй хамтран ажиллагааны талаар санал хэллээ.

Түүнчлэн гишүүд атрын IV аяны хүрээнд усалгааны асуудлыг онцгой анхаарах, хүнсний дотоодын хэрэглээгээ 100 хувь хангах чиглэлд холбогдох салбарууд нягт хамтарч үйл ажиллагаагаа чиглүүлэх, бэлчээр газар нутгийн маргаан, сумдын хилийн цэсийн асуудлыг салбарын яам анхаарч, шийдвэрлэх, орон нутаг дахь лицензийн асуудлыг нягталж, шийдвэрлэх гэх зэрэг асуудлыг хөндөж байв. Мөн аялал жуулчлалыг хөгжүүлж, жилд 1 сая жуулчин хүлээн авах зорилтоо хэрэгжүүлэх чиглэлд анхаарах, соёлын салбарыг төрөөс бодлогоор дэмжих, цалин тэтгэвэр, тэтгэмжийг инфляцитай уялдуулан нэмэгдүүлэх, тэтгэврийн тогтолцооны шинэчлэл хийх, эрүүл мэндийн чанартай үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, гүйцэтгэх засаглалын тогтвортой байдлыг хангах гэх зэрэг асуудлаар байр сууриа илэрхийлж, санал хэлж байв. Хуралдааны үеэр гишүүд төрийн албаны туршлагатай, шат дамжин салбартаа мерит зарчмаар дэвшиж ажилласан чадварлаг, залуу, сайн менежерүүдээр танхимаа бүрдүүлж буйд талархалтай хандаж буйгаа тэмдэглэж байсан юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 3.1 дэх хэсэг “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн заалт амилж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу ард түмэн анх удаа Ерөнхий сайдаа шууд бусаар сонгосон гэдгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэмдэглэн хэлэв. Мөн тэрбээр Ерөнхий сайд ард түмэнд амалсан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд танхимаа өөрөө бүрдүүлснээр Засгийн газрын гишүүд-сайд нар томилогдож байгааг онцоллоо. Улсын Их Хурлын томилгоо, төсвийн эрх мэдэл хязгаарлагдан, гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаанд хэт их оролцдог байдлыг цэгцэлж, эрх мэдлийн хяналт, тэнцлийг хангасан зарчим хэрэгжиж буйг дурдсан. Энэхүү өөрчлөлт нь улс төрийн намуудын хөгжил, төлөвшилд зохих хувь нэмэр оруулах боломж бүрдэж буйг хэлэв.

Нөгөөтэйгүүр Улсын Их Хурлын хянан шалгах эрх мэдэл нэмэгдэж буйг хэлж, дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Улсын Их Хурал, Улсын Их Хурлын цөөнхийн хяналт шалгалтын дор үйл ажиллагаа явуулна гэдгээ санаж өндөр хариуцлагатай ажиллахыг Засгийн газрын шинээр томилогдох гишүүдэд захиж хэллээ. Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд У.Хүрэлсүх анх удаа Засгийн газрын тэргүүн танхимаа өөрөө бүрдүүлэн ажиллах боломж бүрдэж буйг онцлоод хууль тогтоомжийн хүрээнд Улсын Их Хурал, Засгийн газар хамтран ажиллах боломж бүрдэж байгааг дурдсан. Шинээр томилогдох сайд нартаа улс орны язгуур эрх ашгийг дээдлэн, ард иргэдийн нийтлэг эрх ашгийн төлөө чин шударгаар, хууль дээдлэх зарчмын хүрээнд ажиллахыг Засгийн газрын тэргүүний хувиар хүслээ.


Засгийн газрын гишүүнийг томилох тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонслоо  
Үзсэн: 662 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй