Шууд Chart

Дотоод хэргийн их сургуульд хүний эрхийн хичээлийг түлхүү оруулна

2020-08-20 17:35:17

Хүний эрхийн үндэсний комисс Дотоод хэргийн их сургуультай хамтран тус сургуульд бэлтгэгдэж буй цагдаа, шүүхийн шийдвэр, удирдлагын сургууль, онцгой байдал, хил хамгаалах байгууллагын албан хаагчдын хүний эрхийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхэд суурилсан хандлагаар үйл ажиллагаа явуулах чадавхыг бэхжүүлэх чиглэлээр ажилладаг.

Энэ хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг, Дотоод хэргийн их сургуулийн захирал, цагдаагийн хурандаа П.Батбаатар нар энэ сарын 19-нд ажил хэргийн уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар Дотоод хэргийн их сургуульд шинээр байгуулж буй номын сангийн цогцолборт хүний эрхийн номын хэсэгтэй болох, ХЭҮК-ын цахим номын санг тус сургуулийн эрдэмтэн багш нар, судлаач, сонсогчдод хүртээмжтэй болгох зэрэг чиглэлээр хамтран ажиллах санал солилцов.

Өмнө нь Хүний эрхийн үндэсний комиссоос байгуулж өгсөн “Хүний эрхийн кабинет”-ыг үр дүнтэй ажиллуулах, тус сургуулийн магистр, докторантурын сургалтын эрдэм шинжилгээ, судалгааны хөтөлбөрт хүний эрхийн сэдвийг тэргүүлэх чиглэл болгон тусгах, бакалаврын түвшний сургалтад “Эрүү шүүлтээс ангид байх эрх”, “Халдашгүй дархан байдал ба хүний эрх” сэдэвт хичээлийг сонгон судлах, мэргэшүүлэх чиглэлээр оруулах талаар ч ярилцаж тохирчээ.

Түүнчлэн хамтын ажиллагааны төлөвлөгөө хэрэгжсэнээр хүний эрхийн хамгаалагчдын тоонд зүй ёсоор багтдаг хууль, эрх зүйн салбарын шинэ боловсон хүчин хүний эрхэд суурилсан хандлагаар төлөвшиж, бэлтгэгдэх, улмаар үйл ажиллагаандаа хүний эрхийн зарчмуудыг баримтлан ажиллах, хүний эрхийн мэдрэмжтэй боловсон хүчин бэлтгэгдэж гаргахад үр дүнгээ чиглүүлж ажиллахаар болжээ. .


Дотоод хэргийн их сургуульд хүний эрхийн хичээлийг түлхүү оруулна  
Үзсэн: 585 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй